Та хеликобактери тээгч юм биш биз

0
69

Манай улс ходоодны хорт хавдараар нас барагчдын хувиар дэлхийд хоердугаарт жагсдаг. Жилд дэлхий дээр ойролцоогоор 700 мянган хүн ходоодны хавдараар нас бардаг бөгөөд энэ хавдраар таван жилийн дараа амьд vлдсэн байх магадлал 15 хувиас бага байх үзүүлэлтийг тооцож гаргасан нь бий. Үүнд удамшил, орчин, хооллолтын хэв маяг, нас, хvйс, цусны бүлэг, ходоодны шархлаа гэх мэт олон зүйлс нөлөөлдөг аж. Гэхдээ эдгээрийн дотроос ходоодны хорт хавдар нь хеликобактертай нягт холбоотой нь батлагджээ.

Хеликобактерын хэмжээ ихтэй бол 10 жилийн дотор хавдар болох магадлал 75 хувь, харин хэмжээ нь бага бол хавдар болох магадлал 0.3 хувь хэмээн эрдэмтэд тогтоосон байна. Тvvнчлэн хеликобактертай хүн хорт хавдар тусвал халдварлаагүй хүнээс дунджаар 6-8 дахин богино хугацаанд нас бардаг болох нь ажиглагджээ. Иймээс ходоодон дахь хеликобактераа устгаж чадвал хорт хавдар болох магадлал 0.3 хувь байх болно. Иймээс даваа гараг бүрт хүрдэг энэ удаагийнхаа буланд хелико бактерын талаар уншигч танд хүргэж байна.

Хеликобактери гэж юу вэ?

Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
Хоол боловсруулах ферментүүд болон давсны хүчил агуулсан ходоодны шүүс нь хоол тэжээлийг боловсруулахаас гадна хоол боловсруулах замд орж ирсэн нянг устгадаг. Харин ходоодыг дотор талаас нь бүрхэж байдаг ходоодны салст бүрхүүл нь тэрхүү хүчиллэг шүүсээс ходоодны ханыг хамгаална.

Хеликобактери нь энэ салст дотор хоргодон амьдарч чаддагаараа ходоодны шүүснээс хамгаалагддаг байна. Ходоодны салст бүрхүүлд тухлан суусан нян уреаза хэмээх фермент ялгаруулна. Энэ нь ходоодны хүчлийг саармагжуулж хеликобактерын амьдрах таатай орчныг бүрдүүлж өгдөг байна. Бие махбодийн хамгаалах тогтолцоо түүний эсрэг бие ялгаруулан ажиллаж эхлэх боловч ходоодны салст дотор нуугдаж амжсан хеликобактерыг устгаж чаддаггүй.

Хеликобактери ходоодны салстыг гэмтээдэг олон төрлийн хор ялгаруулснаар бие махбодийн хамгаалах эсүүдийг ходоодны салст бүрхүүл дээр дуудан авчирдаг. Хамгаалах эсүүдээс нянг устгах бодис ялгарах боловч тэр нь нянгаас гадна ходоодны салст бүрхүүлийг хайлуулж гэмтээдэг. Ийнхүү ходоодны хамгаалах бүрхүүл гэмтсэнээр үрэвсэл, шарх цаашилбал хавдар үүсдэг. Хеликобактерын хор уршиг нь хеликобактери хоол боловсруулах замаар халдварлан орж ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэдэгт оршино. Ходоод, 12 хуруу гэдэсний шархлааны 70 хувь нь хеликобактерын шалтгаантай байдаг.

Өндөр хөгжилтэй Америкт ойролцоогоор 25 сая хүн ходоод гэдэсний шархлаа өвчинтэй гэж судлаачид тооцсон байна. Жил бүр 500,000- 850,000 шинэ тохиолдол бүртгэгдэж, нэг сая гаруй хүн энэхүү өвчний улмаас эмнэлэгт хэвтэн эмчлүүлдэг байна.

Хэрхэн хамгаалах вэ

Ходоодны шархлааны гол шалтгаан нь ходоодны хүчил ихсэх болон буруу хооллолт гэж үзсээр иржээ. Зүй нь хеликобактери нь жоомтой төстэй, жижиг сахалтай, ходоодны асар хүчиллэг орчинд амьдрах чадвартай, хүний биед маш их хор хөнөөлтэй шимэгч гэдгийг тогтоожээ. Иймээс гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно. Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал, улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрын дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг.

Хеликобактер хэрхэн халдварладаг вэ?

Хеликобактери нь халдварлагдсан хүний шүлсэнд хадгалагдаж, халдварлагдсан хоол хүнсээр дамжин халддаг. Тэгэхээр ходоод 12 хуруу гэдэсний шарх нь халдвартай өвчин юм. Хэрэв гэр бүлд нэг л ходоодны шархлаатай хүн байгаа бол тэр гэр бүлийн бүх гишүүдийг эмчлэх шаардлагатай. Хөгжиж буй орнуудад 20 хүртэл настнуудын 75 хувь хүртэл, 20-иос дээш настнуудын 90 хувь хүртэл халдвар авсан байна гэж үздэг. Харин АНУ, Австрали, Япон гэх мэт хөгжингүй орнуудын хувьд гэвэл нэг удаагийн аяга, таваг, халбагыг өргөн хэрэглэдэгтэй холбоотой 40 дээш настнуудын 20 хувь, 60-аас дээш настнуудын 50 хувь нь халдварлагдсан байдаг байна. Гэвч халдвар авсан хүн болгон ходоодны шарханд өртөхгүй байж болно.

Гэхдээ халдварлахгүй байх боломжтой. Үүний тулд халдварладаг замыг мэддэг байхад л хангалттай. Өвчтэй хүнтэй ойр дотно байснаас, өвчтэй хүний гулгидас, шүлстэй холилдсоноос халдварладаг учир бие зассаны дараа, юм идэхийн өмнө гараа угааж занших хэрэгтэй.

Хеликобактерийн хор уршиг

Хеликобактер мушгиа хэлбэрийн сахлаараа ходоодны салст бүрхүүлийг өрөмдөн, ходоодны доторхи ханыг хамгаалагч салслаг бүрхүүл үүсгэдэг эсийг гэмтээдэг. Ингэснээр ходоодны ханыг ходоодны хүчлээс хамгаалдаг салслаг бүрхүүл үгүй болж, ходоодны хүчил, бактерийн ялгаруулж буй шүүрлийн нөлөөгөөр ходоодны доторхи хананд үрэвсэл үүсч дараа нь шархалдаг ажээ. Иймд хеликобактер нь ходоодны улаалт, шарх, архаг үрэвсэл, ходоодны хавдарыг үүсгэдэг байна.

Хеликобактертай хүнд ямар шинж тэмдэг илрэх вэ

Хэвлийгээр цанхайна. Энэ нь ихэнхдээ хэдэн долоо хоногоор алга болж, эргэж мэдрэгдэнэ. Шөнө дундын үед, ходоод хоосон үед илүү мэдрэгдэнэ. Юм идэхэд арилна. Мөн ходоодны хүчил ялгаруулалтын эсрэг антацид эмүүд уухад арилна. Доорхи бусад шинжүүд илэрнэ. Үүнд:
–Жин буурах
– Хэвлий орчимд өвдөх
– Цээж гашуун оргих
– Цээж хорсох
– Хоолны дуршил буурах
– Дотор муухай оргих
– Бөөлжих
– Ходоод орчимд хүндрэх
– Амнаас эвгүй үнэр үнэртэх.

Зарим хүнд дээрхи шинжүүд тод илрэхгүй, огт илрэхгүй ч байх ч тохиолдол бий.

Хэрэв таньд дараах шинж илэрвэл:
-Ходоод орчмоор хүчтэй сүлбэж өвдөх
-Өтгөн бараан хар өнгөтэй,цусархаг зүйл үзэгдэх
-Кофений шаар мэт эсвэл цусархаг зүйлээр бөөлжих
зэрэг шинж тэмдэг илэрвэл нь ходоодны шархнаас цус алдах буюу ходоод цооролтын шинж байх өндөр магадлалтай байдаг тул эмчид яаралтай хандах хэрэгтэй.

Хэрхэн оношлох вэ

Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчүүлэх шаардлагатай. Хеликобактерыг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна. Хеликобактерын ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.

Хамгийн гол нь эмчилгээний үр дүн ихэнхи тохиолдолд сайн байдаг. Өөрөөр хэлбэл, энэ бол бүрэн эдгэрдэг өвчин юм. Хеликобактери пилори нянг дэлхийн гурван хүн тутмын нэг нь тээж явдаг. Тэгэхээр та тэрхүү гурван хүн тутмын нэг нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлуулаарай.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!