ЦАХИЛГААН, ДУЛААН, УС, ХОГНЫ ТӨЛБӨРИЙГ ТӨР ТӨЛНӨ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдөр боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон холбогдох сайд нар мэдээлэл өгөв.

Бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг төр төлнө

Улсын хэмжээнд бүх айл өрх, зарим аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус, хогны төлбөрийг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл төр бүрэн хариуцахаар боллоо. 100 м.кв-аас доош талбайтай орон сууцны айл өрхийн дулааны төлбөрийг тэглэж байна. Өөрөөр хэлбэл тухайн айл өрх 120 м.кв талбайтай байранд амьдардаг бол 20 м.кв талбайд ногдох дулааны мөнгөө л төлнө. 

–       Төсөвт байгууллага

–       Төрийн болон орон нутгийн өмчит, түүний оролцоотой хуулийн этгээд

–       Уул уурхайн олборлох, боловсруулах үйлдвэр

–       Банк, банк бус санхүүгийн байгууллага

–       Крипто валюттай холбогдох үйл ажиллагаа эрхлэгч

–       Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх, импортлох, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Интернэт, үүрэн холбооны үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Согтууруулах ундаа, тамхи үйлдвэрлэх тусгай зөвшөөрөл эзэмшигч

–       Өнгөт металл болон хар төмөрлөг, цементийн үйлдвэр төлбөрөөс чөлөөлөгдөхгүй.

Төлбөр тэглэсэнтэй холбогдуулан 650 тэрбум төгрөгийг “Эрдэнэт үйлдвэр” төрийн өмчит үйлдвэрийн газар гаргах юм. 2021 оны 07 дугаар сарын 01 хүртэл:

–       Гэр хорооллын айл өрх дунджаар 240-530 мянган төгрөгийн цахилгааны

–       Орон сууцны айл өрх талбайн хэмжээнээс хамаарч 560 мянгаас 1,1 сая 

–       Жижиг, дунд аж ахуйн нэгж 7-30 сая 

–       Томоохон аж ахуйн нэгж 500 саяас 1,4 тэрбум төгрөгийн цахилгаан, дулааны мөнгө хэмнэх тооцоо гарчээ.   

“Засгийн газар аж ахуйн нэгжүүдийг дэмжиж байгаагийн хэрээр аж ахуйн нэгжүүд ажлын байраа хадгалж, бараа бүтээгдэхүүн, үйлчилгээнийхээ үнийг нэмэхгүй байх ёстой. Даваа гарагаас өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжинэ. Одоо халдвар авахгүй, тархаахгүй байх нь иргэн бүрийн ухамсар, үүрэг, хариуцлагаас хамаарна. Төр засаг, аж ахуйн нэгж, иргэд хамтдаа цар тахлын үеийг давж гарахын төлөө зүтгэе” гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэллээ.

Товч мэдээ

–       Нэг тн сайжруулсан шахмал түлшний үнийг өмнө нь 50 хувь бууруулсан байсныг 75 хувь болголоо. Ингэснээр иргэд нэг тн сайжруулсан шахмал түлшийг 37,500, нэг шуудайг нь 937 төгрөгөөр авах боломж бүрдлээ. Үнийн зөрүү болох 69 тэрбум төгрөгийг “Эрдэнэс Тавантолгой” компани гаргана.

–       Улсын хэмжээнд 14,3 мянган тн мах, 110 орчим мянган тн гурил,  1,5 мянган тн гурилан бүтээгдэхүүн, 8 мянган тн төрөл бүрийн будаа, 1,2 мянган тонн хуурай сүү, 1,4 сая ширхэг өндөг, 1,8 мянган тон ургамлын тос, 103 мянган тн төмс, 44 мянган тн хүнсний ногоо, 4,6 мянган тн элсэн чихрийн нөөцтэй байна. Ойрын өдрүүдэд импортоор орж ирэх бүтээгдэхүүний тоо, хэмжээ зэргийг нэмж тооцвол хангамж, нөөц тогтвортой гэсэн үг юм.

Орчуулах »