Ц.Цогзолмаа: Хүн нэмж чадахгүй бол 50 хүртлэх нэмэгдлийг нь өгөх хатуу шаардлага тавина

0
123

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаагийн ярилцлагыг хүргэж байна.

УИХ-д анх удаа сонгогдсон түшээ хүн. Намрын чуулганы хугацаанд олон ч ажлын хэсэг дээр ажиллаж байгаа харагдсан. Хэдийгээр богино хугацаа ч хэр сайн ажилласан гэж дүгнэж байна вэ?

Намрын чуулган миний хувьд анхны чуулган байлаа. Парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдтэйгээ хамран гэр бүл, эмэгтэйчүүд, хүүхэд гээд нийгмийн бүлэг рүү чиглэсэн багц хуулийн ажлын хэсгүүдэд идэвхтэй орж ажилласан. Тухайлбал, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийг батлахад ажлын хэсгийн гишүүнээр ажиллалаа. Мөн Тэтгэвэр тэтгэмжийн тухай багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсэгт орж багтаж ажилласан. МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөр болох “Цалинтай ээж” хөтөлбөрийг хууль болгож гаргахад мөн оролцсон. Эмэгтэйчүүдэд нийгмийн даатгалын шимтгэлийг хэрхэн тооцож олгох тал дээр анхаарал хандуулж ажилласан гэхэд болно. Ер нь нийгмийн чиглэлийн салбарын хуулиуд дээр нэлээн сайн ажилласан гэж бодож байна.

Чуулганы завсарлагааны хугацаанд тойргийнхоо иргэдтэй уулзахын зэрэгцээ хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сурах орчинтой танилцах ажлын хэсэгт багтсан байсан. Хаврын чуулганаар эмэгтэй гишүүдийн түлхүүрдэх хууль нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэд рүү чиглэсэн байх бололтой. Тийм үү?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчин, сурах бичгийн хангамж, дагалдах сургалтын хэрэглэгдэхүүнүүд хүртээмжтэй газар дээр нь танилцлаа. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бүхэн цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадаж байна уу, тэднийг асарч байгаа ээжүүд, гэр бүлийн нөхцөл байдал ямар байна гэдэгт анхаарлаа хандуулан ажилласан. Тусгай хэрэгцээ шаардаж байгаа буюу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд Монгол Улсад ялангуяа нийслэл хотод жилээс жилд нэмэгдэх хандлагатай байна.

Нэмэгдэж байгаагийн шалтгаан нөхцөлийг судалж үзэв үү?

Нэмэгдэж байгаа шалтгаан нь мэдээж архидалт. Архинаас үүдэлтэй төрөлтийн асуудал. Мөн төрөхөөс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй болсон хүүхдүүд нэмэгдсэн талаар судалгаа гарсан байна. Тун харамсалтай.

Төрөх эмнэлгүүд ачааллаа дийлэхээ больж, амаржиж байгаа эх, хүүхдэд анхаарал тавьж чаддаггүйтэй холбоотой гэж эмч нар хэлдэг?

Төрөх эмнэлгүүдийн ачаалал хэт их. Үүнээс болж хүндрэл бий болж байна. Дээр үед бидний ээжүүд төрөхөөс өмнө 2 хоног эмнэлэгт хэвтэж, эмчилгээнд ордог байлаа. Мөн амаржсаныхаа дараа эмнэлэгт сувилуулж, ээж, хүүхэд хоёр эмчийн хяналтад хэд хоног байв. Гэтэл өнөөдөр ачааллаа дийлэхгүйгээс болж, ээжид нь  анхаарлаа тавьж чадахаа больсон. Хүүхэд төрлөө хүй нь цөглөлөө л бол шууд эмнэлэгээс гаргаж байна. Хүүхдийн төрсний дараах хяналтыг тавих ямар ч боломжгүй. Үүнээс үүдэн эрүүл төрсөн хүүхэд өвчин, эмгэг тусч, насан туршийн хөгжлийн бэрхшээлтэй болох тохиолдол ч бий. Тэр ч бүү хэл, нярайн шарлалтаас шалтгаалсан тархины саажилттай болсон бодит тохиолдол ч их.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчин үе үе хөндөгдөх нь бий. Улстөрчид тэднээр шоудаж, оноо цуглуулах үе ч бий. Гэхдээ таныг хэлсэн юм биш. Тиймээс нөхцөл байдалтай танилцсаны дараах бодит үр дүн тэдгээр хүүхдүүдэд ч, тэдэнд сургалт явуулж байгаа сургуулийнханд ч хэрэгтэй байдаг?

Ажлын хэсгийнхэн 61, 73, 70, 25, 16 дугаар сургуулийн нөхцөл байдалтай газар нь дээр нь очиж танилцсан. Тэгэхэд сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинг сайжруулах шаардлагатай байна. Ялангуяа харааны бэрхшээлтэй хүүхдүүд баррель номны хэрэгцээ шаардлага их. Гэтэл тэдэнд хуучирсан цөөхөн хэдэн ном л сургууль дээр нь байна. Хуучирж, элэгдээд бараг тэмтрэгдэхээ больсон ном дээр хүүхдүүд ажиллаж байна. Монгол Улсын төр гэж байгаа л бол тэдгээр хүүхэд бусдын дил суралцах эрхээр хангагдах ёстой. Сургуулиудын үйл ажиллагаатай танилцахаас гадна байнгын хорооноос тухайн сургуулиудын баг, бүрэлдэхүүн, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн эцэг эх, энэ чиглэлийн төрийн бус байгууллагууд, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг оролцуулан өргөтгөсөн хуралдаан хийж, асуудлыг тал бүрээс нь хэлэлцсэн.

Аливаа асуудлыг ярихаар хөрөнгө гээд гацчихдаг. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн сургалтын орчинтой танилцаж явахад ч энэ асуудал хамгийн хурцаа тавигдсан. Мөнгөгүйгээс болж сургалтын материалаа авч чаддаггүй гэхчлэн. Хаврын чуулганаар хэлэлцэх төсвийн тодотголд энэ чиглэлийн хөрөнгө тусгах боломж бий юу. Энэ талаар Сангийн сайдтай ярилцсан уу?

Энэ удаагийн төсвийн тодотгол, дараа дараагийн төсвөөр боловсролын салбарт, тэр дундаа тусгай хэрэгцээ шаардлагатай энэ хүүхдүүдийн сурах бичиг дагалдах хэрэгсэл, бусад шаардлагатай буюу сонсголын аппарат зэрэг асуудлыг аль болох тусгаж шийдвэрлэнэ. Яг үнэнийг хэлэхэд энэ бүхэн нь байхгүйгээс өнөөдөр хэрэглэж байгаа ном сурах бичиг нь нүд халтирам. Олон улсын байгууллагуудын хандив тусламжаар ирсэн, товчхондоо, гадны хүмүүс хэрэглэхээ больсон зүйлүүдийг манай хүүхдүүд хэрэглэж байна шүү дээ. Иймээс зайлшгүй анхаарлаа хандуулж, асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй.

Уг нь төрөөс дэмжих хууль эрх зүйн орчин боловсронгуй болоод гарчихсан шүү дээ. Харамсалтай нь хуулийн хэрэгжилт байхгүй. Нөгөө л цаасан дээрх сайхан үлгэр амьдрал дээр хэрэгжихгүй байгаагийн илрэл энэ бус уу?

Хуулиуд батлагдаад гарсан. Тэр ч бүү хэл, 2015 онд Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуулийг шинээр баталсан. Гэвч шинэхэн хуулийн хэрэгжилтэд анхаарал хандуулахгүй бол горьгүй нь. Хоёрдугаарт, хуульд ерөнхий зүйл их. Одоо илүү нарийвчилсан заалтууд чухал байна. Өөрөөр хэлбэл, хөгжлийн бэрхшээлтэй гэдгээ эмчээр оношлуулсан бол хэдий хугацаанд очиж эмчийн хяналтад орох, хаана бүртгүүлэхээс гадна сургууль, цэцэрлэгт ямар байдлаар хамрагдах гээд тэр бүх зүйлийг нарийвчлах шаардлагатай. Иймээс эмэгтэй гишүүд энэ хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар ярилцаж байна.

Төр хууль эрх зүйн орчныг нь гаргачихлаа. Тэгэхээр хуулийн хэрэгжилтэд эхлээд анхаарлаа хандуулах ёстой юм биш үү. Төр бүх зүйлд оролцох нь бэлэнчлэх сэтгэлгээг өгдөг гортой. Нөгөөтэйгүүр, муу бол хойд уулын хар овоохой гэгчээр төр бүхний буруутан болдог жишиг Монголд бий боллоо шүү дээ?

Мэдээж төрөөс бүх зүйлийг хараад байж болохгүй. Нөгөөтэйгүүр, эдийн засгийн хямралтай хүнд үед хөрөнгийг нь шийдсэн ч аливаа асуудал өргөс авсан юм шиг шийдэгдэхгүй. Гэхдээ наад зах нь сургуулийн захирлын санаачилга чухал байна. Тухайн захирал багш нартайгаа хамтраад гарын доорх материал ашиглаад хийчих боломжууд бий.

Жишээ нь..?

Жишээлбэл, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдэд олон улсын байгууллагаас хандив тусламжаар өгсөн баррелийн хэвлэх машин байгаа юм. Гэтэл нөгөө машин нь эвдэрчихсэн гээд сууж байх. Тийм санаачилгагүй. Баррель бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн нэн тэргүүний хэрэгцээт шаардлага. Гэтэл эвдэрчихсэн гээд сууж байхын оронд засварчин хайж, сураад янзалж болно оо доо. Иймээс ажил хариуцаж байгаа хүмүүсийн хариуцлагыг дээшлүүлэх талаар ярих шаардлага ч байгаа юм.

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин, хангамжийн асуудал ч давхар хөндөгддөг. Тэдний нийгмийн хангамжийн асуудал ч хууль тусгагдах болов уу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй ажилладаг багш нарын цалин хангамжийн асуудал үнэхээр хүнд. Тэд үндсэн цалин дээрээ 20 хувийн нэмэгдэл авдаг. Уг нь хуульд 50 хүртлэх хувийн нэмэгдлийг олгохоор заасан. Харамсалтай нь, төсвийн ерөнхийлөн захирагч нь хэрэгжүүлдэггүй. Багш асрагчийн бодит байдал маш хүнд. Тухайлбал, саажилттай хүүхдүүд энд тэнд орилж, унаж, шүлс нь гоожиход ганц багш, асраг хангалтгүй байгаа нь харагдсан. Иймээс эмнэлгийн мэргэжилтнүүдийг оролцуулан бодит байдалд дүн шинжилгээ хийж, хэдэн хүүхдийн дунд нэг туслах багш байх ёстойг тогтоох.

Стандарт яривал бас л асуудал болно. Үнэндээ багш нэмж ажиллуулах боломж ч хомс биз дээ, бодит байдал дээр?

Хүн нэмж цалинжуулж чадахгүй бол 50 хүртлэх хувийнх нь цалинг нь нэмж өгөх хэрэгтэй гэдэг хатуу шаардлага тавина. Мөн сургуулийн нөхцөл байдалтай танилцаж байхад тэдгээр хүүхдүүдийн ээж, аавын нийгмийн асуудлыг ч хөндмөөр санагдсан. Өглөө хүүхдээ хүргэж ирээд өдөржин сургууль дээр нь өнжиж байна. Хүүхдээ тарахыг нь хүлээж суугаа нь тэр. Тарахаар нь аваад явна. Тэгэхгүй бол өдөрт хоёр, гурван удаа автобусаар нааш цааш яваад байх эдийн засгийн боломж хомс. Иймээс хүүхдээ өдөржин хүлээдэг.

Уг нь дотуур байраар энэ асуудлыг шийдэж болох?

Дотуур байрны хүрэлцээ байхгүй. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй гэр бүлийн нэг нь тэр дундаа ээж нь ажил хийх ямар ч боломжгүй юм. Хүүхэддээ хамаг цагаа зарцуулдаг. Хэдийгээр төрөөс хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг асран хамгаалж байгаа ээжүүдэд тэтгэвэр тэтгэмж болгож сард 60 гаруй мянган төгрөг өгч байгаа ч энэ мөнгө автобусандаа ч хүрэхгүй байна. Иймээс энэ мөнгийг нэмэгдүүлэх ямар боломж байна гэдгийг судалж, тооцоо гаргахыг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яаманд өгсөн. Энэ жил нөхцөл байдал хүнд байгаа учраас нэмж чадахгүй байх. Харин ирэх жилийнх дээр нэлээн тооцоо судалгаа хийж оруулахаар эмэгтэй гишүүд ажиллаж байна.

Хөгжлийн бэрхшээлтэй гээд ерөнхийд нь хэлээд байдаг. Та ч гэсэн сонсголын болон харааны бэрхшээлтэй хүүхдүүдийг хөгжлийн бэрхшээлтэй гэх ерөнхий үгэн дор тодорхойлж байна. Гэтэл харааны бэрхшээлтэй 16 дугаар дунд сургуулийн хүүхдүүд энэ зааг ялгааг илүү тодорхой болгож өгөхийг хүссэн. Улмаар хөдөлмөрийн чадвараа хэдэн хувь алдаж байгааг нь ч нарийвчилж зааж өгвөл тэдэнд ажлын байранд бусдын адил ажиллаж хөдөлмөрлөх боломж бий болно гэдгийг хэлж байсан юм. Ийм зохицуулалт байхгүйгээс тэд сонирхсон мэргэжлээрээ суралцаж төгссөн ч ажилгүй нэгэн болж үлддэг жишиг олныг дурьдсан?

Зорилтот бүлэг буюу хэнд ямар тусламж хэрэгтэй вэ гэдгээ шударгаар, мэргэжлийн өндөр түвшинд зааглаж ялгах шаардлагатай. Ерөнхийд нь хөгжлийн бэрхшээлтэй гэж яриад байх биш. Харааны бэрхшээлтэй хүүхдүүдээ яах юм, сонсголын бэрхшээлтэй хүүхдүүдийг хэрхэх үү, оюуны бэрхшээлтэй, тархины саажилттай хүүхдүүдэд тавих анхаарлыг олон улсын мөрдөж байгаа жишиг стандартад дөхүүлэх. Бүр ойртуулах, болж өгвөл олон улсын стандартыг барьж ажиллахын төлөө Монголын төр анхаарлаа хандуулах цаг болсон. Ганцхан жишээ дурьдахад, авакизм буюу ганцаардлын өвчин гэх үү. Маш хурц зочмог хэлбэрээр илэрдэг энэ өвчнөөр өвчилсөн хүүхэд Монголд 10 жилийн өмнө магадгүй таван жилийн өмнө огт байгаагүй. Гэтэл сүүлийн үед нийгмийн олон өөрчлөлтүүдтэй холбоотой ийм өвчтэй хүүхдүүд Монголд олон гарсан. Бидний мэдэхээр 10 гаруй хүүхэд энэ өвчнөөр оношлогдож. Энэ өвчнийг Монголын эмч нар оношилж чадахгүй. Иймээс тэдгээр хүүхдийн эцэг эх мөнгөө гаргаж, гадаадад оношлуулаад ирсэн байна. Хэдийгээр онош нь тодорхой болсон ч тэднийг хүлээж авч, харьцах эмч, багш өнөөдөр Монголд алга. Иймээс ийм эмч, багш бэлтгэх шаардлагатай боллоо.

УИХ-ын гишүүн болж ажиллах хэр юм байна?

Хөндлөнгөөс хараад шүүмжлэхэд ямар ч асуудал амархан. Яг дотор нь ажиллах мэдээж амаргүй. Энэ удаагийн парламент намрын чуулганаар олон хүлээгдсэн хуулиудыг баталлаа. Өмнөх парламентууд ажиглагдсан нэг алдаа нь хууль батлаад л гаргаад байдаг. Шинэ хууль маш олныг баталсан. Тэгсэн хэрнээ тэрхүү хуулиудыг дагалдах хуулиудад нь шинэчлэл хийгээгүйгээс хэрэгжих боломжгүй болох жишээтэй. Аливаа хуулийг батлахдаа холбогдож гарах бусад хуулиудад нь нэмэлт өөрчлөлтүүд оруулснаар амьд хууль болно. Тэгээгүйгээс үхмэл хууль олон боллоо. Иймээс намрын чуулганаар бидний хичээсэн концевцийн шинж чанартай өөрчлөлт нь аливаа хуулийг батлахдаа амьдралд шууд хэрэгжихэд анхаарлаа хандуулж, бусад дагаж мөрдөх хуулиудад нь нэмэлт өөрчлөлтүүдийг хамтад нь оруулсан. Ингэснээр хүлээлттэй байсан хуулиуд батлагдаж, салбар салбарын ажил урагшлах алхам тавигдсан.

МАН амаргүй нөхцөлд Засгийн газрыг хүлээж авсан. Гэсэн ч чамлахааргүй хугацаа өнгөрлөө. Энэ Засгийн газарт хэд тавих вэ?

Засгийн газар хүнд нөхцөлд ажиллаж байгааг ойлгож байна. Гэхдээ хүнд байна гээд хойшоо суух эрх байхгүй. Иймээс ачаалалтай, хурдтай ажиллах шаардлагатай.

Монгол Улс Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах ёстой юу, үгүй гэдэг асуудал нэгэнт ард хоцорлоо. Харин татварыг нэмэх нь зөв үү, буруу юу. Үүнээс өөр гарц бий юу гэх асуулт хариулт эрж байна. Та юу гэж хариулах вэ?

Монгол Улс дан ганц өөрийнхөө боломжоор энэ хүндрэлтэй нөхцөлийг давж чадахгүй нь тодорхой. Ийм тохиолдолд олон улсын дэмжлэг, зөвлөгөөг авах нь ойлгомжтой. Өмнө нь тохиолдож байсан хоёр удаагийн хямралаар ОУВС-гийн зөвлөмжөөр ажиллаж богино хугацаанд хямралаас гарсан. Хоёрдугаарт, санхүүгийн сахилга батыг энэ зөвлөмжийн үр дүнд сайжруулж, чангаруулж чадсан. Монгол Улс дөрвөн төсөвтэй байсан үе бий. Одоо нэг сантай, нэг төсөвтэй боллоо. Харин татварын тухайд хямралыг даван туулахын тулд иргэдийн нуруун дээр ачаа нэмж болохгүй. Иргэд ч энэ хямралд өртсөн. Тиймээс хүнд байхад нь татвар нэмэгдүүлэх нь эсэргүүцэлтэй тулгарна.

Татвар нэмэх нь буруу гэж үү?

Гэхдээ бодитой татваруудыг нэмэхээс өөр аргагүй.

Жишээ нь..?

Жишээ нь, архи, тамхи худалдаалж байгаа хүнээс яагаад татвар авч болохгүй гэж. Татварын дарамтыг нийт иргэддээ хүлээлгэхээс илүүтэй танаж болох зардлуудаа танах хэрэгтэй. Архи, тамхинаас хангалттай орлого олж байгаа учраас татвар авах нь зөв. Гол нь аливаа асуудалд уян хатан байдал зайлшгүй шаардлагатай.

Эмэгтэй гишүүд хүүхдийн мөнгийг танах асуудлыг эсэргүүцдэг. Энэ байр суурь хэвээрээ байх эсэхийг хэлэхэд эрт байна. Гэхдээ төсвийн тодотголоор зөвхөн зорилтот бүлэгт гэж орж ирсэнийг та харсан байлгүй?

Өмнөх байр сууриа хэвээрээ хадгална. Ургаа мод урттай богинотой гэдэгтэй адил асуудлыг ач холбогдлоор нь эрэмбэлж, авч үзэх нь чухал. Тухайлбал, хүүхдийн мөнгийг оролдох зайлшгүй шаардлага байна уу, эсвэл танаж болох бусад зардлуудаа танаад асуудлыг шийдэх гарц хайх уу. Энэ талаар хэлэлцэх шаардлагтай. Хүүхдийн мөнгөний тухайд өмнөх байр сууриа хатуу баримтална.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!