Хазгар эдийн засаг буюу банкны ноёрхол

0
60

Монгол Улсын эдийн засаг ганц тулгууртай. Үүнтэй ижил санхүүгийн салбар нь ч өрөөсөн хөлтэй. Хүнээр бол хазгар тул унаж, бэртэх аюул өндөр гэсэн үг. Хэдийгээр санхүүгийн салбарт 509 банк бус санхүүгийн байгууллага, 271 хадгаламж зээлийн хоршоо, 86 даатгалын компани үйл ажиллагаа эрхэлдэг ч банкны салбарынхны дарах жин дэндүү өндөр. Тодруулбал, санхүүгийн секторын 95.6 хувийг нь Монголд үйл ажиллагаа явуулж байгаа 14 банк эзэлдэг байна. Ингэснээр банкны салбар уналтад орох төдийд эдийн засаг хэвтрийн тасагт шилжих эрсдэл их. Хэрэв арилжааны банкуудаас гадна хөрөнгийн зах зээл, хөрөнгө оруулалтын сангууд зэрэг бусад салбарууд хөгжсөн байсан бол эдийн засгийн хүндрэлийн үед санхүүгийн зах зээлд үүсэх эрсдэлийг харьцангуй саармагжуулах байлаа. Нөгөөтэйгүүр, зээлийн хүү буурах, хөрөнгө оруулалтын эх үүсвэр өсөх зэргээр бизнес эрхлэгчдийг дэмжихэд томоохон түлхэц болох байв.

Гэвч санхүүгийн зах зээлийнхээ 96 хувийг арилжааны банкуудад даатгаж 20 гаруй жил явж ирсэний хохирлыг энэ хямралын өдрүүдэд илүүтэй амсаж байна. Хамгийн гол нь банкууд хүндэрвэл эдийн засгийг бүхэлд нь дампууруулна. Ийм ч учраас Монголбанк банкуудын тогтвортой байдлыг хангах томоохон сорилттой тулгарч байна. Ер нь ямар ч оронд санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах, түүний эмзэг байдлыг бууруулах нь төв банкны хоёр гол үүргийн нэг байдаг. Нөгөөх нь валютын ханшийн тогтвортой байдлыг хангах юм. Монголд ч ялгаагүй ийм зүй тогтолтой.

Банкуудын тогтвортой байдал алдагдаж байгаагийн хамгийн том илрэл бол хугацаа хэтэрсэн болон чанаргүй зээлийн өсөлт юм. Товчхондоо, манай улсын эдийн засаг ямар түвшинд байгааг банкны зээлийн үлдэгдлээс харах боломжтой. Өнгөрсөн оны жилийн эцсийн дүнгээс харвал хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үүлдэгдэл 912.8 тэрбум төгрөгт хүрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 58.8 тэрбум буюу 6.9 хувиар өссөн үзүүлэлт юм. Хугацаа хэтэрсэн зээлийн өрийн үүлдэгдэл нийт зээлийн өрийн үүлдэгдлийн 7.3 хувийг эзэлж байна. Хэдийгээр банкны салбар өсч байгаа хэдий ч өмнөх өсөлтийн дундаж хурдтай харьцуулбал өсөлт саарсан гэж дүгнэж болохуйц. Зээлийн өсөлт ч мөн саарсан дүр зурагтай байна. Түүнчлэн, банкны системийн хэмжээгээр чанаргүй зээл 2016 оны арванхоёрдугаар сарын эцэст 1082.8 тэрбум төгрөг болжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 213.0 тэрбум буюу 24.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Ингэснээр чанаргүй зээл нийт зээлийн өрийн үлдэгдлийн 8.7 хувийг эзэлж байна.

Өнгөрсөн хугацаанд барилга, уул уурхай, худалдааны салбарт хамгийн их зээл олгосон байдаг. Мэдээж уул уурхайн салбар манай улсын тэргүүлэх чиглэл тул зээлийн үзүүлэлтээр хошуучлах нь аргагүй. Барилгын салбарын хувьд өмнөх засаг төв банкаар дамжуулж “Үнэ тогтворжуулах хөтөлбөр” хэрэгжүүлэн хэдэн арван их наяд төгрөгийг цутгасан. Гэтэл уул уурхайн салбарын хөрөнгө оруулалт буурч, эрдэс бүтээгдэхүүний үнэ унасан, мөн барилгын салбарт худалдан авагч байхгүй болсноор эдгээр салбарын чанаргүй зээл хамгийн өндөр байна.

Тухайлбал, “Орон сууцны санхүүжилтийн урт хугацааны тогтвортой тогтолцоог бий болгох” хөтөлбөрийн хүрээнд 2013 оны зургаадугаар сараас хойш Монголбанкнаас банкуудад олгосон санхүүжилтийн үлдэгдэл 994.1 тэрбум төгрөг байгаагийн 83 хувийн санхүүжилтийн гэрээний хугацаа оны өмнө дууссан. Ямартаа л эдийн засгийн идэвхжил суларч, банкны зээлийн эргэн төлөлт муудах эрсдэл өндөр байгаа энэ үед банкны системээс их хэмжээтэй мөнгөн хөрөнгө татах нь банкуудын төлбөр түргэн гүйцэтгэх чадварын харьцаа буурах, хөрвөх чадвар муудах, актив, пассивын хүү, хугацааны зөрүү үүсэх, улмаар банкны тогтвортой үйл ажиллагаа алдагдах эрсдэлтэй тул үнэт цаасжуулалтын явцтай уялдуулан санхүүжилтийн хугацааг нэг хүртэл жилээр сунгах шийдвэрийг Монголбанкнаас гаргасан билээ.

Үүнээс гадна эдийн засгийн хүндрэлийг дагаж худалдан авалт саарснаар тус салбарын зээл чанаргүй ангилал руу хурдацтай шилжиж байна. Үүний нэг нотолгоо нь дифляци үүссэн явдал юм.

Манай банкны салбарын нэг онцлог нь зээлийн төрөлжилтөөс хамаардаг. Худалдаа хөгжлийн банк, Голомт зэрэг банкууд илүү том төсөл, бизнесүүдийг дэмжсэн зээл олгодог. Уг багц барилга, уул уурхай гэсэн салбарыг түлхүү хамардаг. Үүнээс хамаарч эдийн засаг ч хүндэрч дээрх салбарууд уналтад орвол зээлийн багцыг нь “хадгалж” байгаа банкуудад эрсдэл үүсдэг. Харин Хаан, Төрийн банк зэрэг жижиг зээл олгодог банкуудын хувьд эрсдэл нь харьцангуй тархан байршсан тул хүндрэлийг даван туулах боломж өндөр байна. Иймээс банкны салбарын энэ онцлог, эмзэг байдлыг тооцож, зөв зохицуулалт хийх асуудал төв банкны өмнө тулгараад байна.

Албан бус эх сурвалжийн мэдээгээр Хөгжлийн банкнаас арилжааны банкуудаар дамжуулан олгосон зээл чанаргүй зээлийн тодорхой хувийг эзэлж буй. Тэр дундаа нэр бүхий нэг банк голлон зээл олгосон нь тухайн банкинд “хүчтэй” цохилт үзүүлэхээр байгааг тодотгодог. Монголд 14 банк үйл ажиллагаа явуулдаг ч гол тоглогчид нь 3-4. Өөрөөр хэлбэл, нэр бүхий хэдхэн банк санхүүгийн салбарын голлон тоглогчид. Тэдний нэг нь нурах төдийд эдийн засагт сөрөг үр дагавар учруулах магадлал өндөр. Гадны улсад тэр дундаа Солонгос, Малайз, Швейдэд аквив удирдлагын компани байгуулж, эрсдлээс урьдчилан сэргийлсэн байдаг. Энэ бүхнээс санаа авч Төвбанк эрсдлийн сан байгуулах, чанаргүй зээлийг тухайн банк өөрийн хөрөнгөөр хаах зохицуулалтыг хийж өгсөн.

Ямар ч оронд санхүүгийн секторын тогтвортой байдлыг хангах, түүний эмзэг байдлыг бууруулах нь төвбанкны гол үүргүүдийн нэг байдаг. Монголд ч ялгаагүй. Өнгөрсөн долоон хоногт Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлийн ээлжит бус хуралдаан Монголбанкны захирлуудын зөвлөлийн хурлын танхимд болов. Хурлаар Активын удирдлагын компани байгуулах болон холбогдох хуулийн төслийн үзэл баримтлалын тухай, “Монгол Улсын Санхүүгийн зах зээлийг 2025 он хүртэл хөгжүүлэх үндэсний хөтөлбөр”-ийнконцепц, Валютын бирж байгуулах тухай хэлэлцсэн. Улмаар асуудал тус бүр дээр ажлын хэсэг байгуулахаар тогтсон юм. Тухайлбал, төвбанк арилжааны банкуудын хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлийн багцыг тасралтгүй хянаж, зохицуулалт хийх нэгдсэн удирдлагын системийг бүрдүүлснээр эрсдэлийг урьчилан харах боломжтой хэмээн үзэж байгаа билээ.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!