Р.ЦАНЖИД: Шинэчилсэн мөрдөн байцаалт зүгээр л “жүжиг”

0
150

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24-р хорооны Зээлийн 1-04 тоотод оршин суугч, 64 настай иргэн Р. Цанжид манай редакцид өөрийн биеэр хүрэлцэн ирж санал бодлоо илэрхийлсэн юм. Түүнтэй хийсэн цөөн хормын ярилцлагыг хүргэе.

Та манай редакцид хандах бодит шалтгаан юу вэ?

Олон нийтэд хандаж мэдээлэл өгөх гэсэн юм.

Өөрийг тань саяхан шоронгоос суллагдсан гэж сонссон. Чухам ямар хэрэг үйлдсэн юм бэ?

Хулгайн хэрэг үйлдсэн. Одоо ч хулгай хийхэд бэлэн мэт. Яагаад гэвэл орон гэр, төрөл садан, ах дүү, үр хүүхэд, хань ижил байхгүй. Хаана яаж амьдрах арга ухаанаа олохгүй байна. Сая хорихоос гарахад замын хуудас л өгсөн, өөр юу ч өгөөгүй. Миний хүрээлэлд байдаг хүн гэвэл надтай адил хорихоос гарсан нөхөд байдаг. Унаанд суух, хоол идэх хэрэгцээ өдөр тутам гарна. Мөнгөгүй хүн яахав “шахагдаж” байна. Өөрөөр хэлбэл, мөнгөнд баригдаж хулгай хийхэд хүргэх юм. 2013 оны өвөл мөнгөгүйгээс гудамжинд гарч зогссон, хулгайн хэрэгт холбогдож эргээд шоронд орсон. Чулуун  хөөрөг хулгайлсан гэж 10 жил хорих ялаар шийтгүүлсэн.

Үнэхээр хөөрөг хулгайлсан юм уу?

Айлын цонх, хаалгыг нь эвдэж ороод хулгай хийсэн юм биш, хүний юм бариад зогсож байсан юм. Гэтэл энэ маань хулгайн хэрэг болчихсон.

Яагаад?

Тэр хүний надад өгсөн хөөрөг нь хулгайн юм байж. Энэ талаар шүүхэд мэдүүлэг өгөхөд, “шүүгч та битгий худлаа хэлээд бай” гэсэн. Хөөрөг хулгайлсан хүн нь мөрдөн байцаагчид очоод хэлэхэд хэрэгсээгүй.

Өөрийн чинь яриаг сонсож суухад нэг санаа төрлөө. Шүүх хурал болоход шинэчилсэн мөрдөн байцаалт явуулдаг.  Энэ үед хариуцагч, нэхэмжлэгч талууд үг хэлдэг. Ялангуяа хариуцагч мөрдөн байцаагчид хэлсэн үгнээсээ “буцаж” өөр зүйл ярьдаг. Магадгүй тэр зүйл нь үнэнд ойр, ортой байхыг үгүйсгэхгүй. Гэтэл шүүгч, “Таны өчиг хавтас хэрэгт байгаа, битгий өөр зүйл яриад бай” гэдэг. Тэгэхээр шинэчилсэн мөрдөн байцаалт гэж “жүжиглэх” хэрэг юу байна?

Шүүх үйл ажиллагаа нь хавтас хэрэгт орсон материалын хүрээнд болдог. Хууль нь ийм юм.

Тэгвэл шинэчилсэн мөрдөн байцаалт гэж ярих хэрэг юу байдаг юм бол?

Хүний эрхийг хамгаалж байна гэж ойлгож болно.

Энэ чинь хамгаалалт биш шүү дээ?

Тийм л дээ. Тэгэхдээ шинэчилсэн мөрдөн байцаалт нь зүгээр л “жүжиг”. Хэрэв шүүгч хавтас хэрэгт орсон материалаас гажиж өөрийн итгэл үнэмшлээр шийдвэр гаргавал ажлаасаа халагдаж хоолгүй болно гэсэн үг.

Тэгвэл шүүх үнэнийг тогтоодог гэж үздэг биз дээ?

Худлаа шүү, худлаа.

Баримт байна уу, хэлээч?

Байна.

Ингэхэд  хэдэн жил шоронд суув?

Найман удаагийн үйлдлээр 42 жил шоронд суусан. Ихэнх нь хулгайн үйлдэл байсан. Миний хийсэн гэмт хэргийн долоо нь бодит үнэн, нэг нь хилс. Хилсээр цөөн бус залуус хоригдож байна. 2015 онд батлагдсан Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгаар танхайн хэргийг Зөрчилд тооцохоор болсон. Улмаар Зөрчлийн хуулиар зохицуулж өгсөн. Гэтэл урд нь танхайн хэргээр шийтгүүлсэн хүнийг яагаад шоронд нь бариад байгаа юм бэ. Хүн зодох танхай нь тусгай зүйл, хүний эрүүл мэндэд халдсан байдаг. Харин айлын цонхыг хагалсан нь танхай биш. Магадгүй тухайн хүн санамсаргүй тохиолдлоор цонх хагалсан байж болно. Энэ бол танхай биш. Шинэ хуулийн заалт нь зөрчил, танхай хоёрыг нарийвчилж зааж өгөөгүй.

Түрүүн өөрөө хэлсэн дээ, би дахиад ч хулгай хийж магадгүй гэсэн. Яагаад ийм сэдэл төрөх болов?

Нас 64. Ажил хийж чадахгүй, одоо тэгээд яахав.

Тэтгэвэр,тэтгэмж, халамж авч болох шүү дээ?

Болох л байх. Өмнө нь хүний цүнхтэй юмыг барьж байгаад шоронд орсон. Энэ үйлдэл давтагдвал яахав. Өнөөдөр хэн нэг хүн надад юм өглөө гэхэд  яагаад авч болохгүй гэж, авна шүү дээ. Авлаа гэсэн шиг хэрэгт холбогддог.

Намайг харж хандах хүн байхгүй гэсэн. Яагаад ганцаардаж байна гэж?

Цаг хугацааны асуудал юм даа. Би чинь тухайн үед аав, ээж, дүүтэй байсан. Тэд маань бурхан болсон. Хамаатан садан байдаг эсэхийг мэдэхгүй. Анх 19 настайдаа шоронд орсон.

Өөрийн тань ярианы өнгө, миний ажигласнаар хууль хяналтын байгууллагад сэтгэл дундуур явдаг хүн юм аа даа?

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 82-т “ Яллагдагч өөрийн гэм бурууг хүлээсэн нь гагцхүү хэрэгт байгаа бусад баримтаар батлагдвал яллагдах үндэслэл болно” гэж заасан. Гэтэл миний хэрэг бусад баримтаар батлагдаагүй байхад яагаад намайг ялласан юм.

Яллагдагч гомдлоо барагдуулахын тулд дээд шатны байгууллагад нь ханддаг шүү дээ?

Яваагүй газар байхгүй. Улсын дээд шүүх, УЕПГ, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн Цэц, ХЭҮК гээд бүх шатны байгууллагад хандсан. Надад хариу өгсөн бүх баримт нь байна, сонин байгаа биз. Энд нэг баримт хэлье. УЕПГ-ын ажилтан прокурор Ё.Сагсай миний өргөдлийн хариу өгсөн бичигтээ, “УЕПГ-т гаргасан таны гомдлыг хүлээн авч танилцаад харьяаллын дагуу дүүргийн хоёрдугаар прокурорын газарт шилжүүллээ” гэсэн байгаа юм.

Тэндээс ямар хариу өгсөн бэ?

Тэр нь их сонин. Дүүргийн хоёрдугаар прокурор нь өөрөө өөрийгөө шалгаад хариу өгөхдөө хууль зөрчөөгүй байна гэсэн байгаа юм. Би болохоор УЕПГ-т  хандахдаа  дүүргийн прокурор хууль зөрчиж байна гэсэн байхгүй юу. Гэтэл дээд шатны байгууллага нь доод шатныхаа байгууллагыг шалгаад хариу өгөх байтал тэгээгүй. Ийм юм байж болох уу? Тэгээд л би энэ хууль хүчний байгууллагынхан болохгүй болсон юм байна гэж ойлгосон. Энэ нь ганц надад тохиолдсон асуудал биш. Ер нь шудрага, шудрага бус юм зөндөө байна. Хуулийнхны энэ мэт алдаа оноог цэгцэлж залруулахгүй бол хэцүү шүү, би ингэж боддог. Мөн сүүлийн үед гүйцэтгэгч нь байхгүй байхад захиалагчийг эсвэл захиалагч байхгүй гүйцэтгэгчийг шийтгэх болсон. Хэнийг хэнээс нууж байгаа нь мэдэгдэхгүй болж. Үүнийг буруу гэж үздэг. Энэчлэн хилс хэрэг ч хүлээлгэж чаддаг. Үүнийг биеэрээ амссан хүн.

Хүч хэрэглэснээс болж хилс хэрэг хүлээсэн юм уу?

Үгүй, зөнгөөрөө байсан мөртлөө л “уначихдаг” юм. “Унагаж” ч  чаддаг.

Миний ажиглаж буйгаар хүчний байгууллагынхан их хямралтай байх шиг?

Эрх мэдэл, албан тушаалын төлөөх тэмцэл. Ц.Нямдорж зарим албан тушаалтныг сольж байна. Тэрбээр их шудрагадаа биш. Шудрага царайлдаг.

Үнэн гэж байна уу?

Их хэцүү асуулт байна. Үнэн гэж бараг байхгүй дээ. Ганц би ч итгэл алдарсан юм биш бараг нийгмээрээ ийм байгаа юм биш үү? Үнэн итгэл дээр тогтдог. Эдийн засаг санхүүтэй салшгүй холбоотой. Би яагаад ийм болчихов гэхээс монголчууд бид яагаад “савлагаатай” болчихов. Энэ юутай холбоотой юм.

Төрийн хийморь сүлдэндээ байдаг гэж боддог. Монголчууд бид уул ус, малаар баян. Тэгээд ч таван хушуу мал, уул,ус, уурга барьсан морьтой хүнийг нарны зүг давхиж буйгаар төрийн сүлдэндээ дээдэлж байрлуулсан. Гэтэл одоогийн сүлд ямар байна. Хүн, мал,  нар, газар шороо нь байхгүй, морь нь гурав хуваагдсан ийм нэг сүлдтэй болсон.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!