Монгол Сангийн сайдтай болсон ч МАН “мангаа” боллоо

0
65

Энэ оны төсвийн тодотгол, ирэх оны төсвийг Сангийн сайдгүйгээр хэлэлцэн батлах нь гэх мэдээлэл нийгэмд тархаад байв. Зүй нь Сангийн сайдын албан тушаалын үзүүрээс зуурсан Ч.Хүрэлбаатар нь З.Энхболдын хараанд өртсөн 30 гэр бүлийн нэг хэмээн нийгэмд ад үзэгдэх болсонтой холбоотой юм. Уул уурхайн лиценз эзэмшиж, байгалийн баялгийг нийтээрээ бус нэг хэсэг нь идэж, уусан гэх мэдээлэл өнгөрсөн хугацаанд Ч.Хүрэлбаатарыг багагүй зовоов. Мөн түүнтэй холбоотой хэд хэдэн баримтыг ч нийтэд дэлгээд амжсан.

Ирэх оны төсвийг хэлэлцэх энэ чухал үеэр Сангийн сайдгүй байсан түүх Монголд байхгүй гэсэн тодотгол түүний тойрон хүрээлэгчдээс сонсогдож, улмаар энэ дуулианаар У.Хүрэлсүхийн нэг шүдийг зулгаачих санаатай олон хортон ч МАН-ынхнаас цухалзав. Эцэст нь маргаан эцэслэгдэж, Монгол Улс Сангийн сайдтай болов. Өнөөх нь Ч.Хүрэлбаатар. Тоо бодохдоо хэнийг ч урдаа гишгүүлэхээргүй гэх магтаал байвч сүүлийн өдрүүдэд түүний талаарх дэлгэгдсэн баримтууд нэгийг өгүүлж, хоёрыг тунгаахад хүргэсэн нь нууц биш.

Хэдийгээр албан тушаалаасаа татгалзаж, хуулийн байгууллагаар шалгагдаж буруугүйгээ тогтоолгох саналыг журмын нөхдөөс нь тавьсан ч тэр хүлээн авсангүй. Юутай ч Сангийн сайдын өнөөдрийн үйлдэл МАН-ын ирээдүйн хар толбонуудын нэг болон үлдэж, сонгуулийн үеэр бусдад зууш болон ашиглагдах вий.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!