Н.Айшолпан охин “Азийн дүрэм өөрчлөгч” шагнал хүртжээ

0
18

Үндэснийхээ хувцсаар гангарч, үстэй малгайн донжийг нь тааруулан өмссөн энэ охиныг Н.Айшолпан гэдэг. Тэрээр дөнгөж 16 настай. Ийн хэлэх болсон нь Н.Айшолпан “-40” хэмийн хүйтэнд цаст уул, цавчим өндөр хаданд авирч эрчүүдээс дутахааргүй бүргэдээр ан хийдэг нэгэн юм. Тэрээр гурван жилийн өмнө болсон казах түмний “Бүргэдийн баяр”-т оролцон 80 шахам эрчүүдийг ардаа орхиж “Шилдэг бүргэдчин” болсон гэдэг.

Түүний зоримог хийгээд эрэлхэг явдлыг монголчууд төдийгүй дэлхий нийт сонирхож, дэлхийн хамгийн “залуу бүргэдчин”-ээр онцлоод байгаа.

Н.Айшолпан охин энэ сарын 1-нд “Asia Game Changer Awards-2017” шагналыг Монголоос анх удаагаа авчээ.  “The Eagle Huntress” киногоор дэлхийд танигдсан Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын иргэн, бүргэдчин охин “Хүүхэд насандаа хүйсээр ялгаварлах үзлийн ойлголтыг өөрчилснийхөө төлөө “Азийн дүрэм өөрчлөгч” шагналыг хүртсэн байна.

Энэхүү шагналыг АНУ-ын Нью-Йорк хотод гардуулсан бөгөөд Н.Айшолпанаас гадна Афганистаны залуу рэпер Сонита Ализадех, буяны үйлстэн Ага хан, Энэтхэгийн төр, нийгмийн зүтгэлтэн Дэв Пател, Хятадын хөгжимчин Ву Тон, такси дуудлагын сүлжээг үндэслэгч Жан Лию зэрэг хүмүүст мөн олгожээ.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!