М.Оюунчимэг: “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгон өөрчлөх санал оруулна

0
51

Хүүхдийн мөнгөний талаар гишүүд байр сууриа хадгалах байх

“Ярилцах танхим”-ын зочноор уригдан хүүхдийн мөнгө болоод Боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаар, “Үдийн цай” хөтөлбөрийн талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээ, санал, дүгнэлт гаргах, шийдвэрийн төсөл боловсруулах ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа УИХ-ын гишүүн М.Оюунчимэгтэй хийсэн ярилцлагыг нэхэн сануулья.

Ээлжит бус чуулган хуралдахаа больж, төсвийн тодотголыг хаврын чуулганаар хэлэлцэхээр болсон гэсэн. Та энэ талаар хэр мэдээлэлтэй байгаа вэ?

Ээлжит бус чуулган хуралдахаа больсон. Олон улсын валютын сангийнхантай ярилцаад хаврын чуулган дөрөвдүгээр сарын 5-нд хугацаандаа эхлэхээр болсон байгаа. Харин хамгийн эхний асуудлаар төсвийн тодотголыг хэлэлцэхээр болсон.

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах зөв эсэх дээр талцах боллоо. Улмаар Монгол Улс сүүлийн боломжоо ашиглаж байна гэх дүгнэлт ч хөврөх болж. Таны хувьд энэ талаар юу хэлэх вэ?

Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь зөв. Эдийн засаг, санхүүгийн сахилга бат Монголд хэрэгтэй юу, хэрэгтэй. Иймээс эдийн засаг санхүүгийн бүтэц бодлогын тал дээр том өөрчлөлт хийхтэй санал нэг байгаа. Харин эдийн засаг хүнд, имфляци өндөр байгаа энэ үед нийгмийн халамжийн асуудалд болгоомжтой хандах хэрэгтэй. Нөхцөл байдал амаргүй байна. Монгол бол тусгаар тогтносон улс. Иймээс өөрийн бодлогоор аливаа асуудалд хандах боломж бий. Тиймээс нийгмийн чанартай асуудлууд дээр Монгол Улс өөрийн бодлогоор хандах ёстой гэж харж байна.

Та саяхан Унгар яваад ирсэн. Унгар улс ч гэсэн манайх шиг олон улсын байгууллагын тулгалтын шинжтэй саналыг хүлээж авч байсан түүхтэй байх аа?

Унгар улсад ажиллаад ирсэн. 2008 оны дэлхийн эдийн засгийн хямралаас үүдэлтэйгээр Герман дахь инфляцийн дундаж хэмжээ 2.6 хувиас ердөө 0.3 хувь болж байсан удаатай. Тиймээс олон улсын тусламж авч одоогийн манайхаас ч хүнд нөхцөлтэйгөөр гэрээний хэлэлцээрт орсон байгаа юм. Нөгөө талаас манайх шиг болзлыг тулгасан. Унгар улс эдийн засаг санхүүгийн шаардлагыг нь хангасан. Гэхдээ нийгмийн чиглэлийн цалин хөлс, татвартай холбоотой асуудлыг нь Их хурал, Засгийн газар нь өөрийн бодлогоор шийдвэрлээд явсан байна лээ. Үүн шиг манайх ч мөн ялгаагүй татварын бодлого, нийгмийн чиглэлийн зарим асуудал дээр өөрсдийн нөхцөл байдлыг харгалзан, асуудалд наанатай цаанатай хандах ёстой гэж бодож байна.

Хөтөлбөрт хамрагдах нь зөв буруу эсэхтэй биш гагцхүү долоон ч төрлийн татварыг нэмэгдүүлэхээр болсон нь иргэдийг түгшээгээд байгаатай холбоотой та энэ асуудлыг хөндөж байгаа бололтой?

Татвар дээр нь цалин хөлсийг танах нь гэх мэдээлэл. Иймээс юуг нь царцааж, алийг нь танах уу гэдгээ бодох хэрэгтэй. Жишээ нь хүүхдийн мөнгийг багасгах асуудал байж болохгүй зүйл.

Гэхдээ царцаах уу, танах уу гэдгийг УИХ дээр та бүхэн эцэслэн шийднэ шүү дээ. Тэгэхээр эцсийн найдлага та бүхний гарт бий. Тийм биш гэж үү?

УИХ дээр энэ асуудлуудыг хэлэлцэнэ. Намын бүлэг дээр ч энэ асуудлыг хөндөж, байр сууриа илэрхийлнэ. Тухайлбал, хүүхдийн мөнгөний асуудал дээр гишүүд байр сууриа ч хадгалах байх.

Үнэндээ Олон улсын валютын сангийн хөтөлбөрт хамрагдах нь зөв эсэхийг хэлэхэд эрт. Таны хувьд эрх баригч намын гишүүн учраас хөтөлбөрийг хүлээж авах нь зөв гэж тайлбарлаж байж ч мэдэх юм. Учир нь сөрөг хүчин хөтөлбөрийг буруушааж байна?

Удахгүй Ерөнхийлөгчийн сонгууль болно. Эдийн засгийг битгий улстөржүүлээсэй. Дахиад битгий сонгуультай холбоосой. Тэгвэл дахиад л хугацаа алдана. Би аль нэг нам, хэн нэг хүний эрх ашгийн төлөө хөтөлбөрт хамрагдах эсэх асуудлыг хөндөөгүй. Хэрэв хугацаа алдвал байдал илүү хүнд болно. Тийм учраас бид бүсээ нэг, хоёр жилдээ чангалчихвал хямралаас гарчихна. Манайх зах зээл нэлээд бага, хүн ам ч цөөн учраас боломжоороо хурдан гарах бололцоо бидэнд бий. Тиймээс хугацаа алдаж болохгүй. Эдийн засаг санхүүгийн асуудалдаа нэн тэргүүнд анхаарч, хөрөнгө мөнгийг гарын салаагаар урсгадаг, санхүүгийн замбараагүй байдалд хяналт сайн тавьж, төсвийн мөнгө зарцуулагдах ёстой зүйлдээ л зарцуулагдах учиртай. Өөр бусад замаар явдаггүй байх тэр сахилга бат дээр хамгийн эхэнд хяналт тавих ёстой.

Та ойрын өдрүүдэд ерөнхий боловсролын сургуулиудын үйл ажиллагаатай танилцлаа. Боловсролын тухай хуулийн хэрэгжилт хэр байна гэж дүгнэв?

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос Ерөнхий боловсролын тухай хуулийн хэрэгжилт, “Үдийн цай” хөтөлбөрийн чанар хүртээмжийн байдалтай танилцаж, асуудал бий эсэх, хэрхэн шийдвэрлэх талаар ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчийн хувиар гишүүдтэйгээ хамтран нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцлаа. Үндсэн хуульд хүн бүр сурч боловсрох эрхтэй гэж заасан. Мөн эрх тэгш нөхцөлөөр хангуулах заалттай. Гэвч энэ эрх хангагдахгүй байна. Ажлын хэсэг төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн, тусгай сургалттай, олон улсын стандарттай гээд өнөөдрийн байдлаар таван сургуулиар орлоо. Өнөөдөр л гэхэд улсдаа ганц байдаг харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар сургуулийн нөхцөл байдалтай танилцлаа.

Тус сургуулийнхан хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, тэр дундаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сурч боловсрох тал дээр анхаарч ажиллахыг хүсч байсан?

Боловсролын тухай хууль, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд ч заалт бүрээр нь тодорхой тусгасан байгаа. Тухайлбал, Боловсролын тухай хуулийн  42.1-т “Боловсролын сургалтын байгууллагын барилга байгууламж, техник хэрэгсэл, тоног төхөөрөмж нь багш, ажилтан, суралцагчийн хөдөлмөрийн онцлогт тохирсон, хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийн тусгай хэрэгцээнд нийцсэн, эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна” гэх байдлаар. 116 дугаар сургуулийн тухайд харааны бэрхшээлтэй хүүхдүүдэд багшлах мэргэжлийн багш байхгүй гэж байна. Мөн  Боловсролын их сургууль энэ чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэггүй тул өөрсдөө дамжаа хичээллүүлж, багшаа сургаж авдаг тухай хөндөж байна. Гэтэл энэ тухай хуулийн заалт бий

Мэргэжилтэн бэлтгэх тухай юу?

Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 16.4-т “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд боловсрол олгох багш, хэл засалч, хөдөлгөөн засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний багш, сэтгэл зүйч, арга зүйчийг сургалтын төрийн сангийн зардлаар дотоод, гадаадад сургаж бэлтгэнэ” гэсэн заалт бий. Мөн хуульд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд заах тусгай арга зүй эзэмшсэн багш бэлтгэн, тэр нөхцөл бололцоог хангаж өгнө, гадаад дотоодод төрийн зардлаар сургана гэсэн тусгай байх жишээтэй. Түүнчлэн энэ хуулийн 15.1.2-т нь “Хөгжлийн бэрхшээлтэй суралцагчийг онцлог хэрэгцээнд нь тохирох ном, сурах бичиг, гарын авлага, материал, тусгай хэрэглээний сургалтын тоног төхөөрөмж, хэрэгслээр хангах” тухай заалт бий.

Тэгэхээр хууль эрх зүйн орчны тухайд асуудалгүй гэж үү?

Хууль эрх зүйн орчин хангалттай байна. Гагцхүү хэрэгжилт алга. Эсвэл хуулийн хэрэгжилт хэтэрхий удаан байна. 116 дугаар сургуулийн багш нар яам, дүүргээс хүмүүс хэд хэдэн удаа ирдэг. Ирээд сонсоод явдаг. Санал бодлыг нь өөрчлөлт бодлогодоо оруулж, тусгасан байдаг гэж. Гэхдээ хэрэгжилт нь удаашралтай, хангалтгүй байдаг тухай хэлж байсан. Тэгэхээр хуулиа сайн хэрэгжүүлэх хэрэгтэй.

Монголын хууль гурван өдөртөө гэж энэ юм биш үү?

Хууль нь боловсруулагдаад гарчихлаа. Харин баталсан хуулиа хэрэгжүүлэх тал дээр анхаарах хэрэгтэй. Ажлын хэсгийн гишүүд ажлын үр дүнгээ НББСШУ-ын байнгын хороонд танилцуулна. Үүн дээр үндэслээд цаашид юун дээр анхаарч, өөрчлөлт оруулах, хуулийн биелэлтэд нь хэрхэн хяналт тавих, бүтэц зохион байгуулалтыг яаж хийх тал дээр тодорхой өөрчлөлтийг хийх юм.

Харааны бэрхшээлтэй 116 дугаар сургууль Сүхбаатар дүүргийн харьяанд байдагт нь багш нар шүүмжлэлтэй хандаж байна. Улсдаа ганц энэ сургуулийг яамны дэргэд байлгаж, бодлогоор дэмжүүлэх сонирхолтой байгаагаа ч хэллээ. Үүнийг шийдвэрлэх боломж бий юу?

Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам нь харьяалалдаа авч цаашид улсын хэмжээний бодлогоор үйл ажиллагааг нь явуулах зайлшгүй шаардлага бий гэж харагдаж байна. Нөгөө талаар харааны бэрхшээлтэй хүмүүсийн судалгааг орон даяар хийдэг байсан бол өдгөө энэ ажил зогссон. Иймээс жилд биш юмаа гэхэд ядаж гурван жилд нэг удаа энэ судалгааг заавал хийх ёстой. Харааны бэрхшээлтэй хүмүүс сүүлийн үед өсч байна. Сургуулиас орон даяар явж хүүхдээ бүртгэх санхүүжилт хомс. Нөгөө талаар эцэг, эх нь дагуулаад ирсэн хүүхдээ багтааж шингээх дотуур байр алга гэдгийг ч хэлж байна. Сургуулийнхаа байрны нэг жигүүрийн дотуур байр хэлбэрээр ашиглаж байгаа бөгөөд 65 хүүхэд бий гэнэ. Орон нутгийн болон алслагдмал дүүргийн бүрэн хараагүй хүүхдийг дотуур байрандаа суулгадаг. Гэхдээ хүрэлцээ хангалтгүй.

Багш нарын нийгмийн асуудал ч мөн хөндөгдөж байсан?

Энд ажиллаж байгаа хүмүүсийн тухайд амаргүй нөхцөлд байгаа нь мэдээж. Гэтэл 10-30 хувийн нэмэгдэл олгогддог. Ингэхдээ тэгш бус хуваарилалттай. Энэ бүхнийг өөрчилж, ялгаваргүй болгож өгөхийг хүсч байсан. Энэ тал дээр анхаарч ажиллах болно.

Хуулийн хэрэгжилт хангалтгүй байгаагийн шалтгааныг хэрхэн тодорхойлж байна вэ?

Хэрэгжилтийг хангах гол байгууллагууд нь шат шатандаа хангалтгүй ажиллаж байна. Түүнээс биш хууль нь боловсрогдоод батлагдчихсан. Тэгэхээр хууль хэрэгжүүлдэг байгууллагуудад хяналт тавих хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хяналт тавьдаг байгууллагуудын үйл ажиллагааг өөрчлөх, тэнд ажилладаг хүмүүсийг нь ажиллуулах хэрэгтэй. Тэгэхгүй бол хууль батлаад байдаг. Хэрэгжилт дээрээ ирээд гацчихдаг. Ингэснээр цаасан дээр буусан сайхан заалтуудаас цаашгүй болж үлдэнэ.

“Үдийн цай” хөтөлбөрийн чанар хүртээмжийн байдалтай газар дээр нь танилцлаа. Нөхцөл байдал хэр байна?

“Үдийн цай” хөтөлбөрт бодлогын өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байгаа нь очсон бараг бүх сургууль дээр харагдлаа. Нэг хүүхдэд хувьсах зардлаар гээд 600 төгрөг төрөөс төсөвлөдөг. Гэхдээ асуудал мөнгөндөө биш байна.

Тэгээд юунд гэж..?

“Үдийн цай” хөтөлбөрийг тендер зарлаж хэрэгжүүлж байгаа газар нь Нийслэлийн өмчийн газар. Үүнийг өөрчлөх хэрэгтэй. “Үдийн цай” хөтөлбөрт хяналт тавьдаг байгууллага нь БСШУЯ эсвэл тусгай хариуцдаг газар байх шаардлагатай байна.

600 төгрөгөөр хүүхэд эрүүл ахуйн шаардлага хангасан халуун хоол идэх боломжтой гэж та хэлж байсан. Тийм боломж бий гэж үү?

Шинжлэх ухаан технилогийн газрын Туяацэцэг докторын баг сүүлийн 10 жил судалгаа хийсэн юм билээ. Судалгаагаар 600 төгрөгөөр хүүхдэд эрүүл ахуйн шаардлага хангасан, шим тэжээллэг “Үдийн хоол”-оор үйлчлэх бүрэн боломжтой гэсэн дүгнэлт гарсан. Энэ бол манай эрдэмтдийн хийсэн судалгаа шүү. Үнэндээ “Үдийн цай”-г “Үдийн халуун хоол” болгох зайлшгүй шаардлага байгаа нь  харагдлаа. Энэ талаар багш, сурган хүмүүжүүлэгчид, эцэг эх, сурагчид ч хэлж байна. Хэрэв ингэж өөрчилбөл энэ хэрээр хүүхдүүд сургууль руугаа тэмүүлнэ. Сурч боловсрох орчиндоо сайхан үдийн халуун хоол идчихдэг байх нь эрүүл мэндэд нь ч тустай. Эрүүл биед саруул ухаан гэгчээр эрүүл саруул өсч торниж байгаа хүүхэд эрдэм ном сурч боловсрох нь ч илүү байх болов уу.

Тэгвэл “Үдийн цай”-г “Үдийн хоол” болгож өөрчлөхөөр санал оруулах нь тийм үү?

Тиймээ. Үүнтэй холбоотойгоор “Үдийн хоол”-ны тухай тусгай хууль ч байх хэрэгтэй эсэхийг нягтална. Мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар тусгай хуулиар зохицуулагдах хэрэгтэй гэсэн саналыг бидэнд тавьсан. Иймээс тал талаас нь судалж зардал тооцоог нь гаргаж тусгай хууль гаргах эсэх дүгнэлтээ гаргана.

Сурагчдын үдийн цайнд өгч байгаа хоол хүнс эрүүл ахуйн шаардлага хангадаггүй гэхэд болно. Хордлого авч, эмнэлэгт хүргэгдэхээс нааш энэ талаар хэн ч анхааралдаа авдаггүй. Нөгөөтэйгүүр, 1-5 дугаар ангийн хүүхдүүд энэ хөтөлбөрт хамрагддаг учраас өгсөнийг нь л идчихдэг. Муудсан, хоносон эсэхийг нь мэдэхгүйгээр. Тэгэхээр үүнд тавих хяналтаа сайжруулах хэрэгтэй юм биш үү?

“Үдийн цай” хөтөлбөрөөр халуун сүүтэй цай, аарц өгч байхтай таарсан. Мэдээж тэр аарц эрүүл ахуйн шаардлага хангаж байгаа эсэхийг хэлэхэд хэцүү. Гурил солиод самарчихсан харагдана билээ. Хажуугаар нь гурилан боов өгч байна. Тэр гурилан боов эрүүл ахуй, нөгөө шим тэжээл талаасаа шаардлага хангасангүй. Таны хэлсэнчлэн хяналт зайлшгүй чухал. Эрүүл ахуй, шим тэжээл талд нь хяналт шаардлага тавих гэхээр тэр нь Нийслэлийн өмчийн газарт хамааралтай. Өмчийн газар тэр бүр очоод хяналт тавиад байж чаддаггүй. Ингээд эцэг, эх, багшийн гомдлоор мэргэжлийн хяналтын байгууллага шалгадаг. Шаардлага хангахгүй байна гэсэн акт тогтоогоод өөрчил гээд л явчихдаг. Улмаар тэр асуудал нь Нийслэлийн өмчийн газар очоод гацчихдаг. Иймэрхүү зохион байгуулалт, бүтэц тал дээр нүсэр өөрчлөлт хийхгүй бол болохгүй байна. Эхэндээ “Үдийн хоол” гэдгээр амжилттай хэрэгжиж байсан хөтөлбөрийг явцын дунд гажуудуулчихсан. Үүнийг хуулиар засах шаардлагатай. Ажлын хэсэг байгуулагдсанаас хойш өнөөдрийн байдлаар 800 гаруй санал ирсэн. Энэ асуудлыг зайлшгүй өөрчилж, анхааралдаа аваач, хуульд өөрчлөлт оруулахдаа тусгаж өгөөч гэсэн ажилтан, багш сурган хүмүүжүүлэгч, сурагчдын санал бий. Тэдгээр санал, хүсэлтийг ажлын хэсэг дээрээ багцалж санал дүгнэлтээ боловсруулаад байнгын хороондоо танилцуулна.

Сургууль бүр санхүүжилтийг нэмэгдүүлэх санал гаргаж байсан. Боловсролын салбарын санхүүжилтийг нэмэгдүүлэх тал дээр магадгүй манайх шиг хойрго улс ховор байх. Та үүнтэй санал нийлэх үү?

Боловсролын салбарын санхүүжилтийг хангалттай гэж үзэхгүй байна. Гэхдээ байгаа боломждоо тулгуурлан өөрчлөлт хийж, түүнийгээ ашиглах тал дээр хангалтгүй. Бусад улсын хувьд эрүүл мэнд, боловсролын салбартаа хамгийн их хөрөнгө оруулалт хийдэг. Нэн тэргүүнд онцгойлон анхаардаг. Тэгэхээр манай төр  энэ хоёр салбартаа илүү хөрөнгө оруулалт хийж, илүү анхаарах зайлшгүй шаардлага бий.

Төрийн сургуульд ажиллах чадварлаг боловсон хүчин дутагдалтай байдаг гэх асуудал ч хөндөгдөж байна. Мөн л санхүүжилттэй холбоотой?

Нийгмийн асуудлыг нь шийдвэрлэж чадахгүйгээс үүдэлтэй төрийн сургуульд ажиллаж байгаа чадварлаг багш хувийн сургуулиуд руу явж байна гэсэн асуудал. Өмнө нь дэвтэр зассан мөнгө, дугуйлан ажиллуулсны нэмэгдэл гэх байдлаар нэмэгдэл авдаг байсан нь зогсчихсон. Ядахдаа энэ нэмэгдлийг сэргээчихвэл гэсэн асуудлыг хөндөж байна билээ. Төрийн сургуульд ажилладаг багш нар үнэ цэнэтэй юм шүү гэдэг ойлголт, ёс суртахууныг бий болгоё гэж зорьж байгаа ч хүн амьдрах эрхтэй. Өнөөдөр бүгд орон сууцны, цалингийн зээлтэй учраас төрийн сургуулиудад чадварлаг боловсон хүчнийг тогтоох хэцүү. Энэ бол багш нарын буруу биш. Тэгэхээр энэ бүхэн дээр төр бодлогоор анхаарах хэрэгтэй.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!