Сү.Батболд, Ч.Ганзориг нар Эрдэнэт үйлдвэрт 250 сая ам.долларын хохирол учруулсан уу?

2020-12-10
2 мин уншина

-Монголын ганцхан улстөрчөөс эргүүлэн авах учиртай 250 сая.ам доллар бол яг одоо дэлхий нийтийн амин чухал хэрэгцээ болчихоод байгаа коронавирусын вакцинаас Монгол Улсын 3 сая хүн амд худалдан авч болох хөрөнгөтэй тэнцэх дүн юм-

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны аравдугаар сарын 28-нд Монгол Улсын нэгэн улстөрчөөс 250 сая ам.доллар буюу 713 тэрбум 575 сая төгрөгийг улсад буцаан төлүүлэх захирамжийг уншигч Та харж байна. Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс оюу толгой ХХК, Нийслэлийн прокурорын газрууд хамтран Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн Сү.Батболд болон түүний хамаарал бүхий этгээдүүд төрийн өмч завшсан учраас буцаан төлүүлэх гомдлыг шүүхэд гаргасан бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш хэргийг хянан үзсэн байгаа юм.

Гомдолд дурьдсанаар, УИХ-ын гишүүн Сү.Батболдын хамаарал бүхий этгээдүүдийн тоонд Монгол Улсын иргэн Ч.Ганзориг (Эрдэнэт үйлдвэрийн захирал асан), У.Туул, О.Нямдалай, Б.Баттүшиг (Сү.Батболдын хүү), БНСУ-ын иргэн Чёнг Чү Ёнг, Ким Хак Сеон, Ким Ёонжун, Ли Юү Жеонг, Канг Еүн Жүү болон БНХАУ-ын Хонгконгод бүртгэлтэй Катрисон Лимитед компани, Швейцарын Холбооны Улсад бүртгэлтэй Клаивден Трейдинг Эи Жи компани, Британийн Виржинийн аралд үүсгэн байгуулагдсан Женетрейд Лимитед компаниуд багтдаг аж.

Дотоод гадаадын нэр бүхий нөхдийн 2010-2018 оны хооронд Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан 6 үндсэн гэрээ, 6 нэмэлт өөрчлөлт бүхий гэрээ, Айвенхоугийн хамаарал бүхий хувь болон хуулийн этгээд хооронд хийгдсэн хэлцлүүд нь хүчин төгөлдөр бус бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 56.1 дэх хэсгийг буюу, хууль зөрчсөн, нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан, дүр үзүүлэн хийсэн хэлцэл, хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болсон гэж шүүх үзжээ. Мөн тэднийг Монгол Улсын Компанийн тухай хууль болон Иргэний хуулийг зөрчсөн хэмээн буруутгасан байна.

Тэрчлэн С.Батболд болон тухайн үеийн Эрдэнэт ТӨҮГ-ийн ерөнхий захирал Ч.Ганзориг нар “Сонирхлын зөрчил бүхий хэлцэл” хийж Эрдэнэт үйлдвэрт ноцтой хохирол учруулсан, Ч.Ганзоригийн гэм хор учруулсан хууль бус үйлдэлд С.Батболд хамтран оролцсон гэж үзжээ. Тиймээс Сү.Батболд болон түүний төлөөний хүмүүсийн зүй бус үйл ажиллагаа явуулах замаар олж авч хуримтлуулсан бүхий л үр шим, орлого, ашиг болох 250 сая ам.долларыг нэхэмжлэгч талд Иргэний хуулийн 228.1 болон 429.1, 510.1 дэх хэсэгт заасны дагуу эргүүлэн төлүүлэхээр захирамжлаад, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Эрдэнэс Оюу толгой ХХК, Нийслэлийн Прокурорын газар нарын нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэжээ. Түүнчлэн шүүгчийн захирамжид зохигчид гомдол гаргах эрх хуулиар олгогдоогүйг Э.Энэбиш шүүгч нэмж сануулсан байна. Сү.Батболд тэргүүтнээс эргүүлэн төлүүлэх 250 сая ам.доллар нь Монголбанкны зарласан ханшаар 713 тэрбум 575 сая төгрөгтэй тэнцэж байгаа бөгөөд энэ нь дэлхий нийтийн амин чухал хэрэгцээ болчихоод байгаа коронавирусын вакцинаас Монгол Улсын 3 сая хүн амд хангалттай худалдан авч болох дүн юм.

Орчуулах »