Д.Сумъяабазар: Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг мэдэхгүй

0
380

Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар мэдээлэл хийлээ. Аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн үйлдвэрлэл 2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар 9,409.1 тэрбум төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 2,562.1 (37.4%) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэл 6,886.3 тэрбум төгрөг хүрч өмнөх оны мөн үеэс 2,088.2 (43.5%) тэрбум төгрөгөөр, үүнээс нүүрс олборлолт 1,101.9 (148.2%) тэрбум төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 802.6 (23.0%) тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн аж.

2017 оны эхний 9 дүгээр сарын байдлаар улсын төсөвт 1,075.4 тэрбум төгрөг татвар, хураамж хэлбэрээр төвлөрүүлсэн байна. Тухайлбал, алт 33.7 тэрбум төгрөг, нүүрс 388.3 тэрбум төгрөг, цайр 44.6 тэрбум, зэс 556.7 тэрбум, төмөр 7.6 тэрбум, жонш 5.1 тэрбум төгрөгийг төсөвт төвлөрүүлжээ.

Өнгөрөгч сарын 20-ны өдрийн байдлаар Кадастрын бүртгэлийн системд ашигт малтмалын  3184, ТТАМ-ын 527 тусгай зөвшөөрөл хүчин төгөлдөр бүртгэлтэй байгаа гэнэ. Үүнээс хайгуулын тусгай зөвшөөрөл 1789, ашиглалтын тусгай зөвшөөрөл 1395 ширхэг байгааг салбарын сайд мэдээллийнхээ эхэнд дуулгасан.

Мөн тэрбээр өнгөрөгч аравдугаар сарын 24-ний байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 42 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 67, Аи-92 автобензин 58, дизелийн түлш 27, ТС-1 онгоцны түлш 21 хоногийн нөөцтэй байгааг хэлсэн.

Олон жилийн турш яригдаж байгаа газрын тос боловсруулах үйлдвэр, түүхий тос дамжуулах хоолойн цогцолбор байгууламжийг барихад 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардах бөгөөд хөрөнгө оруулалтаа нөхөх хугацаа 11-12 жил гэнэ. Жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулж: евро-4, 5 стандартын шаардлага хангасан 670 мянган тонн автобензин, 560 мянган тонн дизель түлш, 35 мянган тонн онгоцны түлш, 150 мянган тонн шингэрүүлсэн шатдаг хий болон бусад бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүчин чадалтай байна гэж тооцоолжээ.

Дээрх мэдээллийн дараа тэрбээр сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө.

“Алт-2” хөтөлбөр олон нийтийн дунд нэлээн маргаан дагуулаад байгаа. Хөтөлбөр цаашид үргэлжлэх үү?

Өмнөх Засгийн газрын хэрэгжүүлж байсан  “Алт-2” хөтөлбөрийг цаашид үргэлжлүүлнэ. Тэр дундаа бичил уурхай, гар аргаар алт олборлож байгаа хүмүүст хандсан эрх зүйн орчныг хэрхэн сайжруулах вэ гэдгийг дахин судлах, журамд өөрчлөлт оруулах шаардлагатай. Тус хөтөлбөртэй холбоотой иргэдээс шүүмжлэл их ирж байгаа. Ялангуяа гар аргаар алт олборлодог иргэдийн алтыг Монголбанк худалдаж авах эрх зүйн зохицуулалт байхгүй учраас Монголбанкны удирдлагатай ярьж, түргэн шуурхай иргэдээс худалдаж авдаг болох асуудлыг ярилцаж байна.

Зөвшөөрөлгүй алт олборлож буй аж ахуй нэгжид ямар хариуцлага хүлээлгэх вэ?

“Алт-2” хөтөлбөрийн хүрээнд явж байгаа томоохон аж ахуй нэгжүүд дампуурч, үйл ажиллагаа явуулахгүй байгаа газраа гар аргаар алт олборлогч нарт түрээслүүлж, алтны татвараас зайлсхийж байна. Энэ бол Эрүүгийн хариуцлага үүрэх нөхцөл үүснэ гэсэн үг. Хууль зүй, дотоод хэргийн яам болон Монголбанктай хамтран улсын хууль дүрэм зөрчиж байгаа байдалтай хатуу тэмцэнэ. Мөн зөвшөөрөлгүй алт олборлож байгаа аж ахуй нэгжүүдийн лицензийг ажлын хэсэг гаргаж, газар дээр нь холбогдох хүмүүстэй хамтарч, шалгана. Шаардлагатай тохиолдолд лицензийг цуцлах арга хэмжээ авна.

Геологи хайгуулын лицензийг түр хойшлуулахаар шийдвэрлэсэн гэсэн. Энэ үнэн үү?

Ашигт малтмалын хэрэг эрхлэх газар дээр тодорхой байдал үүссэн учраас түр хугацаагаар хойшлуулж, ирэх арваннэгдүгээр сарын сүүлээр дүрэм журмаа боловсруулж гаргахаар төлөвлөсөн. Геологийн эрэл хайгуул, ордуудыг нээж илрүүлэхтэй холбоотой асуудалд салбартаа мэргэшсэн, бодлого, хүний нөөц сайтай, санхүүгийн чадавх сайтай аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллахад бэлэн. Ченжийн тогтолцооноос бид салах ёстой. Жишээ нь, тусгай зөвшөөрөлтэй холбоотой компаниудыг судлаад үзэхэд IT, эсвэл худалдааны компаниуд гээд чиглэлийн бус компаниуд маш олон лиценз авсан тохиолдол гарсан. Уул уурхайн салбар нь өөрөө зорьсон, чиглэсэн, Монгол Улсын эрдэс баялгийн нөөцийг нэмэгдүүлэх, нийгмийн хариуцлагатай аж ахуй нэгж оролцоосой гэж би боддог.  Уул уурхайн нөхөн сэргээлт хийдэг, орон нутагт бодитой хөрөнгө оруулалт хийж, нийгмийн асуудлыг шийдэх чадвартай компаниуд ажиллаж ёстой гэж бодож байна.

Ерөнхийлөгчийн зүгээс Сангийн сайд Ч.Хүрэлбаатарын томилгоонд  хориг тавьсан.  Хоригт бичсэнчлэн 30 гэр бүл олон лиценз эзэмшиж байгаа нь үнэн үү?

Нэг талаасаа улс төр. Нөгөө талаас бодит байдлаар 30 гэр бүл тэр, энэ гэж хэлж чадахгүй. Ерөнхийлөгчийн зүгээс оруулж ирж байгаа 30 гэр бүл ямар учиртайг мэдэхгүй. Миний зүгээс Ашигт малтмал, газрын тосны газарт шалгалтын ажлын хэсэг байгуулж, өнөөдрөөс ажлыг нь эхлүүлж байгаа. Ер нь хэдэн хүн ашиглалт, хайгуулын лиценз олгож байгаа эсэх нь тодорхой гараад ирэх байх.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!