С.Эрдэнийн эзэн

0
60

АН-ын малгай солигдсоноос толгой солигдсонгүй. Намын даргын сунгааны дараахан эл намын гишүүдийн амнаас хамгийн ихээр гарах болсон үг. Үнэндээ ч “Шонхор”-ынхны гарт байсан тамганд салхи ороогүй. Тиймдээ ч С.Эрдэнэ бол том биетэй З.Энхболд гэх улс төрийн хэлц ч гарах болсон биз. Магадгүй АН-ын Их хурлын дараах шинэчлэлийг сийрүүлбэл, шат шатны сонгуулийн дэнчин. Түүнийг тойрсон эсэргүүцэл, намын гишүүдийн бухимдлаар үйл явцыг дүгнэж болохуйц.

Намын даргаас эхлээд шат шатны албан тушаалтныг нийт гишүүдийн саналаар сонгох нь АН-ын хийхээр зорьсон томоохон өөрчлөлтийн нэг мөн. Гэвч өнгө мөнгөний зүс зааж, халаасны босго тавина гэж заагаагүй гэдгийг намын гишүүд нь хэлж байгаа юм. Харин энэ талаар АН-ын дарга асан З.Энхболд “Зардалгүй сонгууль гэж угаасаа хаана ч байхгүй. Нэгэнт улсын төсвөөс мөнгө төлдөггүй юм чинь өрсөлдөх хүмүүс нь өөрсдөө зардлаа даахаас өөр аргагүй. Намаас ямар ч мөнгө зарцуулахгүй. Намын даргад өрсөлдсөн хүмүүсээс 250 сая төгрөг нэхлээ гэж нэр дэвших бодолтой намын зарим нэг гишүүн бухимдсан. Сонгууль нь ч шинэ, зардлыг нь өөрсдөөс нь гаргадаг нь ч шинэ болохоор цочирдсон байх. Гэхдээ тэр 250 сая төгрөгийг нэр дэвшигчид хувиасаа гаргаагүй хандиваар босгосон. Дэлхий дээр аль ч улсын ямар ч улс төрийн нам, гишүүд, ямар ч сонгуульд нэр дэвшигчид хандив босгохоос ажлаа эхэлдэг. Өөрийг чинь намын дарга эсвэл УИХ-ын гишүүн болно гэдэгт хандивлагчид итгээд мөнгө өгвөл сонгуулийн ажлын тал нь бүтлээ гэсэн үг. Манай нам ч гэсэн энэ жишгийн дагуу явж байгаа” хэмээн хэвлэлд ярьжээ. Мөн тэрбээр 2020 онд АН-аас УИХ-д нэр дэвшье гэвэл ҮБХ-нд өрсөлдөж орж ирэх хэрэгтэйг сануулаад амжсан. Мэдээж энэ сунгаанд өрсөлдөхийн тулд дэнчинтэй, дээр нь гурван сая төгрөгийн “татвар”-тай.

З.Энхболдыг намын даргын албыг хашсан он жилүүдийг тус намын гишүүд тийм ч сайхнаар дурсдаггүй. Тэр дундаа эл намын залуучууд нь. Ямартаа л түүнийг дарангуйлагч гэж ч нэрлэж байсан удаатай. Харин тэрбээр “Би дарангуйлагч биш. Харин дэг тогтоогч” хэмээн тайлбарлаж байлаа. Зи өнгөрсөн хугацаанд шийдвэр гаргах эрх мэдэл байсан уу, байсан. Бүр хангалттай байсан. Тиймдээ ч тэр Н.Алтанхуягийн Засгийн газрын огцруулж дөнгөсөн. Мөн фракцийнхаа хүчийг алхам алхмаар зузаатгасан. АН-ын аливаа хурал, цуглаан хэл ам, уриа лоозонгүй болох нь ховор. Гэхдээ З.Энхболдын засаглаж байсан үе шиг залуучууд нь хөөгдөж, уриа лоозонг нь гишгэчилж байсан нь цөөн байх. Ямартай ч 2016 оны УИХ-ын сонгуулиар АН-ын гишүүд МАН тэргүүтэй намынхантай бус гагцхүү З.Энхболдтой өрсөлдсөн юм. Тиймдээ ч МАН сайндаа биш сиймхийгээр нь үнэмлэхүй ялалт байгуулж, харин АН-ын гишүүд хүссэндээ хүрч З.Энхболдыг С.Эрдэнийн вант улсад өвдөг шороодуулж дөнгөсөн. Улмаар намыг ялагдалд хүргэсэн З.Энхболд тахимаа өгч, энэ намд шинэчлэлийн салхи сэвэлзүүлнэ гэж итгэж байв. Харамсалтай нь, нөхцөл байдал дээрдсэн эсэх нь эргэлзээтэй.

С.Эрдэнийг намын даргын сунгаанд өрсөлдөхөө илэрхийлэхээс эхлэн мань хүнийг том З.Энхболд гэж харагсад энэ нам олон байсан нь нууц биш. Улмаар З.Энхболд хөшигний ард бүхнийг хийж байгаа цагт намын дарга хэн болох нь ч тодорхой гэх яриа амнаас ам дамжсан. Тэр ч бүү хэл, Л.Наранбаатар “Би Ванга шиг хэлье. С.Эрдэнэ намын дарга болно” хэмээн намын даргын сонгуулийн сурталчилгааны үеэр мэдэгдэж байв. Үнэхээр ч С.Эрдэнэ намын дарга болов. М.Батчимэг тэргүүтэй олон гишүүн намын даргын сонгуульд саналаа өгч чадаагүйдээ гоморхсоор хоцров.

Ж.Батзанданг эс тооцвол С.Эрдэнийг намын дарга болсонд олон хүн талархаагүй. Тэр дундаа намын даргад өрсөлдөгчид нь. Гэсэн ч ардчиллын зарчмаа дагаж, хамтрахаар болсон гэх. Мэдээж С.Эрдэнэ намын даргын тамгаа гардмагцаа гал тогоогоо өөрийн хүн Ц.Туваанд шилжүүлэв. Энэ нь ч зүй биз. Намын байраа ч шинэчилж, “Шонхор”-ынхоо үүрэнд авчрав. Түүний шинэчлэлийн гарааны эхлэл нэг иймэрхүү. Өдгөө шат шатны сонгуулийн дэнчингээр тэрхүү шинэчлэл нь үргэлжилж байна. Албан бус мэдээллээр С.Одонтуяаг Нийслэлийн АН-ын дарга болгох тохироо бий ч гэлцэх. Хэрэв энэ үнэн бол С.Эрдэнэ Баянгол хэмээх вант улсаас хальж АН хэмээх эзэнт гүрэнтэй болохоор сэтгэл шулуудсан бололтой.

Энэ бүхний эцэст З.Энхболд С.Эрдэнэ хоёр угтаа нэг хүн гэх гишүүдийнх нь хардлага баталгаажих шиг. Дараагийн сонгуулийн дүн гартал “Шонхор”-ынхны ноёрхол АН-д цэцэглэж, нам доторх дотоод ардчилал, сэлгээ, ротаци гэх үлгэрийг хойч үедээ ярьдаг болох нь.

Гэхдээ тэр их ноёрхлын дараа эмгэн эвдэрхий тэвштэйгээ үлддэгийг эргээд нэг санахад илүүдэхгүй л болов уу.

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!