Л.Галбаатар: Цахим орчин дахь мэдээллийн 70 хувь нь садар самуун, хүчирхийлэлтэй холбоотой байдаг

0
71

Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор хуульч, судлаач Л.Галбаатарыг ярьж, гэр бүлийн маргаан шийдвэрлэх, орчин нөхцөлийг сайжруулах олон улсын туршлага хийгээд цахим орчин дахь хяналт, эрх зүйн орчны талаар ярилцлаа.

Монгол Улсад сүүлийн жилүүдэд гэр бүлийн салалт ихэссэн төдийгүй, иргэний хэргийн шүүхэд хэлэлцэгдэж байгаа асуудлын 10-20 хувийг гэр бүл салалтын хэрэг эзэлж байгаа гэсэн судалгааны талаар шүүхийн байгууллагынхан онцолж байна. Нөгөөтэйгүүр, дагнасан шүүх байгуулах тухай хөндөгдөх болсоор удлаа. Энэ талаар дэлхийн бусад орны туршлагаас яриагаа эхлэх үү?

Дэлхийн ихэнх улсад гэр бүлийн дагнасан шүүх ажиллуулдаг. Учир нь гэр бүлийн маргаан өөрийн гэсэн онцлогтой. Нэхэмжлэлийн шаардлага нь бусад хэргээс ялгаатай. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч хэдэн төгрөг авья гэхээс илүү гэрлэлтээ цуцлуулж хүүхдээ өөр дээр авах сонирхолтой байдаг. Хоёрдугаарт, тухайн шүүх ирээдүйн асуудлыг харж шийдвэр гаргадгаараа онцлог. Тухайлбал, хүүхдийг хэнд үлдээх нь ирээдүйд ямар үр дагавартай байхыг сайтар анхаарч, бодолцож, шийдвэрээ гаргана гэсэн үг. Иймээс гэр бүлийн дагнасан шүүх, шүүхийн танхим ажиллуулах шаардлага бий.

Дагнасан шүүхээс гадна мэргэжилтэн чухал үүрэг гүйцэтгэдэг гэж сонсч байсан юм байна?

Гэр бүлийн асуудлыг шийдвэрлэх нь зөвхөн хууль эрх зүйн асуудал биш юм. Шүүхийн сэтгэц гэм судлал, сэтгэл зүй зэрэг нийгмийн шинжлэх ухааны онол, судалгаа чухал. Тиймээс шүүх ажилтнуудаас гадна мэргэжилтэн заавал ажилладаг дэлхийн жишиг бий. Өөрөөр хэлбэл, сэтгэл зүй, эрх зүй нийгмийн халамж гээд тухайн хэрэг маргаан шийдвэрлэхтэй холбоотой нарийн мэргэжлийн шинжээчийг ажиллуудаг. Улмаар тухайн мэргэжилтэн шүүх хуралд чухал үүрэгтэйгээр оролцдог. Нөгөөтэйгүүр, гэр бүлийг аль болох эвлэрүүлэн зуучлах зарчмыг баримталдаг.

Манайх ч мөн ялгаагүй ийм зарчимтай тийм биз?

Дэлхийн ихэнх оронд гэр бүлийн дагнасан шүүхийн дэргэд эвлэрүүлэн зуучлах төв байдаг. Тухайн гэр бүлийн маргааныг шүүхээр шууд тас гээд шийдэхээсээ илүү аль болох эвлэрүүлэн зуучлахыг урьтал болгон ажилладаг. Гэр бүлийн маргаан эрх зүйн асуудлаас илүүтэйгээр сэтгэл хөдлөл боловсрол, хүмүүжлийн тал нь давамгайлсан байдагтай холбоотойгоор сэтгэлзүйч, эрх зүй, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлуудаар мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлага тулгардаг. Олон улсын эрх зүйн талаас нь авч үзвэл Гагийн долоон конвенцийг дагаж мөрддөг жишиг дэлхий нийтэд бий. 1956 оноос эхлэн дагаж мөрдөж байгаа эл конвенцийн дөрөв нь Хүүхдийн эрх ашгийг хамгаалахтай холбоотой бол гурав нь Гэр бүлийн харилцааг зохицуулахад оршдог. Европын холбоо ч мөн өөрийн гишүүн орнуудын 2001 оноос эхлэн дагаж мөрдөх зохицуулалтын бичиг баримтуудаа гаргасан байдаг.

Гэр бүлийн маргаан гэхээр хоёр хүний ойлголт мэтээр хүлээн авах нь элбэг. Гэтэл гадны хүнтэй гэр бүл болох эсвэл гадаадад гэрлэлтээ батлуулж, цуцлуулахаас үүдэлтэй эл асуудал үндэстэн дамнасан шинжтэй байдаг тухай та хэлж байсан. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юу?

Гэр бүл салж, нийлэх нь хоёр хүний асуудал мэтээр нийтээрээ ойлгодог. Сүүлийн үед гадаад орны иргэдтэй гэр бүл болох тохиолдол түгээмэл болсон. Мөн хэдийгээр нэг улсын иргэд ч өөр улсад гэрлэлтээ батлуулах цуцлуулах явдал ч олон. Энэ үүднээсээ хоёр хүний асуудал биш үндэстэн дамнасан шинжтэй харилцаа болж байгаа юм. Тиймдээ ч дэлхийн ихэнх орон гэр бүлийн дагнасан шүүх байгуулахыг зорьдог.

Манай улсад ч ийм шаардлага байгаа талаар шүүгчид хэлж байна. Боломж бололцоо хэр бий бол?

Манай улсын хувьд гэр бүлийн маргааны асуудлаар мэргэшсэн шинжээч зөвлөхүүд байдаггүй.  Шүүгч бие даан дангаараа шийдвэрлэх хандлага давамгайлж байгаа. Гэр бүлийн маргааныг шийдэхдээ ирээдүйн хэдэн жилийн асуудлыг харж шийдвэр гаргадаг онцлогтой учир зөвхөн шүүгч дангаараа шийдвэр гаргах нь учир дутагдалтай. Иймээс энэ төрлийн хэргийг шийдвэрлэхэд сэтгэүлзүйч, эрх зүй, нийгмийн халамж, боловсрол гэх мэтийн нарийн асуудлуудаар мэргэшсэн шинжээч мэргэжилтнүүдийг оролцуулах шаардлага байна. Цаашдаа дагнасан шүүх байгуулах хууль эрх зүйн боломж бол бидэнд байгаа. Гэвч санхүү, хүний нөөцийн асуудал бэрхшээл болоод байгаа юм.

Монголд эвлэрүүлэн зуучлах тогтолцоог бий болгоод багагүй хугацаа өнгөрч байна. Энэ хүрээнд үр дүн гарсан гэж ч тодотгодог?

Сүүлийн гурван жил шүүхээр шийдэгдсэн гэр бүлийн хэрэг маргааныг авч үзэхэд буурах хандлага ажиглагдсан. Улмаар маргаан буурч уу гэхээр үгүй. Тухайн маргаан нь эвлэрүүлэн зуучлалаар эвлэрүүлж байгаатай холбоотой үзүүлэлт байсан. Иймээс шүүхээс шийдвэрлэгдсэн маргаан цөөн. Харин эвлэрүүлэн зуучлах дээрх маргаан нь өссөн үзүүлэлттэй. Дэлхийн бусад орны туршлагаас үндэслэн авах гээхийн ухаанаар хандах зайлшгүй шаардлага бидэнд бий.

Шүүхээр асуудлыг шийдвэрлэхийн өмнө эвлэрүүлэн зуучлахын тулд олон арга хэмжээг авч ажилладаг жишиг дэлхийд бий. Судлаач хүний хувьд зарим нэг жишээг нэрлэж болох уу?

Тухайлбал, Австралийн жишээн дээр авч үзвэл 20 гаруй мянган нэхэмжлэл хүлээн авдаг юм билээ. Хэргийг шүүхээр эцэслэхээс өмнө ямар үйл ажиллагаа явагддаг вэ гэхээр утсаар зөвлөгөө мэдээлэл өгнө. Мөн шүүхийн ажилтнууд мэйл бичижх байдлаар нэмэлт үйлчилгээнүүд явагдсаны үндсэн дээр 20 хэдэн мянган хэрэг шүүхэд 2000 орчим болж ирдэг. Өөрөөр хэлбэл, урьдчилан сэргийлэх ажиллагааг сайн хийдэг. Үүнээс харахад, шүүхээр шийдвэрлэх асуудал үнэхээр байсан уу үгүй юу гэдэг асуулт гарч ирж байгаа юм.

Гэр бүл салалтын шалтгаан нь цахим орчин буюу фейсбүүк болж хувирсан гэнэ. Тэгэхээр цахим орчин дахь эрх зүйн зохицуулалт манай улсад зайлшгүй шаардлагатай бололтой?

Гэр бүлийн маргаан гарах үндэслэлүүдийг сэтгэл зүйчид эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн эрх зүйн ялгаа, түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй байдалтай холбоотой гэж үзэх нь бий. Мэдээж гэр бүлийн харилцаа олон хүчин зүйлээс шалтгаалдаг. Таны хэлдгээр цахим орчин дахь харилцаанаас үүдэлтэй гэр бүл салалт бий болсныг үгүйсгэх аргагүй. Магадгүй 24 цагийн 20-ийг нь цахим орчинд өнгөрүүлж байгаа нь хоорондоо харилцахгүй, ойлголцохгүй байгаагаас үүдэлтэй үл ойлгол бий болох. Амьд харилцаа алдагдах, гэр бүлийн маргаан тасрахгүй байх хандлага бий.

Та судлаач хүн. Цахим орчноос үүдэлтэй гэр бүл салалтын шалтгаан нэмэгдсэн, улмаар шийдвэрлэх арга зам эрэлхийлсэн улс орон дэлхийд хэр байдаг юм бол?

Цахим орчинтой холбоотой гэр бүлийн маргаан нэмэгдлээ гэх байдлаар нарийвчилсан дүн хэлж мэдэхгүй юм. Цахим орчины талаар баримтлах бодлого улс орон бүрт адилгүй. Хууль, эрх зүй  гэхээсээ илүүтэй тухайн технилогийн байгууллагын журмаар зохицуулагдсан байх нь элбэг. Тухайлбал, фейсбүүк гэхэд өөрийн гэсэн журамтай. Нууцлалын тохиргоогоо яаж хийх, ямар контентийг эерэг, сөрөг гэж үзэх гээд. Жишээ нь, миний оруулсан нэг зургийг зохисгүй зураг гэж үзээд репорт хийж фейсбүүкэд хүлээж авахгүй байх боломж би гэдэг ч юм уу. Товчхондоо, тухайн технилогийн байгууллага давуу талаа ашиглаж, энэ зан үйлийг журмалдаг.

Цахим орчноос үүдэлтэй ганц гэр бүл салалт нэмэгдсэн юм биш. Цахим орчноор дамжин үйлдэгдсэн гэмт хэргийн хохирогчид нь ихэвчлэн өсвөр насны охид. Мөн цахим орчноор дамжуулан өсвөр насны хүүхдүүд нэгнийгээ гадуурхаж, амиа хорлох нөхцөл байдалд ч хүргэсэн тохиолдол бий. Цагдаагийн байгууллагын өгсөн мэдээллээр 2012-2016 онд 92 хүүхэд сэтгэл гутрал, гадуурхал, хүчирхийлэл, дарамт шахалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон тоо баримт бүртгэгдсэн байдаг. Тэдний 80 хувь нь цахим орчин дахь гадуурхалтаас үүдэлтэйгээр амиа хорлосон гэж. Тэгэхээр цахим орчин дахь энэ гадуурхлыг хэрхвэл зохилтой вэ?

Цахим орчин гэр бүлээс гадна маш олон зүйлд сөргөөр нөлөөлж байна. Мэдээж цахим орчныг огт хэрэглэхээ боль гээд хязгаарлачихаж болохгүй. Харин зохистой хэрэглэ, тухайн хэрэглэж байгаа вэб сайт, цахим орчин дахь дүрэм журмаа дагаж мөрдөх, хэрэгтэй мэдээллээ авах тал руу анхаарлаа хандуулах чиглэл, заавар зөвлөгөө л өгөх боломжтой. Жишээ нь амралтын өдөр фэйсбүүк “ухаж” суухын оронд аль болох салхинд гарч, нийтээрээ хөгжилдөх, гэр бүлтэйгээ дотно амьд харилцаа үүсгэх гэдэг ч юм уу. Ер нь цахим орчин ул мөрөө үлдээдэг гэдгийг санах хэрэгтэй. Маш олон сөрөг үр дагавартай учраас аливаа зураг, коммент оруулахдаа сайтар бодож шийдвэр гаргах нь чухал юм.

Дэлхийн бусад оронд цахим орчны хяналт, зохицуулалт хэр байдаг юм бол?

Цахим орчны зохицуулалт нэлээн хянамгай явж байгаа улс бий. Эцэг, эх хүүхдүүдэд аль алинд нь зориулсан цахим орчинтой холбоотой зан үйл, эрсдэл зэргээр зөвлөгөө өгдөг байнгын төвүүд ажилладаг улс ч байна. Тухайн төв нь 24 цагаар ажилладаг бөгөөд дуудлагаар үйлчилнэ, эсвэл мэйл бичихэд хариу өгдөг. Хүүхэд, таны хэлдгээр өсвөр насныхан цахим орчинд дарамтад өртөх, эсвэл гадуурхагдах үед нөгөө төв рүү утасдаж, надад ийм асуудал тулгарлаа, би яаж шийдэх үү гэх байдлаар зөвлөгөө авдаг. Улмаар тэрхүү төвүүд цахим орчинд хэрхэн зөв мэдээлэл авах, эрсдлээс өөрийгөө яаж хамгаалах талаар зөвлөгөө өгч байдаг. Мөн эцэг, эхчүүдэд ч сөрөг мэдээллээс хүүхдээ хол байлгах талаар заавар, зөвлөгөө өгдөг. Манайд гэлтгүй дэлхийн зарим оронд цахим орчинтой хэрхэн харьцах талаар хүүхдээсээ дор мэдлэгтэй эцэг, эх бий. Иймээс дээрх төвүүд энэ ажлыг гүйцэтгэдэг гэсэн үг.

Манайд ийм төв ажиллах боломж нөхцөл хэр бий вэ?

Манайд энэ алхам эхэлсэн гэж ойлгож байгаа. НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь суурин төлөөлөгч Харилцаа холбооны зохицуулах хороо зэрэг байгууллагууд хамтраад эхний ээлжинд цахим орчин дахь эрсдлээс хэрхэн өөрийгөө хамгаалах талаар зөвлөгөөнүүдийг Монгол хэл дээр бэлтгээд эхэлсэн. Хүүхэд цахим орчинд ямар зан үйл баримтлах талаар веб сайтууд дээр Монгол хэлээр энгийн байдлаар ойлгуулах нийтлэлүүд гарсан байна билээ. Өмнө нь цахим орчинтой харилцах харилцааны талаар мэдэх ёстой зүйлүүд гадаад хэл дээр байдаг байсан юм. Тэгэхээр энэ орон зай нөхөгдөж, Монгол хэл дээрх заавар зөвлөгөө бий болсон нь эхний алхам. Магадгүй дээрх төвийг байгуулахын тулд мэргэжилтнүүдийг бэлтгэж байгаа нь ч байж мэднэ.

0-5 настай хүүхдийн зургийг цахим орчинд тавьж, олон нийтэд хүргэх нь гэмт хэрэг гэж үздэг улс бий. Харин манайд энэ төрлийн зохицуулалт гэж байна уу?

Өнгөрсөн оны хоёрдугаар сарын 5-нд Хүүхдийн эрхийн тухай хууль шинээр батлагдлаа. Хууль өнгөрөгч есдүгээр сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн. Эл хууль батлагдсанаар эцэг эх хүүхдээ мэдээллийн сөрөг нөлөөнөөс хамгаалах үүрэгтэй болохыг хуульчилж өгсөн юм. Үүнээс өмнө ийм эрх зүйн зохицуулалт манай улсад байгаагүй. Энэ хуулиар хүүхдийн эрхийг хангахад төрийн байгууллага, иргэн, аж ахуйн нэгж байгууллагын эрх, үүргийг тодорхойлсон. Тэр дундээ эцэг, эхийн үүргийг ч хуульчилсан. Хууль хэрэгжиж эхлээд жил ч болоогүй байна. Иймээс үр дүнгийн талаар хэлэх нь эрт юм.

Цахим орчин дахь гэмт хэрэгт шууд бус утгаараа эцэг эхчүүд буруутай. Өөрөөр хэлбэл, хүүхдээ цахим орчин юу хийж байгаа талаар нь хяналт тавьж чаддаггүйгээс. Тийм биз?

Хууль эрх зүйн хувьд хүүхэд 18 нас хүртлээ сурч, боловсрох, хөгжих эрхтэй. Нөгөө талаар сэтгэл зүйн хувьд дарамтгүй байх ёстой. Интернетийг шууд хязгаарлая гэхээр Харилцаа холбооны байгууллага сайшаадаггүй. Интернет орчиныг зөв ашиглаж чадвал хүүхдийн сурч, боловсрох орчин нөхцлийг бүрдүүлэх боломж бий. Зөв, үнэн бодит мэдээллийг олж авах боломжтой. Иймээс хязгаарлах гэхийн оронд хэрхэн зөв мэдээллийг олж авах талаар зөвлөгөө өгч, сургах шаардлага бий. Тухайлбал, интернет, цахим орчин дахь мэдээллийн 70 хувь нь садар самуун, хүчирхийлэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Үлдсэн 30 хувь зөв мэдээлэлтэй. Тэгэхээр тэндээс хэрхэн зөв мэдээлэл авах вэ гэдэг аргыг зөвлөх.

Иймээс л эрх зүйн зохицуулалт шаардлагатай юм биш үү. Мэдээж, эцэг эхийн болоод хүүхдийн ухамсарт нь зөв мэдээлэл олж авах талаар суулгах нь зөв. Гэхдээ ..?

Ямар зохицуулалт хамгийн үр дүнтэй вэ гэдэг асуулт давхар урган гарна. Судлаачдын зүгээс тухайн хуулийн үндэслэл, эрх зүйн зохицуулалтыг боловсруулах үйл явцад оролцож, туршлагыг нь таньж мэдсэн хүн батлагдаж гарсан хууль, дүрмийг дагаж мөрддөг гэж үзэх нь бий. Иймээс хуулийн зохицуулалтаар торгоно, баривчилна гэж айлгахаасаа илүүтэй энэ зохицуулалт хэрэгтэй юм шүү гэдгийг танин мэдүүлэх зорилго нь чухал. Магадгүй цахим орчны талаар хуулийн төсөл, журам боловсруулж, хэлэлцүүлгийг нь өргөн хүрээнд зохион байгуулбал ач холбогдол нь өндөр байх болов уу. Энэ нь өөрөө хуулийн заалтаар айлгахаас илүүтэй боломж эрх зүйн зохицуулалтыг ойлгуулах нь илүү үр дүнтэй ажил. Ямар хууль эрх зүйн зохицуулалт хэрэгтэй байна гэдгээ дүн шинжилгээ хийсний үндсэн дээр боловсруулах шаардлагатай. Манайд яг цахим орчинд хүүхдээ хэрхэн хянах талаар хууль тогтоомж байхгүй. Гагцхүү бусад өөр өөр агуулгатай хуулиудаас түүвэрлэж, хэрэглэдэг. Мэдээж тэдгээр хуулийн зорилго нь өөр учраас тийм ч тохиромжтой биш.

Цахим орчноор дагнасан хуультай ямар улс байна вэ?

Тухайлбал, Англид цахим орчинд хүүхэдтэй хамааралтай хууль бий. Оросын хувьд 2011 онд хуулт эрх зүйн орчинтой болсон.

Оросод батлагдсан тэрхүү хуулийн зохицуулалтын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгвөл..?

Цахим орчин хүүхдэд олон сөрөг үр дагавартай гэдгийг авч үзсэн. Гэхдээ шууд хязгаарлах биш. Тэндээс хэрэгтэй мэдээлэл авах эрх нь нээлттэй. Үүнийг хангахын тулд эцэг, эх, төр болон төрийн бус байгууллага, сургууль ямар үүрэгтэй оролцох вэ гэдэг зохион байгуулалтын асуудлыг нь хуульчилж өгсөн. Монголын нөхцөлд аваад үзвэл сайн дурын шинжтэй. Эцэг эх, төр болон төрийн бус байгууллагууд хуулиар үүрэг хүлээгүй учраас сөрөг талууд бий. Харин Оросод батлагдсан тэр хуулиар сөрөг мэдээллээс хэрхэн хамгаалах арга замыг нь заасан. Түүнээс биш хуулийн хүрээнд торгох арга хэмжээг чухалчлаагүй. Зохион байгуулалт, боловсрол, хүмүүжил олгох чиглэл рүү хандсан хууль болж чадсан. Улмаар боловсролын байгууллагын үүрэг оролцоо нэлээн чухлаар тавигдсан. Мөн харилцаа холбооны байгууллагуудын зөвлөмжийг тусгасан нэлээн шинэлэг хууль болж чадсан.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!