З.Жанжаадорж: “дордуулсан” долоон өөрчлөлтөөр эрх мэдэл хуваарилах зарчим алдагдсан

0
222

-ХОТ ГЭЖ ЗААВАЛ БАЙХ ЁСТОЙ ГЭСЭН САНАЛАА ГУРВАН УДАА ИЛЭРХИЙЛСЭН Ч ХУУЛЬД ОРУУЛЖ ЧАДААГҮЙ-

“Ярилцах танхим”-ын энэ удаагийн зочноор Монгол Улсын байгаль орчны гавьяат ажилтан, сайд асан З.Жанжаадоржийг урьж оролцууллаа. Тэрбээр 1992 онд шинэ Үндсэн хуулийг батлалцсан Ардын Их Хурлын депутатуудын нэг байсан юм. Үндсэн хуулийн 25 жилийн ойн өдөр энэ эрхэмтэй уулзаж ярилцлаа.

Шинэ Үндсэн хуулийг өлгийдөж гардан авагчдын нэгтэй уулзаж байгаа болохоор Танд энэ өдрийг тохиолдуулж баяр хүргэе.  

За баярлалаа. Өнөө маргаашдаа ямартай ч урилга, заллага ихтэй л байна.

1992 оны эхэнд Үндсэн хуулиа батлалцаж байсан тэр үеийнхээ дурсамжаас хуваалцаач?

Монгол орны өнцөг булан бүрээс сонгогдож ирсэн 430 депутат шинэ Үндсэн хуулиа 70 гаруй хоног хэлэлцэж баталж байлаа. Зарим нэг нь “Нэгдлийн дарга нарын баталсан хууль” гэж  шоглох нь байдаг. Үнэхээр тэр үеийн Ардын Их Хурлын депутатуудын дийлэнх нь сум, нэгдлийн дарга нар байсан байх. Тэд иргэдтэй хамгийн ойр, амьдралын жинхэнэ халуун тогоонд  байдаг туршлагатай, зангарагтай хүмүүс гэдэг утгаараа орон нутгийнхан тэдэндээ итгэл даалгавар өгч илгээсэн хэрэг.

Та бас сум, нэгдлийн дарга нарын төлөөлөл байсан уу?

Үгүй, үгүй. Би тэр үед Дундговь аймгийн Засаг даргаар ажиллаж байсан.

Урьд нь Та сайдаар ажиллаж байл уу?

Би Усны аж ахуйн яам гэж байхад сайдаар нь хэдэн жил ажиллаад манай яам Хөдөө аж ахуйн яамтай нэгдэхэд нэгдүгээр орлогч сайдаар ажиллаж байгаад Дундговийн даргаар томилогдож очиж байлаа.

Тухайн үед АИХ-ын депу­татууд маань парламентын засаглалыг сонгож авсан шалтгаан юу байсан юм бол. Монголчуудын хувьд парламаентын засаглалын бэлэн зэлээхэн уламжлал туршлага бага байсан шүү дээ?

Шинэ Үндсэн хуулийг боловсруулах ажил бүр 1980-аад оны сүүлчээр эхэлж манай нэртэй хуульчид төсөл дээр нь ажиллаж үндсэндээ хайрцаглачихаад байсан юм билээ. Үүн дээр шинээр шилжиж буй нийгмийнхээ харилцааны онцлог талуудыг тусгаж, дэлхий нийтийн жишгийг түлхүү харж, засаглалын хэлбэрүүдийн сайн муу, давуу хийгээд сул талуудыг сайтар судалсаны үндсэн дээр парламентын засаглалыг сонгож авсан. Засаглалын хамтын удирдлагын хэлбэр шүү дээ. Энэ сонголт зөв байсан гэж би боддог.

За, парламентын засаг­лалыг сонгож авчээ. Энэ нь ч зөв хэлбэр байжээ. Гэхдээ одоо хоёр танхимтай парламентын тухай санаашраад байна шүү дээ. Тэр үед Та бүхэн хоёр танхимтай парламенттай байхаар хуульчилж болоогүй юм уу?

Болоогүй л юм даа. Яригдаагүй биш яригдаж байсан асуудал. Их, Бага хуралдай гэхчлэн. Бараг шийдэгдэх гэж байсан. Гэхдээ учир жанцан байна аа. Цаг үе нь арай л болохгүй байсан юм. Нөгөө “Ардын засаг гэдэг ч юу билээ, авдаг өгдөг нь хаа ч билээ” гэдэг шиг тухайн үед байнгын ажиллагаатай парламент гэдэг юм маань өөрөө  биежээгүй, монголчуудын хувьд цоо шинэ гэмээр төсөөлөл байлаа шүү дээ. Тийм болохоор депутатуудын энэ талын мэдлэг ойлголт ч бас иймэрхүү хэмжээнд байсан байж таарна. Өөрөөр хэлбэл, парламент өөрийгөө бий болгох  гэж цаг хугацаа их шаардахаар байсан. Тийм болохоор эхлээд нэг танхимтай байлгаж, алдаа оноог нь цаг хугацаагаар дэнсэлье гэсэн санаа оноо түлхүү байсан. Тэр битгий хэл парламент гэж заавал гадаад үгээр нэрлэх хэрэг байна уу гэсэн санал ч гарч байсан санагдана.

Өөр санал гарч байсан уу?

Засаглалын бусад хэлбэрүү­дийн талаар ярилцаж тунгааж байсаан. Хаант засаглал, Ерөн­хийлөгчийн засаглал гээд яригдаж байсан ч дэмжлэг авч чадаагүй. Ер нь нэг хүн дээр төвлөрсөн энэ мэт засаглалын хэлбэрүүд улс орны тогтвортой байдалд тийм ч таатай биш гэж байсан санагдаж байна.

Үндсэн хууль хэлэлцэх үед Та ямар ямар санал гаргаж байв. Хуульд тусгаж чадсан уу?

Үндсэн хуулийг 70 гаруй хоног хэлэлцсэн. Өглөө 9.00 цагаас эхлээд орой  ажил тартал, заримдаа бүр үдэш болтол хэлэлцэнэ, ярилцана, заримдаа маргана. Тэр олон 430 депутат хурлаа таслах байтугай тав арван минутаар хоцорч байгаагүй. Тийм л хариуцлагатай, үүрэг зорилгоо ухамсарласан хүмүүс байсан. Миний хувьд бараг өдөр бүр босч санал бодлоо хэлдэг байсан. Ихэнх нь хуульд тусгалаа олж суусан. Харин нэг л саналыг хамгаалж чадаагүй.

Тэр нь ямар санал байсан бэ?

Засаг захиргааны нэгж аймаг, хот, сум, баг гэж байлаа. Эндээс хот гэсэн статусыг авчихсан. Хот гэж заавал байх ёстой гэсэн саналыг гурван удаа илэрхийлсэн ч хуульд оруулж чадаагүй. Аймгуудын төвийг хот гэж нэрлэдэг байсныг сум болгочихсон. Үүний уршиг Улаанбаатар руу чиглэсэн их нүүдлийг эхлүүлсэн, орон нутгийн хөгжил хойш тавигдсан гээд хүсээгүй олон үр дагавар авчирсан.

Үндсэн хууль батлагдаад 25 жил өнгөрчээ. Ингэхэд Та бүхний эх барьж авсан Эцэг хууль хэр сайн хууль болсон бэ. Сайн хийгээд саар тал ажиглагдаж байх юм уу?

Тухайн үеийн улс орны байдал гэвэл Монгол Улс нэг нийгмийн харилцаанаас нөгөө нийгмийн тогтолцоо руу шилжиж байсан үе. Тийм болохоор нийгмийн шинэ харилцааг зохицуулахын тулд Үндсэн хуулиа шинэчлэх зайлшгүй шаардлага гарсан. 1992 оны Эцэг хуулиа сайн, саар хууль гэж ярихаас илүүтэй шилжилтийн үеийн харилцааг зохицуулах үүргээ хангалттай биелүүлж байгаа гэж хэлмээр байна.

Төгс төгөлдөр юм гэж юу байхав. Алдаа, оноо байгаа л байх. Тухайлбал, хотын статусыг авч хаясан, орон нутгийн удирдлагын уялдаа холбооны зохицуулалт дээр анхаармаар заалтууд байх шиг санагддаг. Гэхдээ миний бодоход их сайн хууль болсон.Үндсэн хуулиа бүхэлд нь авч үзвэл ер нь бат бэх хууль гэж хэлнэ.

Тэгэхээр Та Үндсэн хуулиа өөрчлөх бодолгүй яваа хүн байх нь ээ?

Шууд тэгж ойлгож бас болохгүй. Шинэчлэх,өөрчлөх тухайд бол би эсрэг байгаа. Харин нэмэлт өөрчлөлт оруулна гэвэл өөр ойлголт. Мэдээж улс орон хөгжихийн хэрээр түүнд зохицуулсан суурь харилцааг зохицуулахын тулд Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага гардаг нь тодорхой зүйл. Гэхдээ энэ өөрчлөлтийг маш хатуу гараар хийх ёстой. Өөрөөр хэлбэл, хатуу зарчмаар.

Хатуу зарчим гэдгээ илүү тодотгооч. Манай УИХ-ын 76 тэрүүхэндээ ярьж байгаад Эцэг хуулиа өөрчилчихээд байгаа шүү дээ?

-Энэ чинь л асуудал. Тиймээс хатуу зарчимтай байх ёстой гээд байгаа юм. “Олны санаа оломгүй далай” гэж сайхан үг бий. Бас долоо хэмжиж нэг огтол гэж ярьдаг. Үндсэн хуулийг өөрчлөх зарчмыг манай ард түмэн бараг ингээд томъёолчихсон байна. Тэгэхээр ямар өөрчлөлт оруулах гэж байгаа санаа оноогоо ард түмнээрээ хэлэлцүүлж, тэндээс шигшигдэж гарч ирсэн хувилбарууд дээр хууль тогтоогчид ярих учиртай. Амьдралын жинхэнэ үнэн нь ард түмнээс л гарна. Тэгснээс тэрүүхэн тэндээ ярилцаж байгаад өөрчилж болохгүй. Эс тэгвэл “нухыг нь авах гээд нүдийг нь сохолно” гэгч болно. Бүтэлгүйтсэн бэлээхэн сургамж байгаа шүү дээ.

Та 2000 оны “Дордуулсан долоон өөрчлөлт”-ийг хэлээд байна аа даа. Зарим нь дордуулсан бус дээрдүүлсэн гэж хэлээд байгаа шүү дээ?

Дордуулсан долоон өөрчлөлт гэдгийг чинь шинэ Үндсэн хуулийн загалмайлсан эцэг гэгддэг Б.Чимэд гуай ингэж хэлсэн юм шүү дээ. Тэр хүний үгэнд эргэлзэх хэрэг байна уу. Ядахад долоон өөрчлөлт байдаг нь ч юу билээ. Монгол хүн бэлгээрээ гэдэг. Монголчууд хэзээнээс дордохын долоо л гэж ярьдаг байсан шүү дээ.

Энэ өөрчлөлтийг хийхдээ ард түмнээсээ байг гэхэд анх өлгийдөж авсан Үндсэн хуулийн “партизанууд”-аасаа санаа оноо авч зөвлөлдөж ярилцсан явдал бий юу?

Байхгүй. Би тэр үед Байгаль орчны яаманд газрын даргаар ажиллаж, улс төртэй ойрхон л байсан үе. УИХ-ын гишүүдтэй ажил төрлийн холбоотой ажилладаг байсан. Тэглээ гээд энэ өөрчлөлтийг батлагдсаных нь дараа л мэдсэн.

“Дордуулсан” гэдэгтэй Та санал нийлэх үү?

Ямар ч байсан сайн тийшээ хийсэн өөрчлөлт гэж харахгүй байгаа. Тухайн үед Ерөнхийлөгч асан Н.Багабанди хүртэл хориг тавьж байсан шүү дээ. УИХ-ын гишүүдийн эрх ашигт илүү үйлчилж хариуцлагыг бүдгэрүүлсэн өөрчлөлтүүд хийсэн. Тухайлбал,  УИХ-ын чуулганыг хагас жилд 75-аас доошгүй хоног хуралдана гэж байсныг 50 хоног болгож цөөлсөн. Улсын их хурлын чуулганы болон байнгын хорооны хуралдааны ирцийн хувийг бууруулсан. Хууль түргэн түүхий болох, амьдралаас тасархай байх шалтгааны нэг нь энэ. Гишүүд үндсэн үүрэг болсон хууль хэлэлцэх асуудалдаа хайнга, хурал таслах нөхцөлийг энэ өөрчлөлт дэвэргэж өгсөн.

Мөнөөх алдартай давхар дээл өмсгөх өөрчлөлтийг бас хийсэн биз дээ?

Тэгэлгүй яахав. “Улсын Их Хурлын гишүүн нь хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах бусад ажил, албан тушаал хавсарч болохгүй” гэсэн өмнөх заалтыг өөрчилж УИХ-ын гишүүн нь Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүнээс бусад албан тушаал хавсарч болохгүй гэж өөрчилсөн. Ингэснээр эрх мэдэл хуваарилах зарчим алдагдсан. Төр засгийн ажлын хил зааг бүдгэрч, хариуцлага, ажлын уялдаа холбоо тодорхойгүй болсон. Хариуцлага үндсэндээ эзэнгүй болж, Засгийн газартайгаа хариуцлага ярихаас зайлсхийдэг болсон. Угаас өөрөө өөртэйгээ хариуцлага ярина гэж байхгүй л дээ.

Одоо Үндсэн хуулийг өөрчлөх асуудал нэлээд эрчимтэй яригдаж байна. Та ямар өөрчлөлт ороосой гэж хүлээж байна вэ?

Би дээр хэлсэн. Төрийн механизмыг төгс болгох нь мэдээж хөгжлийн шаардлага. Үүнийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна. Гэхдээ хянуур хянамгай, сэтгэлийн хөдлөл, түргэн түүхий хийхээс аль болох зайлсхийх хэрэгтэй. Үүний тулд ард түмэнээс асуух  хэрэгтэй гээд байгаа юм. Одоо манай иргэд нэг үеэ бодвол парламентын засаглалын сайн мууг илүүтэй анзаарч, асуудлын голыг олж харчихсан л явж байгаа.Залуу үеийнхний боловсролын түвшин ч өндөр болсон. Гадаад дотоод явж юм үзэж нүд тайлж, харьцуулалт сайтай болсон.

Шинэ Үндсэн хуулийг батлалцсан депутатууд 25 жилийн ойн баяраа хэрхэн тэмдэглэх гэж байна даа?

Ойн хүрээнд олон ажил төлөвлөгдсөн юм байна. Маргааш (өнөөдөр) хууль батлалцсан Ардын Их Хурлын депутатууд бүгд цугларна гэсэн. Тэр 430 депутатаас одоо амьд сэрүүн 300 гаруй хүн байдаг гэсэн. 1992 онд хамтдаа 70 гаруй хоног хууль хэлэлцэж Үндсэн хуулиа өлгийдөж авсан нөхдүүдтэйгээ уулзана гээд догдлоод сууж байна даа.

Танд баярлалаа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!