МАН доторх лаборатори

0
113

Аливаа улс төрийн хүчин шинэчлэгдэх ёстой хэмээн 20 гаруй жил ярьсаар ирсэн. Худлаа биш, үнэн гэвэл энэ. Улс төрийн гол хоёр хүчин МАН, АН гэхэд аль ч шатны сонгуулийн үр дүнг харгалзан ёс юм шиг намынхаа удирдлагыг огцруулдаг. Ажлынх нь үр дүнг үүгээр хэмждэг. Дээрх хоёр нам гишүүд, журмын нөхдийг дотор нь ангилдаг. Тухайлбал, МАН-ын дэргэд МАСЭХ, МАСЗХ, зүүний хүчний холбоо, оюутны холбоо, ахмадын холбоо гэх мэт. АН мөн адил АЭХ, АЗХ, МоАХ, оюутны, ахмадын гээд хуваадаг. Эл хоёр намын алинд нь ч чанарын ялгаа байхгүй. Онцлог нь “сайхан” талцаж чаддаг. Энэ бол сайны дохио биш. Гэсэн ч удирдлага солигдох мөч бүрт шинэчлэлийн салхи сэвэлцэх хэдий ч эргээд бугшмал байдалд ордог нь нууц биш. Бидний гол алдаа энэ л дээ.Энэ юунаас үүдэлтэй вэ?

Үүнийг энгийнээр тайлбарлавал, удирдлагад хэн ч очсон бай түүнийг нэг хэсэг хүн тойрон хүрээлж эхэлдэг. Мөн нутаг нуга, хамаатан садан, ах дүү, найз нөхөд, анги хамын гэх хүмүүсээр өөрийгөө хүрээлүүлдэг  тул  бусад нь тойргийн гадна үлддэг. Эл байдал сүүлийн жилүүдэд газар авч бүлэг фракц болж тэрний энэний гэх бүлэглэлд хуваагдсан. Бүлэглэл дотор хэн илүү их эрх мэдэлд хүрнэ тэр хүн бусдыг араасаа байлдан дагуулах жишээний. Энэ бол манай нийгэм доторхи өнөөдрийн өнгө. Бид ийм нэг орчинд аж төрсөөр  “Хуягласан” төр засагтай болсон.  Өөрөөр хэлбэл, төр засгийн эрх барьсан аль ч нам нь улс эх орны эрх ашиг гэхээс илүүтэй намын эрх ашиг нэрээр бамбай барьж өөрсдийн эрх ашигт нийцсэн хууль тогтоол гаргадаг.  Бидний байгаа байдал нэг иймэрхүү, тийм биш гэж үү. Эл байдлаас болоод нам ард түмний холбоо их тасарсан. Нам нь цөөнх буюу зөвхөн эрх баригчдынх болсон.  Гэхдээ сонгууль дөхөөд ирмэгц  хэн хэрхэн яаж аягладаг билээ дээ иргэд андахаа байж. Амтай бүхэн “хайр” зарлаж “шинэчлэгдсэн нам” , “ядуурлыг бууруулна”, “хямралыг арилгана”, “ард түмнээ сонсож байна”, “та бүхний санал бодлыг тусгаж мөрийн хөтөлбөрөө боловсруулсан” гээд л намын нэр барьж гүйдэг нь нууц биш.

Дэмжлэг авч “түрүүлсэн “ нь мөнөөх “хуягласан” төр засагт орсноор “жүжиг” эхэлдэг. Юун шинэчлэгдсэн нам, юун мөнөөх гишүүд, дэмжигчид байхав бүгдийг мартаж орхидог нь гэм биш зан болсон. Уг нь намыг амьд организм байнга өөрчлөгдөж шинэчлэгдэж байх ёстой гэж үздэг. Энэ үүднээс авч үзвэл намын удирдлагаас олон зүйл шалтгаалдаг.

Энд баримт хэлье. УИХ-ын 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй  ялалт байгуулж эрх баригч болсон. Энэ нь сөрөг хүчин байхдаа олон түмний дунд сайн ажилласны үр дүн байв. Гэтэл энэ онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд өвдөг шороодсон нь МАН иргэдэд өгсөн амлалтаасаа ухарч тэтгэвэрт гарах насыг уртасгасан, татвар нэмсэн, цалин, тэтгэвэр нэмэх, хүүхдийн мөнгө олгох зэрэг нийгмийн асуудлыг хойш тавьсан бөгөөд “ээлтэй төрийн” бодлого болж чадаагүй, харин ч шүүмжлэлийн бай болсон. Ер нь хүн төрлөхтний түүхэнд “ ээлтэй төр” гэж байсан юм уу, хэзээ ч үгүй, “төр байгаа цагт” гээд л ярьдаг биз дээ. Ийнхүү нэр дэвшигчийн уриа нь хүртэл оновчтой биш байв. Өөрөөр хэлбэл, намын удирдлага доторхи “ лаборатори” муу ажилласных юм. Хэдийгээр Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдсан ч МАН дотор зогсонги байдлыг  хөдөлгөх гэсэн  эрүүл саруул хүч байсныг сая болж өнгөрсөн засаг солигдсон агшин тод харуулсан билээ. Иргэд ч их горьдлого  тээн шинэ засагт найдлага тавьж, нааштай хандаж байгаа нь судалгаанаас харагдсан. Байдал ийм нааштай байхад МАН доторхи  удирдлагын  “лаборатори” улам сайн эрч хүчтэй ажиллах ёстой юм. Гэтэл МАН доторхи  Ахмадын холбооны ажил үйлс ил тод харагдахгүй хэдэн жилийг ардаа орхив.  Хаана юу хийдэг нь “нууц”. Дарга нь С.Төмөр-Очир. Багшаас УИХ-ын дарга нэг удаа болсныг нь эс тооцвол лав л Ахмадын холбооны сэнтийд ирснээс хойш юу хийсэн бэ гэх асуулт байна. Учир нь энэ эрхэм дарга дунд болон анхан шатны нэгж дэх зөвлөл, хороодтойгоо  ажил төрлийн ямар ч холбоогүй явж ирсэн гэхэд болно. Иймээс МАН-ын их хурал болох гэж байгаатай холбогдуулан сонгуульт энэ ажлаас нь чөлөөлж, олонд нэр хүндтэй, ажил хэрэгч, шинэлэг сэтгэлгээтэй хүнийг дэвшүүлж сонгомоор байна. Энэ санаа ганц миний санал биш, олон ахмад гишүүний санал онолын нэгдэл юм шүү.

 

        Ажилчны районы болон Эрдэнэт хотын МАХН-ын хорооны нэгдүгээр нарийн бичгийн дарга /хуучнаар асан, МАН-ын ахмад гишүүн Б.МЯНГАНБАЯР

 

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!