С.Амарсайхан дөрөвхөн хүний ирцтэйгээр хуралдаж, тогтоол гаргасан гэнэ

0
52

НИТХ-аар юу л болоод байна даа. Хурлын өмнөх дарга Ц.Сандуй шинэ дарга С.Амарсайханд ажлаа хүлээлгэн өгснөөс хойш хоёр ч удаагийн хурал ирц хүрээгүйн улмаас хойшилсон. Анхны хуралдааныг шинэхэн дарга туршлагагүйн улмаас хийж чадсангүй гэцгээсэн ч хоёрдахь удаад нь нэг л биш байна гэдгийг бүгд ойлгосон байх.

Уг нь С.Амарсайхан олонхийн саналаар сонгогдон энэ албыг авсан ч төлөөлөгчид, тэргүүлэгчдийн аль алин нь түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа ийнхүү нотлоод байх шиг. Ямар ч гэсэн нийслэлийг ИТХ удирддаг болсон цагаас хойш ийм явдал болж байгаагүй гэхээр яахын аргагүй ирц бүрэлдэхгүй байх шалтгаан бий ажээ. Тэгвэл үүнтэй зэрэгцэн НИТХ-ын дарга С.Амарсайхантай холбоотой бас нэгэн дуулиан дэгдэв. Тодруулбал, аравдугаар сарын 20-нд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурал болох байсан ч тал хүрэхгүй хувийн ирцтэйгээр тэрбээр Тэргүүлэгчдийнхээ хурлыг хийчихжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, С.Амарсайхан Тэргүүлэгчдийн хурлыг дөрөвхөн хүний ирцтэйгээр хийж, бүр тогтоол гаргасан гэнэ. Уг нь НИТХ есөн тэргүүлэгчтэй ба аливаа хурал, түүнээс гарах шийдвэрийг 5+1-ийн ирц, саналаар баталж гаргадаг ёстой. Тухайлбал, тус хуралдаанд Сүхбаатар, Алдаржавхлан, Бат-Амгалан гэсэн нэр бүхий дөрвөн тэргүүлэгч ирж Эрдэнэтуяа, Мөнхчулуун, Баярсайхан нар гадаад руу томилолттой явсан бол Баярмөнх, Батсайхан гэх хүмүүс тодорхой шалтгаангүйгээр хуралдаа ирээгүй аж. Ийнхүү ирц хүрээгүй байхад С.Амарсайхан дур мэдэн тэргүүлэгчдийн хурал хийсэн нь хууль зөрчсөн үйлдэл болжээ. Түүний хууль бусаар хуралдуулсан хурлын тогтоолыг шүүхээс хүчингүй гэж үзсэн тухай ч асуудал яригдаж буй аж.

Дээрх хууль бус хурлаас гаргасан тогтоолд аравдугаар сарын 30-нд НИТХ-ын ээлжит 12 дугаар хуралдааныг хийж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх чигийг батлах болон цаг үеийн зарим асуудлыг хэлэлцэнэ гэжээ.

Уг нь энэхүү хурлын ирц бүрдсэн бол НИТХ-ын Ажлын хороод тухайн долоо хоногт хуралдахаар товлосон байж. Ер нь С.Амарсайханыг ажил авснаас хойш Ажлын хороод нэг ч удаа хуралдаагүй байгаа ба өвөлжилтийн бэлтгэл, дулаан, халаалт, агаарын бохирдол гээд нийслэлчүүдийн өмнө тулгардаг элдэв асуудал эзэнгүй орхигдоод байгаа бололтой.

Бас болоогүй ээ, аравдугаар сарын 20-нд болсон хурлын үеэр “Хас”-ын Ганхуягийн төрсөн дүү Ч.Гантулга согтуу ирж, хуралд ирсэн төрийн албаныхныг үг хэлээр доромжилж, агсарсан тухай ч дуулдав. Тэрбээр өнгөрсөн сард НИТХ-ын өмнөх даргыг шүүмжилж, ажил цалгардаж байгаа тухай хэвлэлд ярилцлага өгч, НИТХ-д дандаа чадваргүй хүмүүс байгаа тул ихэд эргэлзэх болсноо ярьж байсан бол шинэ дарга нь ажлаа авмагц хуралдаа согтуу ирж, өөрийн нуугдмал авьяасыг харуулсан нь энэ ажээ.
Гэхдээ дээр дурдсан тогтоолын дагуу өнөөдөр НИТХ-ын ээлжит хуралдаан болсон. Гэвч 10.00 цагт товлогдсон хурлын ирц бүрдэлгүй хүлээлгэсээр 12.00 цагт эхэлсэн.

Хуралдаанаар:

-Нийслэлийн нийгэм эдийн засгийн 2017, -2018 оны үндсэн чиглэл
-Агаарын бохирдол

НИТХ дахь дотоод зохион байгуулалт гэсэн гурван асуудлыг хэлэлцэх товтой байсан. Хуралдааны эхэнд хэлэлцэх асуудлын дарааллаар санал хурааж, төлөөлөгчдийн олонх НИТХ дахь дотоод зохион байгуулалтын асуудлыг эхэнд нь хэлэлцэхээр санал өгсөн юм. Гэтэл МАН-ын бүлэг НИТХ дахь дотоод зохион байгуулалт буюу тэргүүлэгчдийн тоо хэд байх, АН-ын бүлэгт тэргүүлэгчдийн хэдэн суудал өгөх зэргээ дотооддоо хэлэлцээгүй шалтгаанаар 15 минутын завсарлага хүссэн.

Ингээд МАН-ын бүлгийн хүсэлтээр хуралдааныг 13.20 цагт түр завсарлуулж, 40 минутын дараа үргэлжлүүлсэн ч МАН-ын бүлэг завсарлагын хугацаагаа ажлын тав хоног болгон сунгах хүсэлт гаргажээ. Үүнийг хүлээн авснаар НИТХ-ын ээлжит хурал ирэх баасан гаригт буюу арваннэгдүгээр сарын 03-ны 09.00 цаг хуралдахаар завсарлалаа.
Ийнхүү НИТХ-ын дарга С.Амарсайхан үүрэгт ажлаа авснаасаа хойш дөрөв дэх удаагийн хурлаа зохион байгуулж чадсангүй. Тун удахгүй өвлийн эхэн сар гарна. Агаарын бохирдол ч тун удалгүй дээд хэмжээндээ хүрнэ. Энэ янзаараа байвал ид өвлөөр урдах зам харагдахгүй болж болзошгүй. Халтиргаа гулгаанаас урьтаж замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах тухай заавар журам ч гарсангүй. Энэ бол зуун хувь НИТХ-тай хамааралтай асуудал. Тиймээс ийм хариуцлагагүй хурлыг тараах шаардлагатай гэдгийг олон хүн хэлж байна. Гэхдээ яг үнэндээ иргэдийн төлөөлөгчдийн муугаас ийм зүйл боллоо гэхэд хэцүү. Тэгэхээр буруу нь яг хэнд байна вэ.

Эх сурвалж

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!