Яриад байдаг хэрнээ хэрэгжүүлж чадалгүй өдийг хүрсэн хуулийн өөрчлөлт бол Үндсэн хуулийнх. Эцэг хуульд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг үе үеийн парламент шүүрч авдаг хэрнээ тэгсхийгээд гацчихдаг. Шалтгаан нь ердөө улстөржилт, зөвшилцөж чаддаггүйд л байгаа юм. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Үүнийг бүгд хүлээн зөвшөөрдөг. Монгол улс парламентын засаглалд шилжсэнээс хойш 25 жил болж байна.

Ийм хугацаанд гараанаас хамт хөдөлсөн бусад улс орон хөл дээрээ босоод хөгжил цэцэглэлтийнхээ зам руугаа шуударчихсан олон жишээг бид хардаг, атаархдаг. Харамсалтай нь Монгол эх орон маань ингэж чадсангүй. Тогтвортой төр, зөв ухаалаг бодлого, төрийн залгамж чанарыг огоорч, улстөрчид нь эх оронч байж чадаагүйнх нь төлөөс энэ бизээ.

Монгол улсын үндсэн хууль
Монгол улсын үндсэн хууль

Ямартай ч дөрөө харшуулж явсан улс орнуудаасаа бид хөгжлөөрөө хол хоцорч, харин авлига, албан тушаалын наймаа, тогтворгүй засаглал гээд тоочвол болж бүтэхгүй бүхнийг цэцэглүүлсэн. Энэ хугацаанд 14 Засгийн газрын нүүр үзэж, дунджаар нэг Засгийн газар 1.7 жил ажилласан гэх дүн бан байна. Монголын өнөөгийн нүүр царай бүр ч гунигтай. Гадаад ертөнцөд нэр нүүрээ барж, мөнгө гуйсан, иргэд нь ядуурсан. Эрх баригчид энэ бүхний бурууг тогтолцоо руу, тодруулбал Үндсэн хуулийн зүйл заалттай холбож тайлбарладаг. 1992 оны Үндсэн хуулийг шилжилтийн үеийнх, ардчиллын дефект гэж тодотгож нийгмийн хөгжлийн өнөөгийн шалгуурт тэнцэхгүй гэсэн хуульчдын санал бодол бий. Үүний нөгөө талд Б.Чимэд  гуайн “Гол хуулиа тонгочуулаад байх юм бол төр тогтвортой байна гэж бодохын хэрэг байхгүй” гэсэн үгийг сөргүүлж,өөрчлөлтийг таашаадаггүй хэсэг бүлэг ч бас байна. Гэхдээ наанадаж төр засгаа тогтвортой байлгах үүднээс Үндсэн хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй. Нууж хаах хэрэггүй нүцгэн үнэн гэвэл иргэд парламентын засаглалд эргэлзэх болсон явдал. Сүүлийн 17 жилийн турш Үндсэн хуулийн судалгааг хийж байгаа УИХ-ын гишүүн асан М.Батчимэгийн судалгаагаар  “Хэрвээ Ерөнхийлөгчийн засаглалтай болох уу, парламентын засаглалтай болох уу гэж ард түмнээс асуух юм бол иргэдийн 60 хувь нь Ерөнхийлөгчийн засаглал хүсэж байгаа гэсэн дүр зураг харагдаж байгаа” аж.  Дашрамд дурдахад, Ерөнхийлөгчийн засаглалтай улс орнуудын хөгжлийн хурд илүү байдаг гэсэн ерөнхий дүн ажиглалт байх юм билээ. Гэхдээ Ерөнхийлөгчийн засаглалд ч бас сөрөг тал бий. Филиппиний ерөнхийлөгчөөр сонгогдсон Дутертегийн олон жилийн түнш АНУ-аас холбоогоо таслах гэнэтийн шийдвэр ганц хүний дур зоргын бэлээхэн жишээ болох байх. Тэгэхээр асуудал ийм хоёр талтай. Дэлхийд Ерөнхийлөгчийн засаглалтай 86 улс орон байдаг бол парламентын засаглалтай 50 улс байна. Засаглалын хэлбэрийн талаарх глобал дүр төрх нь иймэрхүү. Ерөнхийлөгчийн засаглал хувь илүү давамгайлж байгаа нь бас учир шалтгаантай байж таарна.

Монгол парламентын засаглалтай хэдий ч эрх мэдлийн хуваарилалт нь “шог” гэлцээд байгаагийн учир нь Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газрын эрх мэдэл, үүрэг функцийн нарийн зааг ялгаагүй, энэ гурван институци бие биеийнхээ дотоод хэрэгт дэндүү оролцдог, гүйцэтгэх засаглалын эрх мэдлийг УИХ шүүрч авдаг, хууль тогтоохоосоо илүүтэй хүн томилдог, төсөв хуваарилдаг. Эв нэгдлийн бэлгэ тэмдэг байхаасаа илүүтэй Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэтийдсэн гэх шүүмжлэл бий.

Эцэг хуулийг эргэн харах шалтгаан энэ мэт олон. Гэхдээ энэ бол хэдэн хууль тогтоогчдын дангаараа хийчихдэг ажил бас биш. Бүх ард түмний санал оролцоотойгоор шийдвэрлэх ганц зөв гарч бий. УИХ-ын гишүүдийн дөрөвний гуравын саналаар өөрчлөх нэг хувилбар байдаг ч энэ нь түргэн шүүрхий, засгийн эрх бүх ард түмний гарт байх язгуур эрхийг үл ойшоосон явдал. Үүний бэлээхэн жишээ нь мөнөөх дордуулсан долоон өөрчлөлт. Энэ өөрчлөлтөөр парламентын гишүүн төрийн сайдыг хавсран хийж болохоор хуульчилснаас төр засгийн эрх мэдэл жинхэнэ утгаараа холилдож, угийн тодорхойгүй байсан зааг ялгааг бүр ч бүдгэрүүлчихсэн.

АН олонх байх үедээ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ажлын хэсгийг Н.Батбаяраар ахлуулан байгуулж байв. Тэр үед Үндсэн хуульд доорхи өөрчлөлтийг оруулахаар санал болгосон байх юм. Тухайлбал:

  • УИХ-ыг 99 гишүүнтэй болгож бүрэн эрхийн хугацааг нь таван жил болгох.
  • Эцэг хуулийг “Эх” хууль болгон нэрийг нь өөрчлөх.
  • Ерөнхийлөгчийг нийт ард түмнээс сонгодог байсныг Улсын Их Хурлаас өргөтгөсөн төлөөлөлтэйгээр, зургаан жилийн хугацаагаар нэг удаа сонгодог байх,
  • Хотыг засаг захиргааны нэгжид хамааруулах, орон нутгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлыг байгуулах, бүх шатны Засаг даргыг томилж, сонгох, чөлөөлөх зарчим, үүнд нь  улс төрийн намын оролцоог хязгаарлах гэхчлэн.  Гэвч энэ бүхэн зөвхөн санал төдийгөөр үлдсэн.

МАН УИХ-д үнэмлэхүй олонхи буюу 65-уулаа болсон нь Үндсэн хуулийг өөрчлөх бэлээхэн боломж бүрдэв. Энэ асуудлаар Засгийн газрын түвшинд 15 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Харин ямар өөрчлөлт оруулах вэ?

Хэвлэлийн мэдээнээс харахад,  Ерөнхийлөгчийн эрх мэдлийг хязгаарлаж, ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч институт байх зарчимд бүрэн эрхийг нь нийцүүлэхийг зорьж байгаа нь түлхүү анзаарагдаж байна. Дараагийнх нь гүйцэтгэх засаглалын эрх хэмжээ, дархлааны асуудал байх болов уу. Засаглалын тогтвортой байдлыг эндээс л хайж байгаа. Хэдийгээр нэр хүнд нь сайнгүй байгаа ч парламентын засаглалаа хэвээр хадгалж, сонгодог чиглэл рүү нь төлөвшүүлэхийг илүүд үзэх биз ээ. Товчхондоо, УИХ, Засгийн газар хоёрын хариуцлагыг салгаж, засаглалын зааг ялгаа, хил хязгаарыг тодорхой болгох, УИХ-ыг улстөржилтөөс салгаж хууль баталдаг үүрэг функцид нь  аваачих өөрчлөлтийг хийх байх. Хоёр танхимтай парламент, эрх мэдлийн хуваарилалт, засаг захиргааны оновчтой бүтэц гээд асуудал дагуулсан бүхнийхээ ард гарах гарц нь энэ нэмэлт өөрчлөлт. Гэхдээ Үндсэн хуулийн өөрчлөлтийг эн зэргээрээ хувьсгалын дайтай өөрчлөлт гэж тодотгох юм билээ. Тэгэхээр тайван хувьсгал, хуулийн хувьсгал гэхчлэн нэрлэмээр ч юм шиг. Ямартай ч өөрчлөлтийг улстөржилгүй, үндэсний хэмжээний зөвшилцөл, эв эеийг хичээн байж долоо хэмжиж нэг огтолж хийх ёстой гэдэг нь тов тодорхой юм даа.