С.Чинзориг: Төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэхэд төсөвт 112 тэрбумыг тусгана

0
102

Өнгөрсөн нэгдүгээр сарын 19-нд байгуулсан Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн 2.4, 3.2, 3.9 дэх заалтуудыг хэрэгжүүлэх зорилгоор нийгмийн түншлэгч талууд энэ сарын 24-нд хэлэлцээрийн ширээнд суусан. Хэдэн өдрийн турш үргэлжилсэн хэлэлцээгээр нийгмийн зөвшлийн талууд 14 асуудлыг хамтарч хэрэгжүүлэхээр харилцан тохиролцож, 2017 оны аравдугаар сарын 28-нд нэмэлт хэлэлцээр байгуулж гарын үсэг зурж баталгаажуулсан билээ. Нэмэлт хэлэлцээрт Засгийн газрын бүрэлдэхүүнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МҮЭ-ийн холбоодын төлөөллийг МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, ажил олгогчийг Монголын Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар тэргүүлж оролцсон юм.

Улсын хэлэлцээрээр гурван тал харилцан ойлголцож зөвшилцөлд хүрч санал нэгдсэн асуудлуудын талаар өнөөдөр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, МАОЭНХ-ын дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар нар хэвлэлийн бага хурал хийлгэлээ. Хэвлэлийн бага хуралд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар оролцох байсан ч хувийн шалтгааны улмаас хүрэлцэн ирж амжаагүй юм.

Хэвлэлийн бага хурлын эхэнд улсын хэлэлцээрт нэмэлтээр тусгасан асуудлуудын талаар УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг дэлгэрэнгүй танилцуулсныг бүрэн эхээр нь хүргэж байна.

Сайн дурын даатгалын хураамжийг 50 хувь бууруулна

-Засгийн газар байгуулагдаад долоо л хонож байна. Гэсэн хэдий ч Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын хэлэлцээрт нэмэлт оруулахаар өнгөрсөн тавдугаар сараас хойш удаа дараа  ирүүлсэн саналыг хүлээж авч анхны хуралдаанаараа нэмэлт хэлэлцээрийг эхлүүлэх шийдвэр гаргаж, оролцох бүрэлдэхүүнийг томилж, баримтлах чиглэлийн төслийг баталж өгсөн. Энэ дагуу бид хэлэлцээрээ эхлээд тодорхой асуудлууд дээр зөвшилцөж чадсаны үр дүнд нэмэлт хэлэлцээрээ амжилттай байгуулсандаа баяртай байна. Хэлэлцээр амаргүй нөхцөл байдалд явагдсан. Гэхдээ Засгийн газраа хүндэтгэж, явуулж байгаа бодлого байр суурийг ойлгож хандсан МҮЭ-ийн холбоо, МАОЭНХ-ныхондоо талархал илэрхийлье.

Энэ удаагийн хэлэлцээр зөвхөн төрийн албан хаагчдын цалин орлогыг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлыг яриагүй. Нийт иргэдийнхээ орлогыг хэрхэн яаж нэмэгдүүлэх вэ, нийгмийн хамгааллын хүрсэн түвшинг дордуулахгүй байх ямар бодлого явуулах вэ гэсэн асуудлаар үйлдвэрчин, эздийн байгууллагынхантайгаа хэлэлцэж, санал нэгдэж зөвшилцөж чадлаа.

Нэгдүгээрт, нийгмийн эмзэг, орлого багатай хэсэгт хураамжийн хэлбэрээр очиж байгаа санхүүгийн дарамтыг бууруулах тал дээр дорвитой арга хэмжээ авахаар талууд санал нэгдсэн. Тухайлбал, эрүүл мэндийн даатгалд сайн дураар шимтгэл төлдөг малчид, хувиараа хөдөлмөр эрхлэгч, ажилгүй иргэдийн төлдөг хураамжийн хэмжээ хоёр жилийн өмнөхөөс долоо дахин нэмэгдсэн нь хүндрэл учруулж байгааг хүмүүс хэлдэг. Тийм учраас сайн дурын даатгалын шимтгэлийг 50 хувиар бууруулахаар санал нэгдэж холбогдох зардлыг нь 2018 оны төсөвт суулгахаар боллоо.

Мөн Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлт жилд 84 мянган төгрөг байсныг 120 мянга болгож нэмэгдүүлэхээр хэлэлцээрт тусгалаа. Ингэснээр ажил хөдөлмөр эрхэлж буй иргэдийн цалин орлогоос тооцдог хүн амын орлогын албан татварын хөнгөлөлт чөлөөлөлтийн хэмжээ сард 10 мянган төгрөг болж орлого бодитойгоор нэмэгдэнэ гэсэн үг юм.

Цалин нэмэх асуудлаар ОУВС-тай хэлэлцээрийг үргэлжлүүлнэ

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх ёстой гэдэгт бид санал нэг байгаа. Ялангуяа 2014 оноос хойш төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлээгүй. Энэ хугацаанд инфляцийн түвшин 20 орчим хувиар өссөн. Өнгөрсөн долоо хоногт Дэлхийн банк Үндэсний статистикийн хороотой хамтран танилцуулсан судалгааны дүнгээр ядуурлын түвшин 29,6 хувьтай гарсан байгаа. Эдгээр бодит нөхцөл байдал  төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатайг харуулж байгаа юм. Гэхдээ улс  орны төсвийн орлогын боломж, нөгөө талаасаа эдийн засгийн хямралыг богино хугацаанд даван туулахын тулд ОУВС-тай байгуулсан гэрээний дагуу хэрэгжиж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд төрийн албан хаагчдын цалинг 2017-2018 онд нэмэгдүүлэхгүй байхаар хүлээсэн үүргээс их зүйл шалтгаалж байна. Олон улсын донор байгууллагаас дэмжлэг авч байж эдийн засгийн хямралаас гарна гэж үзэж байгаа учраас цалингийн санг нэмэгдүүлэхгүйгээр төрийн албан хаагчдын бодит орлогыг тодорхой хэмжээгээр нэмэгдүүлэх арга хэмжээ  авах гэдэгт талууд санал нэгдсэн. Засгийн газраас 2017 оны төсвийн тодотголд 55,4 тэр бум, 2018 оны төсвийн төсөлд 56,2 тэрбум төгрөг нийт дүнгээрээ 112 тэрбум төгрөгийг төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх арга хэмжээ авахад зарцуулахаар болсон. Энэ бол 300 мянган төгрөг нэг удаа өгөх арга хэмжээ биш юм. 112 тэрбум төгрөгт багтааж төрийн албан хаагчдыг ажлынх нь үр дүнгээс хамаарч урамшуулал олгоно гэсэн үг. Урамшуулал олгох журмыг Засгийн газар баталж өгнө. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын салбар хамтын гэрээ  хэлэлцээгээрээ журмаа өөрсдөө боловсруулж тогтоох гэдэгт гурван тал байр суурь нэгтэй байгаа.

Тиймээс 2018 онд төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэхтэй холбоотой асуудлаар ОУВС-тай хийж байгаа гэрээ хэлэлцээг үргэлжлүүлэх, ирэх оны хоёрдугаар улиралд багтааж төрийн албан хаагчдын бодит орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр дахин нэмэлт өөрчлөлт оруулна гэсэн амлалтыг Засгийн газар энэ удаагийн хэлэлцээрээр авлаа.

ЭМДС-гийн бие даасан байдлыг хангана

-Эрүүл мэндийн салбарт яригддаг гол асуудлын нэг нь Эрүүл мэндийн даатгалын сантай холбоотой. ЭМДС-гийн үлдэгдэл маш өндөр дүнтэй гардаг. Гэтэл нөгөө талаас иргэн эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө халааснаасаа төлж байгаа зардлын хэмжээ өндөр. Тиймээс энэ зардлыг дорвитой бууруулах зайлшгүй шаардлага бий гэдэг  шаардлагын улмаас уг санг эрүүл мэндийн салбарт нь шилжүүлж бие даасан байдлыг нь хангах ёстой гэж хэлэлцээрт оролцсон талууд үзсэн. Ингэснээрээр эрүүл мэндийн салбар ЭМДС-гаас авах өртгийнхөө тооцоог боловсронгуй болгох, санхүүжилт авч чадахгүй байгаа зарим төрлийн эмчилгээ үйлчилгээг хамруулах зэрэг арга хэмжээг авахаар болж байгаа. Ингэж чадвал эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин орлого нэмэгдэх, нөгөө талаас эрүүл мэндийн үйлчилгээ авсныхаа төлөө иргэд хувиасаа төлж байгаа зардал дорвитой хэмжээгээр буурах нөхцөл бүрдэнэ хэмээн үзсэн.

Бид энэ удаагийн хэлэлцээрээр нэг удаагийн урамшуулал олгох уу, олгохгүй юу гэдэг талаар яриагүй. Ер нь төрийн албан хаагчдын цалин хөлсний одоогийн мөрдөж буй тогтолцоонд өөрчлөлт оруулъя, төрийн албан хаагчийн ажлын ачаалал, үр дүн, ур чадвар, ажлын байрны нөбхцөлөөс шалтгаалан ялгамжтай цалин авдаг байх тогтолцоог хамтарч хийе гэдэгт санал нэгдсэн. Эрүүл мэндийн болон боловсролын салбарт сайд нарын хамтарсан тушаалаар  нэмэгдэл, нэмэгдэл хөлс, урамшуулал олгож байгааг шинэчилж боловсронгуй болгоё гэж шийдсэн. Ингэж чадвал заавал цалингийн санг нэмэхгүйгээр нэмэгдэл, нэмэгдэл хөлсийг өсгөх боломж бий. Зөвхөн боловсролын салбарт нэмэгдэл, нэмэгдэл хөлс олгох Засгийн газрын тогтоолоор баталсан долоо, сайдын дангаараа болон бусад сайд нартай хамтарч баталсан таван журам үйлчилдэг. Багшид нэмэгдэл хөлс олгохыг 12 журмаар зохицуулдаг нь хэтэрхий нүсэр, хүнд суртлыг бий болгож, нөгөө талаас захирал удирдлагын үзэмжээр шийдэх боломжийг өргөжүүлсэн гэж бид харж байгаа. Тийм учраас эрүүл мэнд, боловсролын салбарт одоо мөрдөж байгаа журмуудыг цэгцэлж  боловсронгуй болгоход анхаарч ажиллах үүргийг гурван тал хэлэлцээрээр хүлээж байгаа.

Түүнчлэн төсвийн байгууллагууд үйл ажиллагаа явуулаад тодорхой хэмжээгээр орлого олдогийн тодорхой хэсгийг албан хаагчдынхаа нийгмийн баталгааг хангах, цалин хөлсийг  нь нэмэгдүүлэх чиглэлд зарцуулах хууль эрх зүйн үндсийг боловсронгуй болгох асуудлыг ч хэлэлцээрт тусгасан.

Иргэдийн нийгмийн хамгаалалтай холбоотой олон асуудал хөндсөн

-Нэмэлт хэлэлцээрээр зөвхөн төрийн албан хаагчдын цалин хөлстэй холбоотой асуудлыг яриад өнгөрсөн юм биш. Нийт иргэдийн нийгмийн хамгаалалтай холбоотой ямар арга хэмжээ авах вэ гэдгийг талууд нэлээд нухацтай ярилцсан. Ирэх оны эхнээс нийгмийн даатгалын болон Халамжийн сангаас  олгож байгаа  тэтгэвэр тэтгэмжийг нэмэх, хүүхдээ гурван нас хүртэл харж асарч байгаа ээжүүдэд сар тутам тэтгэмж олгох, мөн өрх толгойлсон олон хүүхэдтэй эцэг эхэд улиралд нэг удаа мөнгөн  тэтгэмж олгодог байх хуулиудыг хэрэгжүүлэхэд санал нэгдлээ.

Мөн Боловсролын зээлийн үйлчилгээг боловсронгуй болгох тал дээр ч санал нэгдсэн. Оюутан их дээд сургуульд амжилттай сурч байгаа нь баталгаа болж өөрийнхөө нэрээр сургалтын төлбөрийн зээл  авдаг байх бололцоог нээж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Одоо мөрдөж байгаа журмаар аав ээж нь өөр төрлийн зээлтэй, эсвэл ажил эрхэлдэггүй бол зээлд хамрагдах боломж хомс. Тиймээс энэ асуудалд өөрчлөлт оруулж чадвал иргэдийн хувьд тулгамдсан асуудлыг нь шийдэх нэг гарц болох юм. Мөн ирэх жилээс малчдын тэтгэврийн насыг таван насаар урагшлуулсан хуулиа хэрэгжүүлэх нь зөв гэдэгт байр сууриа нэгтгэсэн.

Х.Ганбаатар: 112 тэрбумыг шийднэ  гэдэг Засгийн газрын хувьд асар их эрсдэл

С.Чинзориг сайдын мэдээллийн дараа нийгмийн түншлэгч талын нэг ажил олгогч талын төлөөлөл МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч Х.Ганбаатар хэлэлцээрийн талаар өөрийн байр сууриа хуваалцлаа.

Тэрбээр “Хөдөлмөр нийгмийн зөвшлийн улсын хэлэлцээрийн нэмэлт хэлэлцээ маш хүнд нөхцөл, хэцүү байдалд явсан ч зөвшилцөлд хүрч өнгөрсөн бямба гаригт гурван тал гарын үсэг зурсан. Нийгмийн түншлэлийн гурван талт хэлэлцээрт Ажил олгогч эздийн нэгдсэн холбоо хувийн хэвшлийн байгууллагад ажиллаж буй багш, эмч нар, хувийн хэвшлийн жижиг дунд аж ахуйн нэгжийн ажиллагсад, ажил олгогч эздийн эрх ашиг төрийн албан хаагчдын цалин нэмэх шийдвэрт чирэгдээд хохирчихож магадгүй тул маш ахааралтай оролцдог. Энэ хэлэлцээрт маш ухаалаг хандаж, тэвчээртэй байж оролцсон  МҮЭ-ийн холбоонд талархал илэрхийлэхийг хүсч байна. Олон улсын байгууллагатай хийсэн гэрээний хавчилт шахалтаас үүдэн Монголд Улс хүмүүсийнхээ цалинг нэмэх эрхгүй болчихсон байгаа энэ үед иргэдээс тавьж байгаа санал хүсэлтийг хүлээж аваад тодорхой  түвшинд асуудлыг шуурхай шийдвэрлэхийн төлөө ажилласан Засгийн газарт талархаж байгаа. 55,4 тэрбумыг энэ онд, 56,6 тэрбумыг ирэх жил гээд нийтдээ 112 тэрбум  төгрөгийг шийднэ  гэдэг Засгийн газрын хувьд асар их эрсдэл хийж ард түмнээ, төрийн албан хаагчдаа дэмжсэн чухал арга хэмжээ. Хэлэлцээр явагдаж, нийгмийн зөвшлийн гурван тал зөвшилцөлд хүрч чадна гэдэг нийгмийн тайван байдлыг хангах сайн талтай. Хэлэлцээрийг зөрчөөгүй үед нийгмийн түншлэгч талууд нэг нэгнийгээ хурцаар шүүмжилж, ажил хаях бусдыг турхирах эрхгүй байдаг. Хууль дүрэм ч ийм. Энэ хүрээндээ бид цаашдаа үйл ажиллагаагаа явуулах байх гэж бодож байгаа” хэмээсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!