Индонезийн Бали аралд болсон APEC-ын орнуудын уулзалтын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путины төрсөн өдөр болж 61 нас хүрсэнд цугларсан төрийн тэргүүнүүд түүнд гэнэтийн бэлэг барьж билээ. Ингэхдээ Индонезийн Ерөнхийлөгч “Happy birthday” дууг дуулсан бол Хятадын ерөнхийлөгч Си Жинпин бүжиглэсэн. 2013 онд болсон эл үйл явдал манай Төрийн тэргүүний аазгайг хөдөлгөсөн юм даг уу. Ямартаа л тэр жилээ рок попынхонтой хамтран “Аяны шувууд” дууг дуулав. Төгөлдөр хуур дарахын зэрэгцээ хоолойгоо шахан чангаар дуулж байгаа Ерөнхийлөгчийн авьяасыг тойрон хүрээлэгчид нь шагшин биширч, цахим ертөнцөөр нэг балиашигласан. Харамсалтай нь, иргэд түүний энэ үйлдлийг тийм ч таатай хүлээж аваагүй юм.

 

Сав л хийвэл гадагшаа гүйж, хилийн цаана буй Төрийн тэр­гүүнүүдтэй ойр дотно харьцаатай байхыг эрмэлздэг Эбэ-д энэ зэргийн барьцах зүйл, хор шар байдаг л байлгүй. Хэрээ галууг дуурайж хөлөө хөлдөөдөгтэй ижил зүйл болчихгүй бол энэ нь ч өнгөрч.

Ажиглаад байх нь ээ, Мон­голын улс төрд, урлагт ч хоёр салбадай од болохын хүслэн лугаа аяглах болж. Нэг нь ард түмэнд хайртайгаа тунхаглаж, олноос оноо авахын тулд нум сум агсаж, дуу хуурдаж, орон гэрээ нүүлгэж яваа бол нөгөө нь хязгааргүй их шуналаа гүйцэлдүүлэхийн төлөө үг, үйлдлийг ялгахаа мэдэхгүй аяглаж сууна. Ур­лагаас Л.Гүндалайг авбал улс төрөөс Нараг авна гэх наргиа нэг талаар хошигнол ч нөгөө талаар эмгэнэл. Тэгвэл төд удалгүй Л.Гүндалайгийн оронд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг урлагаас холдуулах саналыг нөгөө талаас тавих вий.

Л.Гүндалайгийн урлагийг харах, мэдрэх мэдрэмж Ц.Элбэг­доржтой усны дусал шиг адил байх юм чинээ хэн санах билээ. Үнэндээ билэг тэмдгээсээ халь­сан өнөө цагийн Төрийн тэргүүнд түмэн өнгө сүлэлдэх нь бий. Хэрүүлээс өөр хийх ажилгүй хэмээн хаяахан түүнд зэмлэл хүртээх явдал ч түгээмэл. Дээр нь торгон мэдрэмжтэй, уян яруу үгтэй гээд магтах зүйл ч бий. Магадгүй үүгээрээ тэр Л.Гүндалайгаас ялгардаг байж. Түүнээс биш олонд таашаагдаж байвал хаана ч, хэний ч өмнө юу ч хийж мэдэх талаасаа тэд тун ижил гэдгийг нийтээр мэдэх болж дээ. Дээр нь урлагийн талын мэдрэмжийг нь зүйрлэх юм биш.

Ер нь тэдний улс төрийн амьдрал ч төстэй. Уруудаж, өгссөн бартаат замаар хэн хэн нь явахдаа попдож явсан нь олон. Л.Гүндалай нэг л өдөр АН-ынханд ад үзэгдэх болсон шиг өдгөө Эбэ-г угшил нэгт нөхөд нь уруудаж, дордсон шалтгаанаа түүнтэй холбон учирладаг. Ер нь үлгэрт гардаг атгаг хорт санаатан нь өнөө цагийн Төрийн тэргүүн болсон мэт ойлголтыг өнгөрсөн үеийн үйл явдлуудын гэрчүүд илэрхийлэх нь энгийн үзэгдэл болж дээ. Хэн хэн нь ганцаардаж, гансрахдаа урлагаар хоолойгоо чийглэж, дуугаар сэтгэлээ арга­дах болсны илэрхийлэл ч юм уу.

Тиймдээ ч сүүлийн үед дэвээ хаваатай, дуу хууртай болж өөрчлөгдөж эхэлсэн байж мэдэх юм. Өнгөрсөн жилийн наадмаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж есөн хөлт цагаан тугийг тойрон дэвэв. Олны нүдийг орой дээр нь гаргах шахсан түүний энэ үйлдлийг зарим нь хангарьдын дэвэлт гэж тодорхойлсон бол цөөнгүй нь цам харайлт гэж нэрлэж билээ. Юутай ч мань Эбэ хүслээ гүйцэлдүүлж, мөрөөдлөө биелүүлсэн нь тэр гэдгээ хожим нь тайлбарлаж байсан. Сурын талбайд нум татаж, сум тавьж дөнгөдөг гэнэ, тэр. Хүй долоон худагт хурдан морин дээр мордож чаддаг ч хүчит бөхчүүдтэй өрж үзээгүй учраас есөн цагаан хөлтийг тойрч үзэхийг хүсдэг байж. Иймээс наадмын нээлтийг сүүлийн удаа хийж байгаагийнх хүслээ биелүүлсэн юм байх.

Гэтэл Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр өнөөх маань дахин дэвэв. Өмнөх мөрөөдөл нь дутуу биелсэн юм уу. Эсвэл “шунахай” зангаа хорьж дийлсэнгүй юу. Товчхондоо, албан тушаалаа урвуулан ашиглаж, хоёр дахиа дэвэв. Ямартаа л зарим нь “Монгол бөхийн дэвжээ наадмын асарт тэгш тоотой бөх дэвдэг юм. Сондгойруулаад хаячих нь муу ёр. Монголчууд билэг дэмбэрлийг эрхэмлэдэг ард түмэн. Төрийн Ерөнхийлөгч нь муу ёрлож байна” хэмээн шүүмжилсэн. Тэр ч бүү хэл, Сар шинийн баяраар дахиад нэг дэвчих. Монголын ёс гурав гэх байдлаар хошигнож харагдана билээ.

Үнэндээ Төрийн тэргүүний хэтэрхий шуналтай ч гэмээр энэ үйлдлийг Л.Гүндалайгийн нум, сум агсахтай зүйрлэх юм биш. Тийм байтал Эбэ-гийн үйлдэл үүгээр өндөрлөсөнгүй. Микрофон булаан авч, төрийн дуулал дуулах нь тэр. Төрийн дуулал дуулдаг нь дуулдаг л юм байгаа биз гэхэд микрофон булааж авдаг нь арай л дэндсэн тэнэглэл мэт. Энэ байдлаараа сар шинээр үелзүүр бүжиглэх шинжтэй дэг шүү. Ховдынх юм чинь ядах зүйлгүй үелзчих биз. Ер нь энэ бүхнээ эцэст нь Л.Гүндалай шиг клипжүүлэх л үлдэх шив.

Сиймхий андахгүй сондгой­рох хоббитой мань хүн лав л титэм үг тэрлэж чимээгүй суухгүй. Мэдээж “оймсны дууль”-д гол дүр бүтээхгүй. Тэр дүрийг авахгүйн төлөө сүүлийн хэдэн жилээ зориулсан хүн шүү дээ. Харин энэ бүхний оронд урлагийн тайзан дээр од болон гялалзах юм даг уу. “Хайрлаж явъя” дууны шүлгийг Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бичиж, Н.Чулуунхүү ая хийж, Б.Мөнхжаргал дуулж байсныг олон хүн мэднэ.

Ай даа, Л.Гүндалайд эхнэр нь зөвлөж, тусладаг бол Эбэ-д олон арван зөвлөгч, зааварлагч бий сэн. Гэвч Л.Гүндалай шиг урлагийнхны ундуйцлыг хүргэж, хөөгдөх дээрээ тулаад байгааг нь хэлчих зоригтон олддоггүй юм байх даа.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!