Орон нутгийн хөгжлийн сангаас сох дутсан 31.7 тэрбум хэний халаасанд орсон бэ

Монгол Улсын аймаг, сум бүрт үйл ажиллагаа явуулдаг Орон нутгийн хөгжлийн сан гэх байгууллага өнгөрсөн хугацаанд 31.7 тэрбум төг­рөгийн хөрөнгийг улсын бүрт­гэлд бүртгүүлээгүй орхижээ. Ингэснээр нэг сумын эрх мэдэлтэн ойролцоогоор 100 сая төгрөгийг “халаасласан” гэж ойлгож болохоор байгаа юм.

Мөн аймаг, сумын эрх мэдэлтнүүдийн улсын данс тооцоонд тусгалгүй “халаасандаа” хийсэн энэ их мөнгөний эх үүсвэр нь төсөл хөтөлбөрүүдээс гадна сум орноо гэсэн иргэдийн тусламж хандив, улсын төсөв зэргээс бүрдэж байсан гэвэл өнгөрсөн хугацаанд аймаг, сум толгойлдог хурган дарга нар ямар их эрх мэдэл эдэлж, ямар их мөнгөөр хяналтгүй туйлж байсан нь харагдаж буй юм. Тэгвэл энэ нь ТӨР өмчдөө эзэн болж чадаагүйг нотлох баримт гэдгийг холбогдох албаныхан хэлж байна.  Энэ тухай баримтыг сийрүүлбэл, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрынхан өнгөрсөн оны сүүлээр улс даяар шалгалт явуулж, Монгол Улсын бүх аймаг суманд үйл ажиллагаа явуулдаг Орон нутгийн хөгжлийн сангийн үйл ажиллагааг шалгажээ. Гэтэл энэ сангийнхан нийт 442.4 тэрбум төгрөгийн санхүүжилтийн долоон хувь буюу 31.7 тэрбум төгрөгийн хөрөнгийг улсын бүртгэлд тусгаагүй орхисон нь өдгөө дээрх дуулианыг тариад байна. Хамгийн харамсалтай нь, одоо энэ мөнгийг хаанаас, хэнээс эргүүлэн олж авах нь тодорхойгүй бөгөөд төр дутуу хагас бодлого боловсруулсныхаа гайгаар хохирч үлдэх болчихоод байна.

Уг нь төрийн тэр дундаа төсвийн мөнгө хяналттай байх ёстой гэж хэн хүнгүй ярьдаг. Гэвч энэ нь амьдрал дээр хэрэгждэггүй. Ямартай л, холбогдох албаныхан гэлтгүй жирийн иргэд хүртэл төрийн албыг, төрийн өмчит компанийг мөнгө “угаах” газар хэмээн ойлгож ирсэн учраас Төрийн гэсэн бүхний үнэ цэнэ алдагдсан нь нууц биш. Нөгөө талаар мэдээлэлд хэт ойр байдаг овжин зарим нь энэ боломжийг, сиймхийг өөртөө ашигтайгаар эргүүлж татвар төлөгчдийн мөнгийг “угаадаг” гэхэд хилсдэхгүй. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар бий болсон Орон нутгийн хөгжлийн сан яг ийм этгээдүүдийн санал санаачлага дор үнэ цэнээ алдаж, хамгийн гол нь дээрх этгээдүүд улсын бүртгэлд бүртгүүлээгүй атлаа татвар төлөгчдийн мөнгийг дураараа авч зарцуулж байсанд асуудал байгаа юм. Юутай ч албаныхны өгүүлснээр оны өмнө хийсэн дээрх шалгалтын үеэр цөөнгүй зөрчил илэрчээ. Тодруулбал, татвар төлөгчдийн 31.7 тэрбумыг салхинд хийсгэсэн Орон нутгийн хөгжлийн сангуудын үйл ажиллагааг шалгахад дээрх мөнгийг авсан, захиран зарцуулсан гэх Төрийн бус байгууллагын олонхи нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй, албан ёсны хаяг, гэрчилгээ байхгүй тэгсэн атлаа тамга болон аль нэг банкны дансны дугаартай байсан гэдгийг онцолж байна. Товчхондоо, эндээс тухайн аймаг, сумын Засаг даргын ойрын хүн нь төрийн бус байгууллага байгуулсан нэртэй тамга тэмдэг хийлгэж улмаар аль нэг банкинд данс нээлгэсэн төдийхнөөр иргэдийн хандив, төсвийн мөнгөөр бүрдсэн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөс дураараа авч захиран зарцуулсан болж таарч байна. Иймээс холбогдох албаныхан хэрэв цаашид энэ сан байх ёстой гэж үзвэл улсын бүртгэлд заавал бүртгүүлсэн мөн гэрчилгээтэй байх түүнчлэн төрийн өмчит үйлдвэрийн газарт тамгыг нь хийснээр эргээд тэдэнд хяналт тавих боломж бүрдэнэ гэж байсан.  Үүнээс гадна энэ сан руу төсвийн мөнгө ордог гэдэг утгаараа Сангийн яам маш нарийн хяналт тавих ёстой гэж байв.

Гэвч энэ аргыг хэрэгжүүлэхэд асуудал үүсч болохыг нуугаагүй. Уг нь, энэ олон төрийн бус байгууллагыг цэгцтэй болгох, үүний тулд тамга тэмдгийг нь үйлдвэрлэдэг үйлдвэрүүдэд тодорхой хяналт тавих санаачилга гарч байсан юм билээ. Тухайлбал, хэдэн жилийн өмнө “Монгол тамга” ТӨҮГ бүх аж ахуйн нэгжийн тамгыг үйлдвэрлэдэг байж. Ингэснээр тухайн компаниар тамгаа хийлгэсэн компаниуд нэгдсэн бүртгэлттэй, түүнийг дагаад тодорхой хэмжээний хяналттай байсан гэдгийг онцолж байна. Гэвч ШӨХТГ-аас үүнийг хэт монополь  гэж үзсэн учраас өнөөдөр үйл ажиллагаа явуулж буй 10 гаруй тамганы үйлдвэр хэн дуртайд нь тамга хийж өгөх болжээ. Харамсалтай нь, аливаа зүйл хяналтгүй байсны сөрөг үр дагаврын эхлэл нь ийн гарч, цаашид танил талаа ашиглах гэсэн хэн ч хуурамч тамга бариад хэнийг ч залилж мэдэхээр болчихоод байна.

Уг нь энэ санг байгуулах сургаар хэн хүнүй магтаж байсан. Тухайн үед буюу 2012 онд Ерөнхийлөгчөөс эхлээд олон хүн үүнийг нүдээ олсон ажил гэдгийг магтаж, сум бүрт ийм сан байгуулна. Хөгжлийн сангийн гол эх үүсвэр нь улсын төсвөөс орох санхүүжилт байх учраас улсын төсөвт орон нутгийн хөгжлийн нэгдсэн сан гэж байгуулахаар хуульд тусгасан. ДНБ-ий НӨАТ-ын 25 хувь, ашигт малтмалын нөөц ашигласны таван хувь зэрэг орлогоор орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангийн эх үүсвэрийг бүрдүүлнэ. Хамгийн гол нь энэ мөнгө хэн нэгэн даргаас хамаарахгүй улсын төсвөөс ОНХС-д шууд орж ирж буй мөнгө юм хэмээн хөөрцөглөж байсан ч үр дагавар нь иймэрхүү байдлаар илрэв. Иймээс энэ байдлыг яаралтай цэгцлэх ёстой гэдгийг албаныхан хэлж байгаа ч яг одоо, эдийн засаг хүндэрсэн энэ үед Орон нутгийн хөгжлийн сангийн 31.7 тэрбумыг үрэн таран хийсэн нөхөд хэн бэ гэдэг нь анхаарал татаж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!