Сайдын тушаалаар Яармагийнхныг усанд автуулсан “Талст ширээт” ХХК

Чимиддоржийн Хишигжаргал гэх ганцхан хүний нэр дээр бүртгэлтэй “Талст ширээт” ХХК нь “Сидар сити ресидэнс” гэх хорооллоо үерийн ус зайлуулах даланг хааж барьснаас үүдэн Нисэхийн зам өчигдрийн бороонд урсах дөхсөн.

Харин Нийслэлийн удирдлагууд, эрх бүхий байгууллагууд өчигдөр үерийн голомт дээр ажиллаж, тус барилгын үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан юм.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын тушаалаар 2017 онд “Талст ширээт” компанид аялал жуулчлалын зориулалтаар Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт 5 га газар ашиглах эрх олгожээ.

Гэтэл тус компани газрынхаа зориулалтыг өөрчилж, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2018 оны нэгдүгээр сарын 26-ны өдрийн Мэргэжлийн зөвлөлийн хуралдаанаар барилгын эскиз зураг, архитектур төлөвлөлтийн даалгавраа батлуулж авсан байна. Ингэхдээ барилгын зориулалтыг аялал жуучлал, сургууль, цэцэрлэгийн цогцолбор болгожээ.

Тус компани холбогдох зөвшөөрлийг иймэрхүү шат дамжлагатайгаар гаргуулж, өөрчилж авсныхаа дараа барилга эхлүүлэх, угсрах зөвшөөрлийг холбогдох байгууллагаас нь авалгүйгээр “Сидар сити ресидэнс” хорооллын барилгын ажлыг энэ оны гуравдугаар сард эхлүүлжээ. Харин барилгын гүйцэтгэгчээр нь “Авай цахир” гэх компани ажилласан байдаг юм.

Анх аялал жуулчлалын зориулалтаар авсан газар дээрээ зоорьтой, 16 давхар, хоёр блок орон сууцны зориулалттай барилга барьж эхэлсэн тус компани  барилгын аюулгүй ажиллагаа, норм дүрмийг чанд бариагүй, зориулалтын тор, хашлага хаалтыг хийгээгүйн улмаас В1 блокын нэгдүгээр давхрын хэв хашмалыг барьж байсан барилгачин унаж нас барсан хэрэг ч гарсан байна.

Мэргэжлийн хяналтын газрын Авто замын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаагийн тайлбарласнаар бол өнгөрсөн зургадугаар сард Мэргэжлийн хяналтынхан тус газарт ажиллаад “Талст ширээт” компанид үүрэг өгчээ.  Тодруулбал, борооны улмаас гадаргуугийн болон үерийн ус авто зам, замын байгууламж руу орж, авто замын хөвөө, явган хүний зам эвдэрч, авто замын зорчих хэсгийн далан руу ус нэвчиж, зам цөмрөх нөхцөл байдал үүссэн байна. Тиймээс тус замын урд талаар хийгдсэн борооны ус зайлуулах байгууламжийн ашиглалтын хэвийн ажиллагааг хангаж, зам доогуурх ус гаргалгааны хоолой руу орох шуудууг битүүлсэн хэсгийг цэвэрлэж ус нэвтрүүлэх ажлыг яаралтай хий” гэсэн даалгавар өгчээ.

“Үерийн усны даланг хааж барилга барьсан байна гэдгийг удаа дараа холбогдож сануулсан. “Талст ширээт” компанийн  удирдлагууд нэг ч удаа үерийн усны далангийн зураг бариад ирж байгаагүй. Авто замын хөгжлийн газраас удаа дараа шаардлагыг тавьж, үерийн ус авто замруу орох нөхцөл байдал үүсэн байна шүү гэдэг дүгнэлтийг өгсөн гэдгийг нийслэлийн Авто замын хөгжлийн газрын холбогдох албаны хүмүүс ч хэлж байв.

Ийнхүү Мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон бусад холбогдох албаны өгсөн үүрэг даалгаврыг үл тоож, Нисэхийн замыг үерийн усанд автуулсан “Талст ширээт” гэх том толгойтой компанитай хариуцлага ярих цаг болжээ.

ARSLAN.MN


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!