О.Бум-Ялагч: Улстөрчид эрүүл мэнд, амь насыг мөнгөөр тооцдог аюултай жишиг тогтсон

0
78

                      – Монголын төр Эрээн дэх худалдаачныг биш эх орондоо байгаа үйлдвэрлэгчийг тэжээх ёстой

       Энэ удаагийн “Ярилцах танхим”-ын зочноор “Монголын ногоон нам”-ын дарга О.Бум-Ялагчийг урьж, утааны асуудлаар ярилцлаа.

Монголын Ногоон нам агаарын бохирдлын асуудлаар ярьсаар бараг “улиг” болж гэж дүгнэж болохуйц. Үнэндээ агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж жагсаал хүртэл зохион байгуулж байсан нь та бүхэн. 2007 онд байх аа. Гэвч өнөөдрийг хүртэл та бүхний тэмцэл үр дүнд хүрч чадав уу гэдэг асуулт хариулт нэхсэн хэвээр байна?

Улаанбаатар хотын гэр хороололд амьдардаг иргэдийн хувьд  агаарын бохирдлын асуудал өдөр тутмын амьдралд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй эрүүл мэндэд нь хортойгоор нөлөөлөх ноцтой асуудал байсаар ирсэн. Үнэндээ 2003 оноос хойш агаарын найрлага дахь тоосонцор хэд дахин нэмэгдэж, хүний биед сөргөөр нөлөөлж байгаа талаар олон нийтэд хэлж сануулж, төр засгийн удирдлагуудыг анхааралдаа авч, асуудлыг шийдэж өгөхийг хүссээр ирсэн нь үнэн. 2007 онд жагсаал хүртэл зохион байгуулж, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрсэн талаар анх хэлж байлаа. Мэдээж энэ бүхнийг тухайн үеийн эрх баригчид хүлээн зөвшөөрөөгүй. Нарийн тоосонцор уушигны хорт хавдрыг хамгийн их дэмждэг зүйл. Судалгааны багийнхны туршлагаас үзэхэд Улаанбаатар хотын хэд хэдэн цэгүүд дэх тооцонцорын хэмжээ дэлхийн өөр аль ч улс оронд байхгүй тийм өндөр хэмжээнд хүрсэн. Ийм өндөр агууламжид  хүргэсэн гол хүчин зүйл нь гэр хорооллын зуухаас гадна тээврийн хэрэгслээс ялгарах утаа. Тиймдээ ч агаарын бохирдол харьцангуй багатай Евродын орнуудад нарийн тоосонцороос хамгаалж, хотын төвөөрөө автомашин явуулахыг хориглосон байдаг.

Хавар болж, урин дулаан ирж байна. Нөгөө алдарт утааны сэдэв хойш тавигдах нь. Хэдийгээр айлууд нүүрс хэрэглэхээ болих ч тээврийн хэрэгслийн тоо өвлийнхөөс хэд хэдэн нэмэгдэх нь бий. Тэгэхээр бид агаарын бохирдлоор өвөл, зунгүй “хооллосон” хэвээр байна шүү дээ?

Өвөл, зунгүй. Амьсгалын замаар орсон хийн 80-90 хувь амьсгалын замын салстад шингэдгээс ихэнх нь уушгинд шингэдэг. Тухайлбал нүүрстөрөгчийн дутуу исэл нь хүний амьсгалж буй агаартай хамт хүний биед орж, цусны гемоглобин гэсэн уурагтай нэгдээд төв мэдрэлийн системд нөлөөлдөг. Ингэснээр бие сулрах, толгой өвдөх, бөөлжих, дотор муухайрах, ухаан алдуулах зэрэг амь насанд аюултай бохирдуулагч болж “хувирдаг” гэсэн үг. Азотын давхар исэл нь уушгины эд, амьсгалын замыг цочроох, амьсгалын замын халдварт өртөмтгий байдлыг нэмэгдүүлдэг. Мөн гуурсан хоолойн багтраа болон бронхиттой хүний мэдрэгшлийг ихэсгэдэг. Нарийн ширхэгтэй тоосонцор нь амьсгалын замыг бохирдуулахаас гадна уушгины архаг өвчин болон хорт хавдар үүсгэгч бодисыг дамжуулагч үүргийг гүйцэтгэдэг. НҮБ-ын судалгаагаар 400 гаруй хүүхэд агаарын бохирдлоос болж нас барсан гэсэн үзүүлэлт бий. Насанд хүрсэн хүний 4000 гаруй нь ийм шалтгаанаар хорвоог орхисон гэх. Түүнчлэн ажлын чадвараа алдаж байгаа 30 гаруй мянган хүн бий гэх судалгаа бий. Улсаас агаарын бохирдолоос үүдэлтэй өвчлөлд жилд 640 сая ам.доллар зарцуулдаг гэсэн статистик мэдээлэл ч байна.

Аль ч Засгийн газар агаарын бохирдолтой тэмцэхээ илэрхийлдэг. Тэр дагуу хөрөнгө мөнгө ч төсөвлөдөг. Гэвч үр дүн алга. Эцэст нь гамшгийн хэмжээнд хүрснийг нь хүлээн зөвшөөрлөө. Магадгүй агаарын бохирдлын өмнө бууж өгөхөөс өөр сонголт үлдээгүй юм болов уу?

Агаарыг бохирдлыг арилгах олон арга зам байна. Өнгөрсөн хугацаанд олон улсын байгууллагууд их дэм боллоо. Турк, Канад улсад үйлдвэрлэсэн утаагүй зуух тараалаа. Шахмал түлш ашиглаж үзлээ. АНУ-ын Элчин сайдын яам, Мянганы хөгжлийн сангаас гэр дулаалах арга хэрэглэлээ. Дулаан их алдаж байгаа тул гэрийг дулаалбал агаарын бохирдол буурна гэсэн байр сууринаас хандсан. Үнэндээ өнгөрсөн хугацаанд төрөөс агаарын бохирдлыг бууруулах бодлого баримталж ирсэн.

Өөрөөр яах байсан гэж?

Одоогийн төрийн бодлого бол бууруулах биш арилгах. Агаарын бохирдлыг арилгахгүй бол хүний эрүүл мэнд, амь  насанд заналхийлж байна. Үндсэн хуулийн 16.2-т “Монгол Улсын иргэн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхтэй”. Энэ баталгаат эрхийг төр хангах үүрэгтэй. Үүнийг даган гарсан Гамшгийн эсрэг хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Орчны аюулгүй байдлын тухай хууль гэхчлэн иргэни й аюулгүй орчинд амьдрах эрхийг эрх зүйн орчноор баталгаажуулсан байдаг.

Монголд хууль хэрэгждэг гэж үү. Үүнд хамгийн сайн хариулт өгч чадах хүн нь та юм биш үү?

Манай улсад нэг хэцүү зүйл нь хууль эрх зүй нь хэрэгждэггүй. Энэ талаар олон жишээ дурьдаж болно. Наанадаж л иргэн явган хүний гарцаар зам хөндлөн гардаг бил үү гээд л эхлэх байх. Мөн Улаанбаатар хотын Зайсангийн аманд баригдсан олон барилгуудыг Төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг зөрчиж барьсан. Энэ мэтчилэн Монгол Улсад хууль хэрэгждэггүй олон тохиолдлыг тоочвол барагдахгүй. Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх зүйн хэрэгжилт ч мөн ялгаагүй.

Энэ заалтыг төр хэрэгжүүлэх ёстой тийм биз?

Хэрэгжүүлэх ёстой субькт нь улстөрч. Өөрөөр хэлбэл, улс төрийн намууд. Л.Гансүхийг нүүрс “зарж” байх үед Цэвэр агаар сан гэж байлаа. Тухайн үед Ерөнхийлөгч тэрхүү санг тэргүүлж байсан ч “Би барахаа болилоо. Н.Алтанхуягаа чи ав” гээд Ерөнхий сайд Н.Алтанхуягт хүлээлгэж өгсөн. Энэ үйл явц олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацагдсан. Тэр хурлаар хөндөгдсөн нэг зүйл нь сэргээгдэх эрчим хүч. Эрчим хүчний яамны Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга М.Ангараг Улаанбаатар хотын агаарын бохирдлыг нарны зайгаар шийдэж болох юм гэсэн санал гаргасан юм. Тухайн үед Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд байсан С.Оюун “Тиймээ шийдэж болно. Гэхдээ үнэтэй” гэж хариулсан. Өөрөөр хэлбэл, нэг айлын асуудлыг шийдэхэд 30 мянган ам.доллар зарцуулах тооцоо гарсан юм билээ. Үүнээс юу харагдаж байна гэхээр шийдэл байна. Гэхдээ үнэтэй.

Өртөг өндөртэй учраас хэрэгжүүлэх боломжгүй тухай тухайн үед салбарын удирдлагууд тайлбарлаж байсан. Мэдээж утаанд зарцуулж байгаа тэр мөнгөө ийш нь зарцуулах боломжийн талаар та ч өмнө нь хэлж байсан?

Улстөрчид бидний эрүүл мэнд, амь насыг мөнгөөр тооцдог ийм аюултой жишиг тогтчихож. Хэрэв мөнгөөр тооцож байгаа юм бол агаарын бохирдлоос үүдэлтэй эмгэг, өвчлөлд зарцуулж байгаа 640 сая.долларын өртөг магадгүй өсөх байх. Агаарын бохирдол нэмэгдэхийн хэрээр энэ өвчлөлөөр өвчлөгсөд нэмэгдэж байна. Иймээс өвчнөөс урьдчилан сэргийлэхийн оронд тариаг нь бэлдээд суух уу, эсвэл гэдэг асуулт байгаа юм. Уг нь асуудлыг шийдэж болох гарц байгааг хэн хэн нь зөвгөөрч байна. Нарны эрчим хүчээр шийдэх бололцоотой юу. Бололцоотой. Гэвч өртөг.

Энэ Засгийн газар агаарын бохирдлыг багасгах, утааг бууруулахын тулд технилогийн дэвшлийг илүүд үзэж буй. Энэ дагуу шалны халаалт болоод хэд хэдэн технилогийг танилцуулаад байна?

Эрх баригч хүчин хүн төвийн талаар их ярьдаг. Нөгөөтэйгүүр, хотын удирдлагууд Улаанбаатар хотыг аз жаргалын индексээр нь дүгнэнэ гэж зарласан. Эрх баригч нам мөрийн хөтөлбөрт тусгагдсан эдгээр үзэл баримтлалдаа үндэслэн агаарын бохирдолд анхаарлаа хандуулж байгаа нь сайшаалтай.

Утааг бууруулах эцсийн шийдэл нь барилгажуулалт гэж өмнө нь үздэг байлаа. Тиймдээ ч иргэдийг орон сууцжуулах урт хугацааны зээлийг олгож эхэлсэн. Гэвч өдгөө эрэлт нийлүүлэлтийн харьцаа алдагдаж, энэ бол эцсийн шийдэл биш байсныг нотолж байна. Тэгэхээр дараагийн арга нь таныхаар нарны эрчим хүч гэж үү?

Нийслэлийн агаарын бохирдлыг барилгажуулалтаар шийдэж болохгүйг өдгөө нийтээрээ харж байна. Эдийн засгийн хувьд урт хугацааны зээл олгож, хөтөлбөр хэрэгжүүлээд ч бодит амьдралтай нийцэхгүй нь батлагдлаа. Тэгэхээр гэр хорооллыг цахилгаанаар халаахаас өөр аргагүй. Ямар нэгэн байдлаар утаагүй зуух, утаагүй түлш хэрэглээд нэмэргүй гэдэг нь ойлгомжтой боллоо.

Өнгөрсөн хугацаанд утаанд хичнээн төгрөг зарцуулчихав. Танд энэ талаар баримт байна уу?

Ойролцоогоор 240 орчим тэрбум төгрөг зарцууллаа. Их хэмжээний хөрөнгө мөнгө цацсан ч зүгээр л салхинд хийсчихлээ. Өмнөх хотын удирдлага болох Э.Бат-Үүл утааны талаар ямар ажил хийж, хэрхэн үр дүнд хүрсэн талаар боловсруулсан баримт бичиг гэж алга. Хачирхалтай байгаа биз. Иймээс шинээр асуудал хөндье гэж ярьж байна.

Э.Бат-Үүлийг хотын даргаар ажиллаж байхад “Монголын Ногоон нам” нийслэлийн агаарын бохирдлыг гурван жилд тав дахин багасгах төслийн талаар танилцуулж байсан. Улмаар хотын даргыг дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажиллахыг уриалж байсан. Тэр ажил үр дүнд хүрээгүй гэсэн үг үү?

АН-ыг Засаглаж байхад бид агаарын бохирдлыг сэргээгдэх эрчим хүчээр шийдэх аргачлалын талаар танилцуулсан. Гэвч үр дүнд хүрээгүй. Харин энэ Засгийн газар, хотын удирдлагууд хамтарч ажиллах болов уу гэж итгэж байна. Өдгөө агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ, Засгийн газар, Эрчим хүчний яам, хотын захиргаа гээд шат шатандаа ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. УИХ дээр энэ чиглэлээр сонсгол хүртэл хийгдлээ.

Агаарын бохирдлыг сэргээгдэх эрчим хүчээр бууруулах тооцоо судалгаагаа Засгийн газрын түвшинд танилцуулсан уу?

Эрчим хүчний яамныханд танилцуулсан. Гэр хорооллыг цахилгаанаар халаах асуудлыг шийдвэрлэхэд шөнийн тариф чухал. “Утааны эсрэг ээж аавуудын холбоо”-ны жагсаалын үр дүнд шөнийн тарифыг тэглэлээ. Энэ бол их том ажилт. Төвийн эрчим хүчний системд нэг гегаватт хэрэглээ байдаг боловч ялангуяа өвлийн цагт нэмэлт эрчим хүч хэрэгтэй учир Оросоос 250 мегаваттыг нэмж авдаг.

Хамгийн их алдагдалтай салбар бол эрчим хүч шүү дээ?

Жилд 30 сая ам.долларыг эрчим хүчинд зарцуулдаг. Эрүүл мэндэд 640 сая ам.доллар. Тэгэхээр дээр дурьдсан үнэтэй гээд байгаа нарны хавтангийн төслийн санхүүгийн эх үүсвэрийг шийдэж боломжтой.

Тэгэхээр нэн тэргүүнд цахилгаан станцуудын асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй юм биш үү?

Цахилгааны асуудлыг шийдэхийн тулд хэд хэдэн арга бий. Тавдугаар цахилгаан станц барина гэж АН Засгийн үед ярьсаар байгаад бүтсэн зүйлгүй өнгөрлөө.

Тэр ч бүү хэл, эрдэмтэд атомын цахилгаан станцын тухай саяхан цухуйлгасан. Та энэ талаар ямар бодолтой явдаг вэ?

Монголын шинжлэх ухааны академичид атомын цахилгаан станц барих хэрэгтэй гэж хэлж байна лээ. Эрдэмтэд атомаа мартаагүй байгаа нь тэр л дээ. Энэ их ёс зүйгүй зүйл. Өвчин, зовлон, утаа ярихаар бусдыг дарамталж, гарцаагүй байдалд оруулж байгаа юм шиг юм ярих нь цагаа олоогүйн илэрхийлэл. Атомын цахилгаан станц барих цаг нь өнөөдөр биш. Утаатай харьцуулж ярина гэдэг нь энэ сэдэв хэдийнэ улстөржсөн гэсэн үг. Утаа  бол бусдын улс төрийн арга механизм болоод хувирчихаж. Утааг арилгах нэрийн дор нэг хүн шоронд суугаад гарч ирлээ шүү дээ.

Таны яриад байгаа нарны хавтан малчдын хэрэглэж байгаа нарны зайн үүсгэвэр хоёр адилхан юм биш үү?

Малчдын хэрэглэж байгаа мянган айлын нарны гэрэл хөтөлбөр ЮНЕСКО-гоос шагнал хүртсэн. Монгол Улс ахуйдаа хамгийн их сэргээгдэх эрчим хүч ашигладаг ард түмэн гэдэг утгаар. Үндсэн зарчмын хувьд ижил. Нарны хавтангаар гэрийг  халаана гэхэд иргэд тэр дундаа малчид болохгүй гэхгүй. Өдгөө “Монил”, “Малчин” компани 2.5 сая төгрөгөөр малчдад угаалгын машин, хөргөгч, телевизороо ашиглахын зэрэгцээ гэрэлтэй байх боломжийг олгож байна. Үүн дээр халаалтын системийг шийдчихвэл болох нь тэр. Үүний тулд цахилгааны шинэ эх үүсвэрийг нарны хавтангаар бий болгон үйлдвэрлэсэн эрчим хүчээ устөрөгчид “шингээн” хадгалж байнгын, тогтмол, найдвартай энергийн эх үүсвэрийг бүрдүүлэх юм.

Нарны хавтанг айл өрхийн хашаанд байрлуулна гэл үү?

Нийслэлд 150 мянган айл гал түлж байна. Нэг өрх ойролцоогоор 500.000-1.000.000 төгрөг зарцуулдаг гэсэн судалгаа бий. Эдгээр айл өрхөөс наран тал руугаа харсан 50 мянган айлын хувийн эзэмшлийн 0.05 га газрын талд нь 30 квтын нарны хавтан байршуулан нэг цагт нийслэл хотын хэмжээнд 1500 мвт цахилгаан үйлдвэрлэн “электролиз”-ийн аргаар устөрөгч (H2) болгон хуримтлуулж цахилгаан сүлжээний ачаалал ихсэх үе буюу хүйтэн сэрүүний улиралд дотоод шаталтын генератороор цахилгаан энерги бүрдүүлж сүлжээнд буцаан нийлүүлэх боломжтой. Өөрөөр хэлбэл, 0.05 га хашаатай айлын 300 метр талбайд нь 30 квтын нарны хавтан байршуулана. Улмаар эргэн тойрон дахь таван айл, өөртэй нь нийлээд зургаан өрхийн халаалтыг шийдчихнэ. Дээрээс нь нарны хавтан хашаандаа тавьсан айл орлоготой болно.

Эргэн тойрон дахь айлууддаа цахилгаанаа зарж уу?

Төслийн нэг давуу тал нь 50 мянган айлын нийгмийн асуудлыг шийдвэрлэн иргэдийг тогтмол орлогын эх үүсвэртэй болгох бөгөөд мөн гэр хорооллын хувийн эзэмшлийн газрыг эдийн засгийн эргэлтэнд оруулан банк санхүүгийн байгууллагаас авах боломжит зээлийн хэмжээ 10 дахин өсөх үзүүлэлт харагдаж байгаа юм. Иргэдийн нийгмийн идэвхи өргөжиж эх орныхоо бүтээн байгуулалтанд хувь нэмрээ оруулна. Газар нь хувийнх болохоор тухайн айл сардаа 500 мянган төгрөгийн орлоготой болох боломжтой. Нөгөөтэйгүүр, төр мөн худалдан авна. Цахилгааныг улс худалдаж авсанаар тухайн айлд багадаа өдөрт 10 ам.доллараар тооцохоор орлого орох юм.

Нарны хавтанг ямар эх үүсвэрээр санхүүжүүлж байршуулах вэ?

Зээлээр авна. Улмаар нарны хавтанг хашаандаа байрлуулсан айл 10 ам.долларын тодорхой хувийг авч, үлдсэнийг нь төрт өгснөөр гурван жилийн дотор нарны хавтангаа авсан төлбөрөө төлчих юм. Гурван жилийн дараа өнөөх нарны хавтан тэр айлын хувийн өмч болох бүрэн бололцоотой.

Тухайн айлд бэлэн мөнгө өгөх нь бэлэнчлэх сэтгэлгээг нь дэмжсэн хэрэг юм биш үү?

Гэхдээ энэ мөнгийг зүгээр өгөхгүй. Хавтан тавьсан айлтай гэрээ байгуулна. Гэрээг үндэслэн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхээр тохиролцоно. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэгч болгох гэрээ хийнэ. Тоног төхөөрөмжийг нь барьцаалж зээлээд нийгмийн асуудлаа шийдэх, дахин нийгэмшүүлэх тал дээр анхаарах юм.

Давхар зах зээлийнх нь асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй болох байх?

Улсын төсвөөр худалдаж авдаг бүхий л зүйлийг хийлгэж болно. Жишээ нь төсвийн байгууллагуудын ширээ сандал. Энэ олон сургууль, цэцэрлэг, оффисст ширээ сандал хэрэгтэй. Иймээс тухайн айлын эрчүүдийг мужаанаар сургаж, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэхэд нь дэмжлэг үзүүлнэ. Эмэгтэйчүүд нь сурагчдын болон цэрэг, цагдаа гээд хуулийнхны дүрэмт хувцсыг оёж болно. Мэдээж чанарын өндөр түвшинд хийх шаардлагатай. Үүний тулд сургалтад заавал хамруулна. Эргээд төр хяналтаа тавьж, шалгаж, нягтална. Ингэснээр ажлын байр бий болно. Тэгэхээр бүхэл бүтэн яамны статустай байгууллага бий болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл, халаалтыг шийдэж, агаарын бохирдлыг бууруулаад зогсохгүй иргэдээ ажлын байраар хангаж, орлоготой болгохын зэрэгцээ нийгэмшүүлэх ажлыг төрөөс хийнэ гэсэн үг. Эрээнд Монголыг үйлдвэрлэл эрхлэхийн эсрэг төрийн бодлого явагддаг шүү дээ.

Тухайлбал..?

Жишээ нь, Эрээнд нэг аягыг 10 төгрөгөөр үйлдвэрлэдэг атлаа монголчуудад зарахын тулд таван төгрөгөөр нийлүүлж байх жишээтэй. Хэрэв төрд өгнө гэвэл бүр хоёр төгрөгөөр ч худалдана. Ямартаа л Монголын компанид бараагаа нийлүүлнэ гэвэл 20 мянган ам.доллар ямар нэгэн хүүгүйгээр зээлүүлэх төрийн бодлого явагддаг. АНУ-ын ерөнхийлөгч Трамп хүртэл зах зээлээ хамгаалах бодлого хэрэгжүүлж эхэллээ. Иймээс Монголын төр Эрээнд байгаа худалдаачныг биш эх орондоо байгаа үйлдвэрлэгчийг тэжээх ёстой.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!