Төрийн тахилгат Бурхан Халдун уул

0
1026

Монгол хөтөч

Монголчууд эрт дээр үеэс байгаль ээжээ шүтэн дээдлэж ирсэн уламжлалтай ард түмэн билээ. Үүний нэг томоохон илрэл нь уул овоогоо тахих явдал юм. Энэ нь нэг талаар зан үйл төдий мэт боловч үүний цаана маш нарийн утга учир, чухал ач холбогдол оршиж байдаг. Өөрөөр хэлбэл, биет болон биет бус өв соёлоо хадгалан хамгаалах, эх нутгаа онгон дагшин байдлаар нь үлдэх зэрэг олон талын ач холбогдолтой. Судлаач А.Дүүрэнжаргалын судалгааны бүтээлд “Тахилгат газар нутаг нь хүний үүсэл хөгжлийн бүх үеийг илтгэн харуулсан түүх, соёлын дурсгал, чулуун зэвсгийн суурин газар, эртний хүмүүсийн амьдарч байсан ул мөрийг харуулсан агуй, хадны зураг, үе үеийн тахилгын байгууламж, оршуулга, хөшөө чулуу, сүм хийдийн туйр зэргийг өөртөө агуулж хадгалсаар байдаг. Газар нутгийн тахилга тайлын зан үйл нь биет бус соёлын өвийн олон илэрхийлэлийг өөртөө агуулсан байдаг. Үүнд уул усны магтаал, даатгал, дуудлага, залбирлын үг, үлгэр домог, хууч яриа, зүйр цэцэн үг зэрэг аман өв уламжлал, түүний илрэх хэлбэр болох тууль хайлах, нутаг усыг магтсан дуу, бий биелгээ зэрэг урлагийн үзүүлбэр, овооны наадам, тахилгын дэг ёс, баяр наадам, сав шимийн ертөнцийн тухай мэдлэг ойлголт, биет бус соёлын өвийн бусад олон илэрхийлэл, зан үйлээр дамжин үеэс үед уламжлагдан хадгалагдсаар иржээ. Тахилгат газарт холбогдох соёлын илэрхийлэл, уламжлал нь үеэс үед дамжин хэрэглэгдэж, орон зай, бишрэл хүндэтгэлийн нөлөөгөөр бат хамгаалагдаж байдгаараа байгаль, соёлын хосломол өвийн бүх шинжийг агуулж байдаг” хэмээн онцолжээ.

Дэлхийн хамгийн анхны төрийн тахилгат уул

Монгол орны зүүн хойд хэсэгт Хэнтий нурууны төвд, Их хэнтийн нурууны салбар уулсын нэг нь Бурхан Халдун уул юм. Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын нутагт, төв аймгийн Мөнгөнморьт сумаас 90 км зайтай, далайн түвшнээс дээш 2362 метр өндөрт өргөгдсөн. Тэнгэрийн овооноос гадна дунд ба бэлийн овоотой. Бөмбөгөр оройтой, дундаж өндөр уул бөгөөд тал саран хэлбэртэй аж. Баруун урд суганд нь Хэнтий нуур оршино. Уулынхаа энгэр бэлээр хар мод, хушин ойтой. Эндээс Богдын гол эх аван урсдаг байна.

Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутаг нь дэлхийд хамгийн анх албан ёсоор төрийн тахилгат газар нутаг хэмээн тунхаглагдсан гэж үздэг. Дэлхийн дээвэр Эверест, Хятадын их тахилгат Тайшан уул, Африк тивийн их шүтээн Климанджаро, Австралийн улаан хадан уул Улуру Ката, Монголын алдарт давст нуур Увс зэрэг Дэлхийн өвд бүртгэгдсэн шүтлэг тахилгат уул, нуур, гол цөөнгүй бий. Гэхдээ Бурхан Халдун шиг эрт дээр үеэс үндэсний хэмжээнд албан ёсоор тахилгат хэмээн тунхаглан, тахин шүтэж, байгалийн унаган төрхөө хадгалж ирсэн нь газар бараг үгүй гэж хэлж болно. Бурхан Халдун уулыг Дову мэргэний үеэс шүтэж байсан тухай “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэжээ. Үүнд Чингис хаан:

Өндөр дээд

Бурхан Халдун чамайг

Өглөө бүр мялааж байя

Өдөр бүр тахиж байя

Үрийн үрд

Үүрд тахиж

Үе тутам

Үргэлж шүтье… хэмээн “…Бүсээ хүзүүндээ эрих мэт өлгөж, малгайгаа гар сэгэлдэрч, гараар өвчүүгээ дарж, наран өөд хандаж, Бурхан Халдунд есөнтөө сөгдөж өчил өчин, сацал сацав” гэж гарч байгаагаас үзэхэд Бурхан Халдун уул Чингис хааны үгэн зарлигаар тахилгат уул болон албан ёсоор тунхаглагджээ гэж үзэж болно. Чингис хааны үеэс Бурхан Халдун уулыг ийнхүү тахилгат уул болгон зарлигаар хамгаалж байсан нь цаашдаа Монголын Эзэнт гүрний нутаг дэвсгэрт үлгэр жишээ үзүүлж, Ази, Европын олон уул усыг бишрэн хүндэтгэлтэй тахилгат газар нутаг болгон хамгаалахад нөлөөлсөн гэж зарим судлаач үздэг.

Бурхан Халдун уулыг Чингис хаанаас хойш, хожим 18 дугаар зууны үед төрийн янз бүрийн түвшинд дархан цаазтай, тахилгат уул хэмээн хууль цаазын бичгээр баталгаажуулан зарлигаар тахиж ирсний дотор 1995 оноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн тахилгат уул болгон бүх нийтээр тахих ёслолыг хийдэг болсон. Бурхан Халдун уул өнөөдөр тахилгат газар нутагт байх бүх шинж чанрыг өөртөө агуулж буй сүсэг бишрэлийн уламжлалт тогтолцоо, тахилгат газар нутгийн дэлхий дахины ач холбогдол бүхий үлгэр загвар болж байгаа аж.

Бурхан Халдун уул, түүнийг тойрон хүрээлсэн нутаг нь умар зүгийн хүйтэн, чийглэг уур амьсгалаас өмнө зүгийн хэт хуурай цаг уурт шилжих эрс тэс уур амьсгалд дасан зохицох генетикийн ховор шинжийг агуулсан биологийн зүйлийн эртний олон арван зүйлийн үлдвэр, унаган амьтан, ургамал бүхий шим ертөнц бүрэлдэн тогтсоноор дэлхийд ховор өвөрмөц онцлогтой газар нутаг аж. Мөн дэлхийн үндсэн байгалийн бүс бүслүүрийн экосистем, томоохон голуудын эх болох цэвэр цэнгэг усны нөөцөөр дэлхий дахины хувьд онцгой ач холбогдолтой гэж судлаачид үздэг байна. Тахилга шүтлэгт уул, түүнийг хүрээлсэн газар нутаг нь дэлхийн усны гурван том ай савын уулзвар болон Сибирийн мөнх цэвдэгийн өмнөд сэжүүрт байрласан тул дэлхийн шим мандлын салшгүй хэсэг бөгөөд экологийн болон түүнийг дагалдах биологийн олон төрлийг хамгаалахад чухал ач холбогдолтой аж. Бурхан Халдун уулын хэдэн сугаас эх авсан голууд, тухайлбал, Онон, Хэрлэн гол Номхон далайд, Туул, Хараа, Ерөө гол Умард мөсөн далайд цутгаж дэлхийн усны нөөц, экосистем, биологийн төрөл зүйлийг тогтвортой, тэнцвэртэй байлгахад онцгой үүрэг гүйцэтгэдэг байна. Дэлхийн ховор амьтадын бүртгэл болон Монгол Улсын Улаан номд бичигдсэн 30 зүйл хөхтний гурав нь, 30 зүйл шувуудын 10, таван зүйл мөлхөгчийн хоёр, дөрвөн зүйл хоёр нутагтны нэг, зургаан зүйл загасны хоёр нь Бурхан Халдун уул, түүнийг хүрээлсэн газар нутагт бий. Дэлхийд ховордон Улаан номд орсон буга, хүдэр, хандгай зэрэг амьтадын бараг бүх популяци энэ нутаг, түүний салбар ууланд байна.

Хар зүрхний хөх нуур

Энэ нуур бол Монголын төдийгүй дэлхийн түүхэнд байгаль, соёлын хосолмол гайхамшигт дурсгалт газар нутаг юм. Хар зүрхний хөх нуур нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал сумын нутагт, Бурхан Халдун уулын өвөрт оршдог. Энд гуравдугаар жарны Амарлингуй хэмээх шороон шарагчин тахиа жил буюу 1189 онд Жүрхэний Сорхату Жүрхийн хөвүүн Соча Бэхи, Нэхүн тайжийн хөвүүн Хучар, Хутула ханы хөвүүн Алтан зэрэг нөлөө бүхий язгууртнууд Есүхэй баатрын хөвүүн Тэмүүжинг хамаг Монголын хаан ширээнд өргөмжилсөн түүхт газар юм.

Хагийн хар нуур

Бурхан Халдун уулнаас баруун тийш, Туул голын баруун талын томоохон цугтгалын нэг болох Хонгорын голын эхэнд оршино. Нуурын эргэн тойрон дахь эртний мөсдөлтийн хотгор гүдгэрийн өвөрмөц тогтоцтой, үзэсгэлэнт байгаль нь аялал жуулчлал хөгжүүлэхэд ихээхэн ач холбогдолтой аж. Энэ нуурын нэр нь Монголын нууц товчоонд Өхөртү Жубур хэмээн тэмдэглэгдсэн бөгөөд Монголын түүхэнд холбогдох дурсгалт газар нутгийн нэг гэж хэлэх бүрэн үндэслэлтэй аж. Бурхан Халдун уул болоод түүнийг хүрээлсэн газар нутагт өнөөдөр ч малчин ард хэдэн мянган жилээр өвлөж ирсэн нүүдэлч соёл, нүүдэлч амьдралынхаа хэв маяг, ёс заншил, зан үйл, баяр ёслол, бүтээн туурвих арга ажиллагаа, уламжлалт урлаг, тоглоом наадгайг хадгалан амьдарч хөгжүүлсээр байна. Нүүдлийн соёл иргэншил, түүний дотор Бурхан Халдун уул, тахилгат газар нутгийн нүүдлийн соёл нь байгаль дэлхийгээ хайрлан шүтэж, түүнд хор хөнөөл тарихгүйгээр эв зохицолд амьдарч болдогийн гайхалтай амьд жишээ хэмээн дэлхийн судлаачид үнэлдэг байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!