Б.Наранхүүгийн найр

0
855

Дундговьд болсон олон улсын симпозиумын хөтөлбөр, түүнийг сурвалжлах хүсэлт бүхий урилга хамт  иржээ. Орон нутгийн иргэд ухаанаа уралдуулж, өөрсдөө хөгжлөө тодорхойлж байгаа талаар мэдээлэл бүхий хуудасны нөгөө талд өнөөх хурлын илтгэгчдийн сэдэв, агуулгыг оруулжээ. Ач холбогдол нь ч лут юм. Нэгэнт редакциас яв гэсэн даалгавар өгсөн учир, “нисээд” л очлоо.

Олон улсын симпозиумд НҮБ-ын суурин төлөөлөгч болон түүнийг дагалдан яваа гадныхныг тооцохгүй бол харь хүн алга. Ойролцоох аймгуудын Иргэдийн хурлын дарга, төлөөлөгч нар ирцгээжээ. Уг арга хэмжээг санаачлагч хөдөө орон нутагт анх удаа олон улсын арга хэмжээ зохион байгуулж байгааг өгүүлэв. Эхний илтгэгч нь өндөр настай хүн байж таарлаа. Хоолой нь сөөсөн учир ярьж чадахгүй байгаагаа учирлаад тэрүүхэндээ бөвтнөсөөр дуусав.

Удаах илтгэгч Улаанбаа­тараас уригдаж очсон залуу байв. Урд шөнөжингөө архидсан нь гарцаагүй байж таарах нөхөр халамцуу индэрт гарч ирээд сум хөгжүүлсэн тухай хууч хөөрсөөр сүүлдээ хурлын даргалагчид хөөгдөх шахаад буув.

Хөтөлбөрт өгүүлснээр бол илтгэлүүдтэй холбоотой хэлэлцүүлэг хийх байсан. Хөөрхийс, уригдаж ирсэн залгаа нутгийнхан нь  ёс юм гээд л асуулт асууж саналаа хэлж байх юм. Тэгсгээд аюулын сүржин нэртэй симпозиум маань дууслаа. НҮБ-ынхан хэдийнэ явцгаажээ. Сэтгүүлчдэд энэ мэт хурал чуулганд бишгүйдээ оролцож байдаг хойно, тухайн арга хэмжээний үр дүн зэргийг зайлшгүй л мэдэх хэрэг гарна. Түүнийг нь л түүнийг үзэгч уншигчдад хүргэх үүрэгтэй хойно, эрэл,сурал болж  хэд хэдэн хүнээс мэдээлэл авах гэж үзлээ. Гойд юм хэлсэнгүй. Нутаг орны байдал мэт мэдээллийг бол гуйлгалгүй хэлээд өгөх юм.

Оройн зоог дээр хурал даргалагч албаны арга хэмжээ дууссан гэдгийг сонордуулангаа “Маргааш өглөө Их газрын чулуу гэх байгалийн үзэсгэлэнт газарт Б.Наранхүүгийн нэрэмжит цайллага болно” хэмээн жавхлантай гэгч нь зарлав. Үүрээр босч, Мандалговиос зүүн урагш байх тусгай хамгаалалттай газар руу зүглэлээ. Аймгийн төвөөс хуралд оролцсон бүх л хүмүүс уул тийш  цувлаа. Хурц шовх оргил, байц боржин цуваа хадтай, говийн гайхамшигт газарт хөл тавив. Морьтны хишиг явганд гэгчээр симпозиум гэх арга хэмжээнд бултаараа санаатай очоод, байц хадны дэргэд санаандгүй найрлаад…

Ууж, идсэнээ гайхуулах гэж байгаа биш. Үүнээс цааш юу болсныг нь бичээд яах вэ. Харин ямар зорилготой үйл ажиллагаанд орсноо мэдэхгүй байсаар ирсэн. Олон улсын хурлын бүхий л зардлыг Б.Наранхүү гаргасан гэх. Өөрийнхөө нэрэмжит цайллагын зардлыг  ч хашир дааж таарсан болов уу. Эцэст нь иймэрхүү арга хэмжээг гишүүн маань байнга даадаг гэх. Өгч, авалцаад сурчихсан юм билээ. Хэдий сүр, бараатай арга хэмжээ зохионо,  төдий далайцаар мөнгө авдаг бололтой.

Өнгөрсөн парламентаас улирч орж ирсэн АН-ын цөөхөн гишүүдийн нэг Б.Наранхүү. Үнэндээ ч “Эсгий хийх газар нохой хэрэггүй” гэгчээр хууль баталж буй чуулганы танхимд илүүдээд байдаг хэд хэдэн гишүүдийн нэг нь яах аргагүй мань эр л дээ. Үүнийгээ ч ”Цензүргүй яриа” нэвтрүүлгээр өөрөө хэлнэ билээ. Овсгоотой бизнесмэнд тэнд суугаад мэдэхгүй юм яриад сууж байх цаг хайран байдаг бол огт сонгогдохгүй байх хувилбар байсан.

Тэрбээр нэгэнтээ “Олон жил хөдөлмөрлөлөө. Улс төр рүү хэзээ нэгэн цагт орно доо гэж энэ замыг туулаагүй… Миний найзууд надад хэлдэг юм. Чиний яриад байдаг зүйл үнэн шүү. Тэрийгээ мөрөөдөл хэвээр нь үлдээх гээгүй л юм бол одоо улсдаа зүтгэ гэж. Одоо бид хөгжлийнхөө хурдыг түргэсгэх, бушуухан бусдын жишигт хүрэх хэрэгтэй байна. Энэ үйл хэргийн төлөө зүтгэе л гэж шийдлээ дээ. Үнэхээр ард түмний бодит амьдрал бас хэцүү байна. Болохгүй юмнууд байна. Өөдөлж дээшилж л таарна. Тэр сайхан амьдрал руу, тэр бусдаас дутахгүй хүчирхэг ирээдүй рүү улс орныхоо бодлогыг залахад оролцъё л гэж  хувь хүнийхээ хувьд бодож шийдвэрээ гаргасан” хэмээсэн.

Үнэхээр тэр ингэж ярьсан шигээ хөгжил рүү зүглүүлэх, дэвшил рүү чиглүүлэх бодлого руу залах санаачлага гаргадагсан бол нүдээ тас аниад гар, хөлөөс нь, болохгүй бол хормойноос нь ч болтугай чирэгдээд явах хуна. Гэвч түүний санаачилсан хуулийн төсөл гэж сонссонгүй. Тэр ч бүү хэл,хаа нэг томилгоотой холбоотой асуудал дээр саналаа өгөөд сууж байхыг нь эс тооцволхурал чуулганд  байгаагнь харсангүй.

Нэгэнт ингэж хийх хийхгүй, зүтгэх зүтгэхгүйн дунд хийлж байхаар өөрөө саналаараа гишүүний суудлаа өгчихвөл яадаг юм бол. Ц.Элбэгдорж, У.Хүрэлсүх нар эрхэм гишүүний үүргээсээ татгалзаж байсан түүх бий. Болсон болоогүй найр наадмын бай, шагналаар сонгогчдоо хуураад. Хөдөлмөрлөж байж олсон хэдээсээ нутгийн арга хэмжээг тэтгэж байна гэж орон нутгийн хурган дарга нарт түүнээсээ цавчуулаад…

Хаан хүний үйлийг жирийн хүн шүүдэггүйтэй адил говийн уужим сэтгэлтэй ард түмний сонголтыг нүдтэй, нүдгүйгээр нь ангилж суух эрх бидэнд алга. “Найдаж, итгэж төрд төлөөлүүлж явуулахдаа найрын зардал, наадмын байг даагаад бай гэж Б.Наранхүү таныг сонгоогүй байлтай. Бурхан мэдэг, “Мон уран” гэгээрэх болтугай.

УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн Авлигатай тэмцэх газарт мэдүүлсэн

Хөрөнгө орлогын мэдүүлэг:

Үл хөдлөх хөрөнгө: Орон сууц-2 /1 000 000 000 төгрөг/

Автомашин: Land Rover Range Rover -1, Land cruiser Standart-1, Rollsroyce Phantom-3 /1 185 000 000 төгрөг/

Хадгаламж: 21 195 800 000 төгрөг

Эзэмшдэг компани: Дүнжингарав ХХК-ийн 34 хувь, Инвэкс ХХК 100 хувь, Монголын Уул уурхайн корпораци ХХК 100 хувь, Мон Уран ХХК 100 хувь, Дүнжингарав Констракшн ХХК 100 хувь, Инвэкс Жювелри ХХК 100 хувь, Инвэкс мэншоп ХХК 100 хувь, Инвэкс Хоум ХХК 100 хувь, Инвэкс Коммодитис ХХК 100 хувь, Инвэкс спортс ХХК 100 хувь, Инвэкс Кантийн ХХК 100 хувь, Инвэкс Шүүз ХХК 100 хувь, Инвэкс Сервис ХХК 100 хувь, Инвэкс Лэдишоп ХХК 100 хувь, Инвэкс Бэйбишоп ХХК 100 хувь, Хүлэрхэрд ХХК 100 хувь, Дүнжингарав тээвэр ХХК 100 хувь, Дүнжингарав роуд ХХК 100 хувь, Дүнжингарав секьюрити ХХК 100 хувь, Монголмедиа консорциум ХХК 100 хувь, Оргил энд Капитал партнерс ХХК 100 хувь, Дүнжингарав трейд ХХК 100 хувь, Шинэ зуун айл зах ХХК 100 хувь, Шинэ зуун айл трейд ХХК

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!