Хотын дарга аа, таны албатууд НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ТАЛБАЙД БАРИЛГА БАРИХ ЗӨВШӨӨРӨЛ ӨГЧИХӨЖ…

Иргэд гэртээ, өвчтөнүүд эмнэлэгт тайван баймаар байна-

Нийслэлийн захирагч бөгөөд Улаанбаатар хотын дарга С.Амарсайхан 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн А/322 дугаар захирамж гаргасан. Ингэхдээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ханган газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам талбайн хүрэлцээ хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах болон тохижилт хийх ажлыг эхлүүлсэн байдаг.
Харамсалтай нь түүний энэхүү ажлыг өдгөө өөрийнх нь томилсон хүмүүс үгүйсгэж, эсрэг арга хэмжээ авч эхэлсэн бололтой. Тодруулбал, Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Ачтан” эмнэлгийн урд талд байрлах нийтийн эзэмшлийн талбайд олон жил ургасан моддын гурвыг нь булга татаж энэ сарын 9-ны өдөр Гурван давхар сургалтын төвийн барилгын суурь ажлыг эхлүүлчихлээ. 

Хэдийгээр барилга барих зөвшөөрөл дээр гурван давхар сургалтын төв гэж байгаа ч цаашдаа хэдэн давхар бас ямар зориулалттай барилга болж өөрчлөгдөхийг таахад ч бэрх. Учир нь энэ газар нь Шастины нэрэмжит Улсын нэгдсэн гуравдугаар эмнэлгийн амбулторын хойд хэсэг, “Ачтан” эмнэлгийн чанх урд хэсэг. Үндсэндээ сөрөг урсгалтай замын нэг хэсгийг хааж, урд талаас нь шахан, ёстой л атгахан газраас төрийн байгууллагынхантай нийлж өндөр ашиг хүртэхээр зүтгэж буй хүмүүсийн увайгүй үйлдэл. Ингэж хэлэхийн учир нь тус газрыг харсан хэнбуйгай ч 10-хан алхам газарт гурван давхар барилга барих зөвшөөрөл өгсөн нь маш их хэмжээний авлига хийгээд асар их хэмжээний эрх мэдэлтэй даргын хийх ажил гэж хардагдахаар буй юм.

Тухайн газарт хэнбугай ч очоод харсан барилгын ажил эхлүүлснийг хараад Монгол Улсад хууль, дүрэм үйлчилдэг юм уу гэж гайхахаас аргагүйд хүрнэ. Хамгийн энгийндээ нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих гэж байгаа бол тухайн орчны оршин суугчидтай тохиролцон зөвшөөрөл авах учиртай. Гэвч тэд тэгсэнгүй. Тэгсэн байлаа ч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны тухайн хэсэгт оршин суугчид зөвшөөрөхгүй. Тэд одоо ч байрныхаа гадаа хөгшид нь нарлаж, салхилах, хүүхдүүд нь тоглож, наадах талбайгүй амьдардаг орон сууцан дундах гэр хорооллынхон. Тэр байтугай автомашинтайгаа байр руугаа орох гэж багагүй хугацаа зарцуулдаг гээд түмэн зовлонтой хүмүүс байсаар атал төрийн байгууллагын зарим дарга нар 10-хан алхам газарт барилга барих зөвшөөхөл өгдөг ямар их зориг вэ.

Энэ талаар манай сайтын сэтгүүлч наадмын өмнөхөн 9-ний өдөр Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр даргатай уулзаж энэ талаар хэлэхэд тэрбээр “Ёстой ийм асуудал байж болохгүй. Яаралтай Мэргэжлийн хяналтынханд мэдэгд хэмээж хуулийн хэлтсийн мэргэжилтэн Батжаргалдаа үүрэг өгч “Барилгын талаарх мэдээллийг яаралтай цуглуулж холбогдох албаныханд нь мэдэгдэж эргээд надад яаралтай танилцуул” гэж үүрэгдэж байв. Гэтэл Б.Ууганбаяр даргыг үүрэгдэхээс өмнө энэ сарын 05-ны өдөр тус газрын дэд дарга Ч.Бум-Эрдэнэ аль хэдийнэ нийтийн эзэмшлийн зам талбайд барилга барих зөвшөөрөл олгочихсон байгаа юм.

\Энэ сарын 05-ны өдөр Ч.Бум-Эрдэнийн олгосон барилга барих зөвшөөрлийн гэрчилгээ/

Ингээд үүний дараа асуудал дэвшүүлсэн  сэтгүүлч Нийслэлийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Мөнхбаатарт дээрх барилгын ажлын талаарх баримт, материалуудыг танилцуулахад иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах олон хууль, дүрэм, журмыг зөрчсөн байгааг хэлж хотын даргад яаралтай мэдэгдэж арга хэмжээ авахуулна хэмээж байсан юм. Ямартай ч дэд дарга нь барилга эхлүүлэх зөвшөөрөл өгснийг нь мэдээгүй явсан Б.Ууганбаяр дарга наадам дуусч ажил эхэлсэн энэ өдрүүдэд тус барилгад ямар арга хэмжээ авахыг харая. Түүнчлэн 10-хан алхам газарт барилга барих зөвшөөрөл өгчихсөн Ч.Бум-Эрдэнэ гэх дарга ч ямар хууль журамд үндэслэж иргэн Д.Баяраад БАРИЛГЫН АЖЛЫН ЗӨВШӨӨРЛИЙН ГЭРЧИЛГЭЭ олгосноо ч тайлбарлах ёстой.

Ямартай ч тус барилга баригдаж эхэлснээр иргэд болон автомашины зорчих замыг хязгаарлаад зогсохгүй “Ачтан” болон гуравдугаар эмнэлэгт үйлчлүүлэгчдийн автомашины зогсоолын хүрэлцээ, тухайн орчинд оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулж асуудлыг хурцатгах байдал үүсгэчихлээ.

Яг үнэндээ дээрх НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН талбайд барилга баригдах зөвшөөрөл олгосон нь Барилгын тухай хууль, Барилга байгууламжийн норм, норматив, стандарт, Газрын тухай хууль, Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрэм, Хот, суурины ногоон байгууламжийн тухай болон Эрүүгийн хуулийн тодорхой заалтуудыг зөрчсөн хэрэг болж байгаа юм. Энгийн иргэн хэзээ ч ингэж Монгол Улсын хууль, дүрэм, журмыг “бөөндөж” зөрчихгүй. Эсвэл дээрх хуулийн заалтуудаас гадна Авлигын эсрэг хуулийг ч зөрчсөн асуудал байхыг үгүйсгэх аргагүй. Мөнгөтэй болоод албан тушаалтай хүмүүс хамтран харсан булан, тохойдоо хэдэн давхар өндөр барилга барихаар “ханцуйдаа наймаалцаад” байвал энгийн иргэд хэзээ “Аз жаргалтай Улаанбаатар”-ын иргэд болж, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэх вэ.

Хуулийг гууль мэт, даргынхаа захирамжийг базсан цаас мэт үнэгүйдүүлэн ойлгож, хууль бусаар зөвшөөрөл олгож яваа Хот байгуулалт, хөгжлийн дэд дарга Ч.Бум-Эрдэнэ мэтийг АТГ-т шалгуулах үндэслэл дээрх барилгын ажлын явцыг харахад хангалттай байна. Төрийн ажлыг, иргэдийн тав тухыг бодож эрхэм Засаг дарга С.Амарсайхан та томилсон хүнээ хуулийн дагуу ажиллуулж, шаардлагатай бол иргэд болоод АТГ-тай хамтран ажилласан ч нээлттэй болов уу.

Ямартай ч бид дараагийн дугаартаа НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН талбайд барилга барьж буй том артай иргэн Д.Баяраа болон Хот байгуулалт, хөгжлийн дэд дарга Ч.Бум-Эрдэнэ нарын ашиг сонирхол юу байв. Ч.Бум-Эрдэнэ ямар хууль дүрэмд захирагдаж НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН талбайд барилга барих зөвшөөрөл олгов гээд төрийн байгууллагынханы бичиг баримтад үндэслэн энэхүү нийтлэлээ баримттайгаар дахин хүргэх болно.

Мөн Монгол Улсын хууль дүрэм зөрчсөн, авлига үнэртсэн барилга нүдэн дээр нь баригдахаар зэхэж байхад яагаад өнөөг хүртэл МХЕГ-ын дарга Цагаанхүү, НМХГ-ын дарга М.Эрдэнэчулуун нар амаа үдүүлж нүдээ таглуулсан юм шиг дуугүй суух болов гэдэг нь анхаарал татаж байна.

ҮРГЭЛЖЛЭЛ БИЙ…


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!