Ц.Алтанцэцэг: Цагдаагийн байгууллагын эмэгтэйчүүдэд урам зориг өгсөн шагнал боллоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Цагдаагийн байгууллагаас анхны эмэгтэй Гавьяат хуульч төрлөө. Монгол Улсын Гавьяат хуульч, цагдаагийн хурандаа Ц.Алтанцэцэгийн баярын сэтгэгдлийг хуваалцсан юм.

-Гавьяат хуульч гэсэн эрхэм цол хүртсэнд баяр хүргэе. Баярын сэтгэгдлээ хуваалцана уу. Та цагдаагийн байгууллагад хэчнээн жил ажилласан бэ?

-Монголын прокурор болон цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажилласан. Дийлэнхэд нь Мөрдөн байцаах албанд зүтгэж, эрүүгийн гэмт хэрэг мөрдөн шалгах ажиллагаанд амьдралынхаа багагүй цаг хугацааг өнгөрөөсөн. Аль ч цаг үед төрийн хүний ноён нуруутай, үнэнч шударга байх эрхэм зан чанарыг эрхэмлэж ажиллалаа. Төр түмнийхээ өмнө өргөсөн тангараг, хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэн ажилласан хөдөлмөр, зүтгэлийг минь Төр үнэлэн Гавьяат хуульч хэмээх эрхэм цол, шагналыг хүртээлээ гэж ойлгож байна.

-Эмэгтэй хүн цагдаагийн албанд зүтгэх хэцүү. Хамгийн гол нь цагдаагийн байгууллагаас анхны эмэгтэй Гавьяат хуульч төрлөө шүү дээ?

-Монголын цагдаагийн байгууллагад олон зуун эмэгтэйчүүд эрчүүдтэй мөр зэрэгцэн ажиллаж, цагдаагийн байгууллагын цаг наргүй, хүнд, хүчир ажилд зүтгэж байгаа. Монголын цагдаагийн байгууллагаас анх удаа эмэгтэй хүнд Монгол Улсын Гавьяат хуульч хэмээх эрхэм цолыг хүртээлээ. Энэ нь ард түмнийхээ өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийг хичээн зүтгэж буй цагдаагийн байгууллагын бүсгүйчүүдэд урам зориг өгсөн явдал боллоо. Дашрамд, цагдаагийн байгууллагын нийт бие бүрэлдэхүүн, хамт олон, “Монгол хурандаа” нийгэмлэгийнхэндээ баярлаж, талархсанаа илэрхийлье. Монголын төр түвшин, түмэн олон минь амгалан сайхан байх болтугай гэж ерөөе.

-Та ажлынхаа сайхныг ямар үед мэдэрдэг вэ?

-Ноцтой гэмт хэргийг илрүүлсний дараа мэдэрдэг дээ. Олон шөнө нойр, хоолгүй явсны эцэст ажлынхаа үр дүнг үзэх хамгийн сайхан байдаг. Иргэдийн амар амгалан амьдралын төлөө зүтгэсний эцэст талархлын үг сонсох бүр сайхан байдаг.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!