НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг сонголоо

НАМЗХ-ны VI Их хурлыг “Эвийн хүчээ нэгтгэе” уриан дор өнөөдөр эхлүүллээ. Хурлыг МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх үг хэлж, нээсэн юм. Тэрбээр “МАН-ын дэргэдэх Залуучуудын холбоо бол Монголын нийгэм, улс төрийн системд тодорхой хувь нэмрээ оруулсан. Гадаадын холбогдох байгууллагатай хамтын ажиллагаатай байдаг. Залуу үеийнхний сэтгэл, хүч хөдөлмөр шингэсэн том холбоо учраас та бүхэндээ талархал илэрхийлье. Манай намын үнэт зүйл бол Монгол Улсын тусгаар тогтнол юм. 1924 онд шинэ Үндсэн хуулиа баталж, эрэгтэй эмэгтэй хүмүүсийг тэгш эрхтэй болгосон. Эрэлхэг зоригтойгоор тэмцсэн. Атар газрыг эзэмшсэн. Сансарт хүнээ нисгэхэд оролцсон. Хүн амыг бичиг үсэгжүүлэхэд түүчээлсэн. Энэ бүх үйлсэд уриалан оролцож, шинэ нийгмийг байгуулахад голлон үүрэг гүйцэтгэж байсан нам бол МАН. Намын ахмадууд шинэчлэлт өөрчлөлтийг тайван замаар хийж байсан гавьяатай. Үүнээс хойш асар олон ололт амжилт улс оронд бий болжээ. Манай холбооноос үе үеийн удирдлагууд төрж байсан. Үйл хэргээрээ манлайлдаг байгууллага” хэмээлээ. Их хурлаар НАМЗХ-ны дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах, тус холбооны ерөнхийлөгч болон холбогдох удирдах албан тушаалтныг сонгох асуудлыг хэлэлцэж байгаа юм. Энэ үеэр МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх НАМЗХ-ны Ерөнхийлөгчөөр УИХ-ын гишүүн Н.Учралыг нэр дэвшүүлсэн юм. Ингэхдээ аливаа ажлыг хийхэд хамгийн гол нь сэтгэл, зөв бодол, зөв үйлдэл чухал болохыг тэрбээр онцолж байлаа. Улмаар НАМЗХ-ны Их хуралд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар УИХ-ын гишүүн Н.Учралыг тус холбооны ерөнхийлөгчөөр сонгосон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Би 2009 онд Монголын ардчилсан социалист залуучуудын холбоо гэдэг байгууллагын түүхэн шилжилтийн үед энэ холбоонд орж ирж байлаа. Энэ үеэ эргэн харахад холбооныхоо ачаар 21 аймаг 330 суманд найз, нөхөдтэй болсон байна. Үндэсний хэмжээний томоохон залуучуудын байгууллагыг байгуулах үндэс суурийг тавьсан ахмадууддаа талархаж байна. Ахмад, дунд, залгамж үеээ дэмждэг алтан хэлхээ бол бидний давуу тал. Намын дэргэдэх улс төрийн боловсролын байгууллага бол НАМЗХ юм. Улс төрийн боловсролын суурийг тавьдаг байгууллага байгаасай гэж хүсч байна. Цаашид бид 18-35 насны гишүүн болгоныг цахим шилжилтээр дүгнэж ярьдаг болно. Итгэлийг зүтгэлээр хариулахын тулд хичээнгүйлэн ажиллах болно гэдгээ хариуцлагатайгаар хэлж байна” гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!