Багш нар ажил хаяж, өлсгөлөн зарлана

0
51

Төрөөс багш нарт  нэг удаагийг тэтгэмж болгож, 300 мянган төгрөг өгөхөөр төсөвлөж, ойрын өдрүүдэд чуулганы хуралдаанаар хэлэлцэх болсон. Тэгвэл Засгийн газрын эл шийдвэрийг багш нар эсэргүүцэж, энэ сарын 30-наас ажил хаялт зарлахаа мэдэгдээд байна. Энэ талаар Багшийн цалин нэмүүлэх түр хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэд төрийн албан хаагчдыг 300 мянган төгрөг нэг удаа олгож, цалин нэмэх шаардлага тавьсан албан хаагчдын амыг таглах гэж байна хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Хэдийгээр ОУВС-гийн хөтөлбөрт орохдоо Монгол Улсын хүлээсэн үүргээр цалин тэтгэвэрийг нэмэгдүүлэхгүй гэж заасан ч эл болзол нь багш нарт хамаагүй гэнэ.

Тиймээс гал унтраах байдлаар асуудалд хандаж байгаа Засгийн газрын бодлогыг эсэргүүцэж, хугацаагүй ажил хаялт зарлахын зэрэгцээ өлсгөлөн зарлахаа ч мэдэгдсэн юм.

Цалин нэмэгдүүлэх түр хорооны ерөнхий зохицуулагч Н.Мөнхтуяа “Бидний тэмцэл үр дүнгээ өгнө гэдэгт итгэл дүүрэн байна. Засгийн газар өнөөдөр 40 мянган багшаа хайхрахгүй хаялаа. Энэ жагсаал яваандаа үндэсний хэмжээний хувьсгал болох магадлал өндөр байна. Засгийн газар дүлий байж болохгүй. Багш нарын асуудлыг яаралтай шийдэхгүй бол Монголын боловсрол хүнд байдалд орно. Бидний асуудлыг яаралтай шийдсэн бол өнөөдрийн байдалд хүрэхгүй байлаа. Бид гурван сар тэвчиж, хүлээсэн. Үйлдвэрчний эвлэл гэх бидний эрх ашгийг хамгаалдаг байгууллага биднээс нүүр буруулж, Засгийн газрын талд ажиллаж байна. Тиймээс МҮЭХ-г харж суулгүй, зөвхөн багш нарынхаа үндсэн хуульд заасан эрхийнхээ дагуу тэмцэнэ” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!