Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөг олгохыг байнгын хороо дэмжив

0
46

Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 09.35 цагт гишүүдийн 52.6 хувийн ирцтэйгээр эхэллээ. Хуралдааныг гишүүн Д.Тогтохсүрэн даргалж, хэлэлцэх асуудлыг танилцуулав. Ингээд “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ.

Чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.17 дахь хэсгийг үндэслэн боловсруулсан уг төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгох тухай” заалтад өөрчлөн найруулах  асуудлыг хэлэлцэв.

Хэлэлцэж байнаа асуудалтай холбогдуулан гишүүн Ш.Раднаасэд УИХ-ын тогтоолын төсөлд тусгасан заалтыг “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн санхүүгийн дэмжлэг үзүүлэх гэж өөрчлөн найруулах санал гаргасан ч, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Тус тогтоолын төсөлд “2017 оны төсвийн давсан орлогоос төрийн өндөр албан тушаалтан, шүүх, прокуророос бусад төрийн албан хаагчид 300.000 төгрөгийн ажлын үр дүнгийн урамшуулал олгох” гэсэн томъёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 63.6 хувь нь дэмжив. Иймд  “Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай” УИХ-н тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлэг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг гишүүн О.Батнасан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!