Г.Батбаяр: Талийгаач хүүгийн амийг 220 саяар үнэлсэн ч Монголын шүүх 25 сая төгрөгөөр тогтоосон

Сүхбаатар дүүргийн VII хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “Эко Шинэс” эмийн сангийн төмөр хаалганд есөн настай хүү тогонд цохиулж амиа алдсанаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Гэмт этгээдүүдэд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн баасан гарагт болж “Дэлгэр төв”-ийн эзэн С.Энхжаргалд нэг жилийн ял оноож, “Эко Шинэс” эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг гэм буруугүй гэж үзсэн юм. Тэгвэл талийгаач хүүгийн ар гэрийнхэн давж заалдахаа мэдэгдээд байна. Үүнтэй холбогдуулан энэхүү хэрэг дээр ажилласан өмгөөлөгч Г.Батбаяраас дараах зүйлийг тодрууллаа.


-Шүүх бүрэлдэхүүн жилийн өмнө “Эко Шинэс” эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж амиа алдсан есөн настай хүүгийн хэргийг өнгөрсөн баасан гарагт дэнсэллээ. Энэ хэрэгт та талийгаачийн ар гэрийнхнийг төлөөлж өмгөөлөгчөөр ажилласан. Шүүхээс “Эко Шинэс” эмийн сангийн эрхлэгч Г.Ганпүрэвийг гэр буруугүй гэж үзлээ. Энэхүү хэргийг шүүх хэр зөв шийдвэрлэсэн гэж үзэж байна вэ?

-Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байгаа. Энэ хэрэгт гэм буруутай хоёр этгээд бий. Тэдний нэгэнд нь хариуцлага тооцлоо. Үлдсэнийг нь гэм буруугүй гэсэн шүүхийн шийдвэр гарсан. Шүүхээс түрээслэгч болон түрээслүүлэгч хоёрын хоорондох харилцаа гэж үзсэн. Түүнчлэн “Дэлгэр” төв нь тухайн объектын өмчлөгч. Энэхүү өмчлөгч нь өөрийн мэдлийн газрын 50 ам метр талбайг түрээслүүлэгч “Эко Шинэс” эмийн санд худалдсан байна гэж үзсэн байдаг. Бидний зүгээс “Эко Шинэс” компанийг адилхан гэм буруутай гэж үзэж байсан юм. 

-Та сая “Шүүх бүрэлдэхүүн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэлээ. Шүүх яагаад хуулийг буруу тайлбарласан гэж вэ?

-Шүүх Эрчим хүчний тухай хуулийг ашигласан. Тус хуулийн 31.8-т “Хэрэглэгч этгээд өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмж түүний аюулгүй байдлыг хангана” гэж заасан байдаг. Энэхүү заалтыг шүүх үндэслэсэн. Улмаар Эрчим хүчний газартай гэрээ байгуулсан газар нь “Дэлгэр” төв. Тиймээс тус төвийн эзэн С.Энхжаргал нь гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэдэг зүйл ангийн нэг жилийн ял оноолоо.

Мөн тэднээс 50 сая төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Хохирлыг бол “Дэлгэр” төв төлчихнө, төлөх чадвартай.

Харин хэргийн нэг эзнийг дутуу орхиж, хариуцлага тооцоогүйд ар гэрийнхэн нь сэтгэл дундуур үлдсэн. Түүнээс тэд хүнийг санаатай алаагүй, зөвхөн хариуцлагаа л хүлээх хэрэгтэй. Шүүхийн хэрэглэх ёстой хууль нь Хөдөлмөрийн аюулгүй байдлын тухай хууль байлаа. 

-Ар гэрийнхэн нь давж заалдахаа мэдэгдсэн байна билээ?

-Тийм ээ, давж заалдана. 

-Хүүхдийн амийг 200 гаруй сая төгрөгөөр үнэлсэн гэх мэдээлэл бий. Энэ талаар тодорхой мэдээлэл өгнө үү? 

-“Итгэлт инвест” гэдэг газраас талийгаачийн амь насыг 220 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Монголд энэ бол анхны тохиолдол. Гэхдээ шүүхээс бодит хохирлыг нь 24 сая төгрөг гэж гаргасан. Тэрний 10.5 сая төгрөгийг нь өгсөн. Үлдэгдэл мөнгө дээр нь 40 сая төгрөг нэмж нийт 50 сая төгрөг тогтоосон юм. Өөрөөр хэлбэл, 40 сая төгрөгийг гэм хорын хохирол, харин хүүгийн амь насыг 25 сая төгрөг гэж үзсэн. 

-Тэр 220 сая төгрөгөөр нь “үнэлүүлж” болоогүй хэрэг үү?

-Яг энэ асуудлаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн л дээ. Шүүхээс Монгол Улсад тусгайлан тогтоосон хуулийн хэм хэмжээ байхгүй. Олон улсын стандарт дүрэм, журмыг барьж тогтоож болохгүй. Хүний амь насыг үнэлэх боломжгүй гэж үзсэн юм.

-Талийгаач хүү жилийн өмнө амиа алдсан. Гэтэл бүтэн жилийн дараа шүүх хурал нь боллоо. Хэрэг удаашрах болсон гол шалтгааныг нь хэрхэн харж байна вэ? 

-Өнгөрсөн оны зургаадугаар сарын 25-нд болсон хэрэг. Шүүх хурал нь нэг жил гурав хоногийн дараа боллоо. Мөрдөн шалгалтын ажиллагаа дутуу хийсэн. Түрээслэгч, түрээслүүлэгч хоёрын дунд маргаантай байсан гэх шалтгаанаар хугацаа алдсан. Тухайн үед “Эко Шинэс” компанийн буруутай үйл ажиллагаа олон байсан. Тог цохиж байсан, ашиг орлого олох зорилгоор тусгай зөвшөөрөл нь бүрэн хэрэгжиж эхлээгүй байхад үйл ажиллагаа явуулсан байдаг. Энэ бүх зүйл дээр мөрдөн байцаагчид дутуу ажилласан. Дутуу баримт бүрдүүлж шүүх хуралд орсон болохоор төвөгтэй байдал их гарлаа. Хохирогчдын хувьд хэргийг хурдан шийдвэрлүүлэх хүсэлтэй байсан.

-Ингэхэд талийгаачийн ар гэрийнхэн сэтгэлзүйн хувьд ямаршуухан байна вэ?

-Цаг хугацаа өнгөрөх тусам сэтгэл санаагаар унаж байна. Хагас галзуурлын байдалтай л байгаа гэхэд болно.

Эх сурвалж: Zindaa.mn


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!