С.Амарсайханы философич орлогч Б.Отгонсүхийн мөнгө босгох шинэ ТӨСӨЛ

-МЕТРОНЫ СУДАЛГАА НЭРЭЭР МӨНГӨ ТОНШСОН ТАНИЛ ҮНЭР АГААРЫН ГАЛТ ТЭРЭГ ГЭЭЧЭЭС ХАНХАЛЖ ЭХЭЛЛЭЭ-

Эгийн голын усан цахилгаан станцын төслийг самарч, улмаар Нийслэлийн Нийтийн тээврийн газарт нөлөөлж “Сити баз консалтинг” компанид 1.8 тэрбум төгрөгийг шууд гэрээгээр олгуулсан гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байсан Б.Отгонсүх гэгч хэний хэтэвчийг зузаатгах үүрэгтэй ажилладаг хүн бэ. Төрийн эрхийг ээлжлэн баригч хоёр том намын томоохон фракц бүлэглэлүүд хоорондоо эрх ашиг, ашиг сонирхлын асар том хэлхээтэй, нам нь унасан ч фракц, бүлэглэлүүд нь ажиллаж томоохон төслүүдийг ээлжлэн шимэгчилж байдаг нь үнэн. Нам нь ялагдсан ч хувийн эрх ашиг нь ялагддаггүй эл бүлэглэлүүд аль ашигтай, унацтай хэсэгт сийрэгхэн толгойтой өөрсдийн хүнийг гэмт хэрэгтэн байсан ч үнсэж үлгээд аваачаад өлгөчихдөг нь олон нийтэд ойлгогдохоор болоод удлаа. Мөнгө, эсвэл эрх мэдэл ханхийсэн суудал бүрт өөрсдөө суултай нь биш. Тиймээс ший янгууны утсан хүүхэлдэй мэт нөхдийг өнөөх албан тушаал, сандал суудалдаа залан эрх ашиг, сонирхлын нүүдэлдээ ашиглаж байдаг байна. Тэдний өлгүүр дэх хүүхэлдэйнүүдийн нэг нь дээрх Б.Отгонсүх орлогч гэдгийг НИТХ-ын төлөөлөгчид нь хэлж байна. Хамгийн энгийн нотолгоо нь философич мэргэжилтэй түүнийг Эгийн голын усан цахилгаан станцын төслийн удирдагчаар томилуулж, тэнд цутгах төрийн мөнгөний эргэлтээс өөрсдийн хэтэвч рүү юүлүүлж туршлага суулгаж, суралцуулж байсан гэнэ. Улмаар Эгийн голын усан цахилгаан станцын төслийг самруулчихаад нийслэл рүү татан нэлээд ажил гүйцэтгүүлж эхэлсэн юм байх. Ийнхүү дардан явж байтал АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс Б.Отгонсүхэд 2018 оны нэгдүгээр сарын 25-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1702001240022 дугаартай хавтаст хэрэг нээж, эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж юу юугүй аавын хаалга татуулчих дөхөж. Гэвч юун төлөө нам дамнасан бүлэглэл байдаг билээ. Танил тал, хүч мөнгөө ашиглаж Б.Отгонсүхийг хэргээс нь цагаатгуулсан гэнэ. Түүгээр зогсохгүй хотын даргын эрх мэдлийг хүчээр шахам авсан С.Амарсайханы орлогч болгож дөнгөв. Тэгэхээр түүний ард сүүмэгнээд буй фракцийн нэг талд Нийслэлийн засаг дарга өөрөө байдаг байж мэдэхээр харагдана. Ийнхүү ялтан болохоо дөхсөн философич эр өнгөрсөн дөрөвдүгээр сард Хотын захирагчийн орлогч болж, болох болохдоо ашиг сонирхлын хэлхээст Зам, тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагчаар томилогдов. Өөр нэг ам ангайлгаж, мэл гайхуулсан зүйл нь мөнөөх сүр дуулиант хэргийн гол холбогдогч “Сити баз консалтинг” компани Б.Отгонсүх орлогчийн баруун суганд наалдсан хэвээр, эрүүгийн хэрэг үүсгэгдсэн 1.8 тэрбумынхаа араас 4.2 тэрбумыг авч, өдгөө Нийслэлийн Нийтийн тээврийн газраас сар тутам хагас тэрбумыг тогтмол авч байна.

Уг нь тус компани болон Б.Отгонсүх нарын холбогдсон 1702001240022 дугаартай хавтаст хэрэгт  Нийслэлийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч эл хэргийн холбогдогч нар Хотын мээр С.Амарсайханы дэмжлэгээр өнөөдөр дахин хамтрагчид болон сар бүр хагас тэрбумын орлоготой, тансаг сайхан ажиллацгааж байна. Энэ их хөлс мөнгө “зорчигч тээврийн автобуснууд дахь хянагч кондукторуудыг ажиллуулах” гэх гэнэн цагаан тайлбартайгаар гадагшилдаг юм байх.

Гэхдээ сар бүр кондукторуудын ажлын хөлс хэмээн хагас тэрбумыг сааж суугаа “Сити баз консалтинг” нь ажилтнуудынхаа сүүлийн гурван сарын цалинг нь өгөөгүй байсан нь хачирхалтай. Компанийн ажилтнууд өнгөрсөн 21-ний өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын Газрын үүдэнд цалингаа нэхсэн жагсаал хийж, хэвлэл мэдээлэлд хандаж байж аваагүй цалингийнхаа хагас хугасын барааг харсан. Түүнчлэн 2017 оноос хойш хэдэн тэрбумаар нь нийслэлийн хөрөнгөөс халаасалж ирсэн “Сити баз консалтинг” ХХК ажилчдынхаа нийгмийн даатгалыг дутуу төлдөг, 2018 оны есдүгээр сараас хойш автобусанд хяналтын ажилтны үүрэг гүйцэтгэж ирсэн хүмүүсийн нийгмийн даатгалыг төлөх байтугай бөглөөгүй гэж байгаа. Тэгэхээр С.Амарсайханы философич орлогчийн хүсэлтээр Нийтийн тээврийн үйлчилгээний газрын шинэхэн дарга Ч.Сайханбаяр хүртэл “Сити баз консалтинг” ХХК-тай шууд гэрээгээр хамтран ажиллаж, урссан мөнгө нь гольдролоо өөрчлөн кондукторуудад бус нам дамнасан бүлэглэлийн хэтэвч рүү цутгадаг бололтой. Эсвэл бүр эсрэгээрээ тус компанид хэзээ ч кондуктор байгаагүй байж мэднэ. Хэл ам дэгдүүт хэдэн хүн хөлсөлж цалин мөнгө нэхсэн болгож шоудуулах энүүхэнд. Ямартай ч цалингаа өгдөггүй болохоор хяналтын кондукторууд ажилдаа гардаггүй байсан уу, эсвэл кондуктор ажиллуулах нэрээр мөнгө саадаг байсан уу гэдэг учир битүүлэг байгаа. Учир нь цалин нэхэж жагссан ажилтнууд автобусанд огт үзэгддэггүй гэдгийг зорчигч иргэд бас хэлж байгаа юм.

метро барина зурган илэрцүүд
Улаанбаатар хот агаарын галт тэрэгтэй болно

Ийнхүү хяналтын кондуктор ажиллуулах нэрээр хэдэн тэрбумаар нь Шүүхийн хаалга татсан компанийн данс руу гулгуулсаар байгаа нөхөд сүүлийн үест “Агаарын галт тэрэг” гэх мөрөөдлийн сэдэв барьж аван, өнөөхөө судлах, судлуулах, тооцоо гаргуулах, туршлага судлуулах гэхчлэн дахин хэдэн тэрбумын төсөв зохиож эхэлсэн байна. Энэхүү “Агаарын галт тэрэг” хэмээх үлгэр нь бүтэшгүй мөрөөдөл бөгөөд Б.Отгонсүх гээч Хотын орлогч даргын ардах бүлэглэлийн ирэх сонгуулийн сурталчилгаандаа босгох мөнгөний нэг хэсэг болно гэдгийг НИТХ-ын хэсэг төлөөлөгчид хэлж байгаа юм. Метро, Агаарын галт тэрэг гээчүүд нь судалгааны ажил, оршил хэсэгтээ хэн ч хянах аргагүйгээр их хэмжээний мөнгө урсгах боломжтой, хэн ч шоронгийн хаалга татахгүйгээр цөлмөж болдог хамгийн мэргэн, хамгийн шилмэл арга юм байх.  

10 Сэтгэгдэлүүд

  1. Яахаараа гэмт хэрэгт холбогдож байсан хүнийг орлогчоороо шууд авдаг юм, Амарсайхан но-той, шууд холбоотой л юм байна

  2. Нийлсэлийн иргэдийг т1 гэж бодоо юу. Юун агаарын галт тэрэг. Хулхин дээр цэцэг ургуулах юмаа

  3. Эгийн голын усан цахилгаан станцын төслийг ёстой самарсан нөхөр дөө

  4. МАНГАРУУД Ч цагаандаа гэгч энэ. Үлдсэн нэг жилд ч эрээ цээргүй идэх биз

  5. бургас нэрээ агаарын галт тэргээр солих нээ энэ нөхөр


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!