М.ЭНХСАЙХАН ЦАТГАЛДАЖ, ЭНГИЙН ИРГЭД ЧИХЭЛДЭЖ ХОРИГДДОГ ЦАГ ҮЕ…

Монгол Улсын Шадар сайд асан М.Энхсайханыг “Таван толгойн” орд газартай холбогдуулан шалгаж байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт түүнийг 24 цаг саатуулаад сулласан. Тэрбээр хоригдсон нөхцөл байдал, тэндээс төрсөн сэтгэгдлээ тэмдэглэл болгон буулгаж байгаа юм. Түүний тэмдэглэлээс харахад Цагдан хорих байгууллагын ажилтнууд иргэн бүртээ ижил тэгш үйлчилдэггүй нь харагдаж байна. Учир нь хэдхэн хоногийн өмнө Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэд саатуулагдсан бөгөөд түүний хэвлэлд өгсөн ярилцлагаас тэс өөр нөхцөл харагддаг. Харьцуулалтыг уншигч танд үлдээн Шадар сайд асан М.Энхсайханы тэмдэглэлийг, иргэн Б.Цэгмидийн яриатай хамтад нь хүргэе.

461 БА 48/24 /М.ЭНХСАЙХАНЫ ТЭМДЭГЛЭЛ/

Хуучин цагт Ганц худаг нэртэй гяндан байдаг байлаа. Орж үзээгүй ч тус гяндангийн байранд нэгэн шүүх хуралд 90-д онд дуудагдан оролцож байснаа санаж байна. Олон Улсын байгууллагаас нэгэн удаа манай хорих газруудыг үзэж хараад хүний хамгийн энгийн эрхийг хангах, хоригдогсдод хүмүүнлэг хандах шаардлагатай байгаа тухай зөвлөмж өгсөн байдаг.

Тэр цагаас  Хорих газрыг ардчилсан нийгмийн стандартад хүргэх их ажил эхэлсэн санагдаж байна. Шоронгийн барилгад их ч хөрөнгө зарцуулсан, энэ чиглэлээр төрөөс олон арга хэмжээ авсан. Үр дүн байнаа байна. Эрээн бараантай нийгэмд Хорих газар байхаас ч өөр аргагүй.

Гэхдээ Ганц худаг руу ачигдсан хүмүүсийн дотор хэлмэгдсэн хүн байдаг байсан тухай нэгэн цагдаагийн ажилтан ярьж байсан нь санаанаас гардаггүй юм. Говийн нэгэн аймгийн Цагдаагийн эрхэм Галт тэргэнд үл ялиг зөрчил гаргасан нэгэн залууг хашраах үүднээс Ганц худаг руу ачуулжээ. Тэнд очоод ганц нэг хоноод гаргачихна гэж бодсон гэсэн. 3 сарын дараа Ганц худагт ажлаар явж байхдаа санамсаргүй нөгөө залуутайгаа тааралдаж.  Чи энд юу хийж яваа юм гэж? Асуув. Ахаа Та намайг ийш нь ачуулснаас би гянданд байгаа гэж цочирдуулсан тухай, яах ёстой вэ гэж улс төрч надад хүүрнэж байсан.

Одоо социализм биш л дээ Юм юм сайн тал руугаа их л өөрчлөгдсөн.

Ганц худаг гэх аймшиг айдас дагуулсан нэр аажмаар мартагдаж 461 гэдэг шинэхэн Хорих газар олонд хоногшжээ.

Энэ Хорих газрын үүдийг татах “завшаан” манай АТГ-ийн буянаар надад тохиолдов.

Би тэнд 24 цаг эрх чөлөөгөө хасуулав

Миний өрөө нэг хүнийх байлаа. Хана туурга дээр урд өмнө энэ өрөөгөөр дамжсан хоригдлуудын сараачиж, сийлж үлдээсэн бичгийг сонирхон тэмдэглэж авав.  Хамгийн ихээр анхаарал татсан үгсийг тэмдэглэж авснаа Та бүгдэд хүргэе.

– Ээж Тандаа хайртай

-Ээж минь хүүгээ өршөө

-Ээж Таныгаа хүү нь санаад байнаа

-Хөр цасан цав цайж түлээ модгүй даарваас, Хөдсөн дээлийн оронд хөдсөн дээл болж, Хүндэт буурал ээжийгөө нөмөрлөхгүй юм бол, Хүү нь болж заяасны хэрэг юусан билээ

Эрх чөлөөгөө хасуулсан хэн ч ээжийгээ эргэн санадаг юм байна даа гэж бодогдов.

Хэн нэгэнд зориулсан хараалын үг бололтой ” хүрээд ир, ороод ир, Жангаа ид” гэсэн бичвэр, бүр сийлбэрч байсан. “Төрийн минь Сүлд өршөө” гэж бичээд Хас тэмдэгээр чимэглэсэн бичвэрч байна.

Энэ бүгдийг бичихийн учир нь залуу үе маань энэ хаалгаар битгий ороосой миний үзэж харсныг шинэ үе маань мэдрээсэй гэсэн санаа юм.

Өглөө “Ээжээ, Ээжээ, ээжээ” гэж чангаар уйлах залуугийн дуунаар сэрлээ. Харуулууд “Дуугай бай гээд орос маягийн хараал үг хааяа хэлэх юм. Нөгөөх нь “би үхмээр байна, намайг алаад өгөөч” гэж чангаар мэгшинэ.  Надад харагдахгүй ч чангаар сонсогдох тэр залууг тайвшруулах юмсан гэж бодсоор босов.

Хоол

Надад бол ихдэхээр орцтой хоол өгдөг юм байна. Өглөөний цайнд талх, хар цай өгөв. Хэдэн цаг болж байгаа талаарх мэдрэмж байдаггүй. Ямарч байсан Хоолны цаг болсон бололтой.  Надад ихдэхээр харагдаад “Ах нь юм идэх сонирхол алгаа” гээд нуруугаа амраахаар хэвтэв.

Хоолноос татгалзаад байхаар ажилтнууд нь санаа зовсон бололтой асууж тойроод байхаар нь Тодорхойлолт гэж гарчиглаж байгаад хоолноос сайн дураараа татгалзсан, санаа зовох хэрэггүй гэсэн бичиг хийгээд торны завсар хавчуулчихлаа.

Өглөө нь хөнжил, гудсаа хураадаг боловч минийхийг хураагаагүй. Хүзүүнийхээ гурван нугаламыг  хиймэл болгосноо эргэн бодож 30 жил төрд зүтгэж ном ширтсний гай юу аль эсвэл сайн үзүүлэлт үү гэсэн бодол орж ирж байв.

Эмч

Тэдний анхааралтай харилцаа надад лав таалагдсан. Өвдөлт намдаадаг эм авч уув.  Даралт хөдлөх, зүрхээр өвддөг зовиур байдаггүй, ер нь санаа зовох зүйл байхгүй гэдгээ хэллээ. Миний насанд мэдрэл дагаж өвдөх нь амьд явж байгааг бурханаас байнга сануулж хэлж өгч байгаа хэвийн зүйл л дээ гэсэншүү бодлыг би өөртөө удаан тээсээр дасал болсон юм.

Аюулгүй байдал ба Харуулууд

Өрөө бүрийг камержуулсан бололтой юм. Ёстой сайн хэрэг. Нэг өрөөнөөс нөгөө өрөө рүү ороход нэг харуул дагаж бичлэг хийж байх юм. 24 цагийн бичлэгтэй л бололтой. Камерийн хяналт дор хүмүүсийн бүдүүлэг харилцаа илт багасдагийг манайх Хорих ангийнхан сайн мэддэг бололтой.

Нэг харуул Та ном унших уу гэлээ, тэгье гээд их л зузаан ном авав. Номын нэр нь Харри Поттер гэсэн байлаа. Тэдний буянаар энэ алдартай зохиол 7 боть байдаг юм байна гэдгийг ойлгов. Миний унших сэдэв биш байлаа.

Тоо

Харуулын Ээлж солигдох, хоригдлуудын тоог өглөө, орой авахдаа Овог, нэр ямар зүйл ангитай вэ гэж асуух юм.  ах нь ямар зүйл ангиар шийтгүүлэх гээд байгаагаа мэдэхгүй л гэв. Ер нь хуучин тогтолцооноос улбаатай асуулт шиг санагдсан. Хэлмэгдэж байгаа хүн ч өөрийгөө гэмт хэрэгтэн гэж мэдрэх ёстой гэсэн социалист тогтолцооны асуулт биш байгаадаа гэсэн бодол орж ирж байлаа.

Бодрол

Манай Хорих ангиуд дэлхийн стандартад хүрэхийн төлөө их л зүйл хийж байгаа.  Гэхдээ л санаа амрах хэрэггүй гэдгийг ойлгож байгаа байх. Хоригдлуудад ном, сэтгүүл, сонин, хүмүүжлийн ач холбогдолтой гарын авлага зэргээр хангах талаар илүү ажилламаар санагдав.

Гяндангийн хаалгыг заавал ч үгүй арматурын төмрөөр зангидах хэрэг юу байнаа, хоригдлуудад үргэлжийн төмөр хаалга хангинах нь нөгөө алдарт ” тамлал”- ын хэлбэр биш байгаа даа гэсэн бодол чирч ирлээ. Болгооно уу.

Бүхэлдээ Хорих байгууллагын ажилтнууд ажлаа мэргэжлийн мэдрэмжтай хийцгээж байгаа юм байна гэсэн өөдрөг бодолтой 24 цаг эрх чөлөөгөө хасуулав. Хорихоос гарахдаа Талархал бичиж үлдээгээд гарсан.

Баривчлах тухай мөрдөгчийн тогтоолыг Үндсэн хууль, бусад хууль зөрчиж гарсан гэсэн Шүүхийн шийдвэр гарч. Манай шүүхэд гялтайх зүйл байнаа.

Бие даасан Шүүхийн тогтолцоог цаашид бэхжүүлэх ямар чухал ач холбогдолтойг бие дээрээ мэдэрлээ.

Энэ талаар үргэлжлэл болгон бичнээ.

461 БА 48/24 /ҮРГЭЛЖЛЭЛ/

Эрх чөлөө

Монгол хүн төрөхдөө л эрх чөлөөтэй төрдөг цор ганц үндэстэн гэж нэгэн америк эрдэмтэн “Монголын Нууц Товчоо”-ны англи хэл дээрх номонд өмнөх үгийг зүүж өгсөн байсныг санаж байна. Нээрээ ч монгол хүнийг төрөхөд аль нэг шашны лам хуваргууд угтаж авдаггүй, Тэнгэрийг эцгээ гэж Дэлхийг Эхээ болгож хүмүүний хорвоод мэндэлдэг. Эрх чөлөөгөө олж авахын төлөө хүмүүс, улс үндэстэн амиа золиослон тэмцэлддэг бол Монгол хүнд тэр эрх чөлөө нь бараг л заяагдмал юмуу даа.

Эрх чөлөө бол асар үнэтэй, түүнийг хүнээс тэр тусмаа монгол хүнээс салгах нь тийм ч амархан хийх ажил бишээ. Бусад орны хүмүүс эрх чөлөөгөө олж авахын төлөө тэмцдэг бол Монгол хүн эрх чөлөөгөө хамгаалахын төлөө тэмцэх учиртай байдаг. Өвөг дээдсийн үлдээсэн хамгийн чухал өв энэ хэмээн итгэдэг шүү.

Монгол хүний эрх чөлөөг хасах, боомилох аливаа шийдвэр гоомой байх ёсгүй.

Хууль ёс зөрчлөө энээ тэрээ гэж ярихаа больё гэхэд Монгол хүний заяагдмал эрхийг хаах, боох амаргүй байх ёстой л гэж хэлэх гээд байна. Тийм байлгахын төлөө улс төрд орсон, хийсэн, үүнийгээ орхиод явна гэж байхгүй.

Баривчлах тогтоол

Ерөнхийлөгч Баттулга прокурорын байгууллагуудын удирдах ажилтны зөвлөлгөөн дээр сүр дуулиантайгаар ТТ ордыг хятадын компанид 100 жилээр, үнэгүй өгөх гэж байсан хэмээгээд нотлох баримт хэмээн 170 хуудас материал өглөө. Буруутан нь Элбэгдорж, Энхсайхан хэмээв. ТТ төслийн гэрээ нь 170 хуудас байсныг бодолцвол нотлох баримт тэр байсан бизээ. Гэрээний төсөлд 100 жилийн тухай, үнэгүй өгөх тухай огт байхгүй, хариуцлагатай хүний амнаас ойчсон санаатай гүтгэлэг байснаас гадна Ерөнхийлөгч нийтийн албан тушаалтны хувьд эрх мэдлээ урвуулан ашиглаж Прокурорын Удирдах ажилтны зөвлөлгөөнийг энэ ажиллагаандаа ашигласан нь ёс зүйгүй, прокурорт иргэний гомдол гаргах дүрэм журмыг зөрчсөн явдал байсан.

Тухайн үеийн Ерөнхий прокурор миний ажил эрхэлж байгаа үед улс төрчдийн захиалгаар хүн хэлмэгдүүлэх явдал гарахгүй гэдгийг тод хэлсэн байдаг.

Төдий л удалгүй яаран сандран Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлийн зөвлөмжөөр Дээд шүүхийн дарга, Прокуроруудыг өөрчилдөг байхаар хууль санаачилж батлуулахдаа АТГ-ын даргыг төсөлдөө оруулахыг мартчихсан байдаг. Гэсэн хэдий ч эдгээр байгууллагуудын удирдлагыг өөрчилсөн. Дур зоргоор авирлах бололцоог олж авахын төлөө хэсэг бүлэг хүмүүс улайрч байгааг харж байна. Ойрмогхон жишээ нь өвгөн сэтгүүлчийг хууль хяналтын байгууллагаар айлган дарамталсан явдал юм. ” Соёлын гавьяат зүтгэлтний ” Ерөнхийлөгч шүүхтэй, би хэвлэлтэй” гэсэн нь хариу нь болж байгаа үйл явдлын утгыг товч бөгөөд тод томруун харуулнаа.

“Сахил хүртээд шал дордов” гэдэг ардын маань үг хууль хяналтынханд маань очоод наалдчихвий дээ гэж санаа зовж байна.

“..албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэмт хэрэг үйлдэхийг завдсан үндэслэлтэй хэрэгт шалгагдаж байгаа ба гэрч С.Эрдэнэ, Н.Батаа, Т.Ням-Осор нар нь түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэж шууд зааж байх тул…М.Энхсайханыг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсугай” -энэ бол мөрдөгчийн тогтоолын хэсэг юм. Би тэр үед сайн анзаараагүй ч шүүх дээр тогтоолыг нь хүчингүй болгох шүүгчийн захирамж дээр мөрдөгчийн тогтоол нь дугаар байхгүй, хянасан прокурорын огноо байхгүйг заажээ.

Хүн алж, хүрээ талж байгааг харсан гэрчүүд “гэмт хэрэг үйлдснийг шууд зааж” байгааг үндэслэж шүүхийн зөвшөөрөлгүй түр баривчилж болдог хуулийн заалтыг буруу хэрэглэж нэр бүхий гэрчүүдийн ШУУД ЗААСНААР намайг баривчилсан юм байна.

АТГ-т би олон удаа мэдүүлэг өгсөн. Үргэлж л гэрчийн мэдүүлэг байсан санагдах юм. Хэзээ шалгаж буй хэрэгт сэжигтэн болж хувирснаа мэдээгүй.

Хууль ёсны дагуу гаргаагүй мөрдөгчийн тогтоолоор миний бие 461 рүү “томилогдсон” байж. Байгалийн жамаар хорогдолд орох нас руугаа хэлбийсэн мань мэтэд 24 цагаар эрх чөлөө хасуулсан нь их үнэтэй гэдгийг залуу мөрдөгч ойлгодог болов уу яадаг бол.

Ажлын алдаа гарахыг алийг тэр гэхэвээ. Хүний эрх чөлөөнд халдах аливаа шийдвэр туйлын няхуур, нямбай байгаасай. Энэ бол ганц миний асуудал биш энэ бол асар олон хүний хувь заяа, улс орны ирээдүйн хувь заяатай холбоотой асуудал гэдгийг бүгдээрээ ойлгоосой билээ.

Сейфний  эрэлд

АТГ надаас мэдүүлэг аваад зогсоогүй ёстой санаанд ороогүй сэжиг дурдаж гэр оронд нэгжлэг хийх прокурорын тогтоол үзүүлэв. Манай гэрт очиж үзэж болноо эхнэр, хүүхдүүдээ цочролд оруулчихгүй байх тал дээр санаа зовж байнаа гэв. Энэ талаар ойлгож хандаж байсаан.

Гэр оронд нэгжлэг хийж “хэрэгт ач холбогдолтой зүйл илэрсэнгүй” гэсэн тэмдэглэл хийж нэг ханаас нөгөө хан руу тэмтэчсээр протокол үйлдэв.

“Энхсайхан гуай Танд сэйф байдаггүй юм уу гэж?” асуулаа.  “Юугаа хадгална гэж сейфтэй байх ёстой юм” гэснээр эрэл дууссан.

Сахил хүртэхийн өмнө ба хойно

ТТ асуудлыг буруу зөв ойлгох явдал хэвийн үзэгдэл. Учрыг нь зөв ойлгуулчих гээд зөндөө л мэдүүлэг өгч байсан. Ингэхдээ АТГ-тай өөрийгөө хамтран ажиллаж байна гэж итгэж байлаа. Жил гаруйн хугацаа өнгөрчээ. Дуудсан цагт нь очин дахин ирэхэд бэлэн гэдгээ байнга л хэлдэг байсан.

Улс төрчөөс хараат шинэ удирдлагатай болсны дараа АТГ зангаа хувиргачих шиг санагдлаа. Тийм юм битгий байгаасай гэж бодсоор байна. Учир нь өөртөө санаа зовохоос илүүтэй улс төрийн хэлмэгдүүлэлтийн шуурга эхэлчихвий гэж санаа зовлоо доо. Уншигч Та тунгаана биз дээ.

Эрх мэдэл ба сонгогдсон, сонгогдоогүй эрх мэдэл

Эрх чөлөөг хамгаалах явдал нь төрийг мангас болгохгүй байх явдал юм. Үүний тулд төрийн эрх мэдлийг нь хувааж харилцан хяналттай болгодог. Үүнийг л ардчилсан тогтолцоо гээд байгаа юм. Хууль тогтоогчид сонгогддог, Засгийн газар нь мөн л сонгогдсон хүмүүсээс бүрддэг. Шүүх эрх мэдэл бол сонгогдоогүй эрх мэдэл юм. Сонгогддог эрх мэдэл сонгогдоогүй эрх мэдлээ уландаа гишгэх гэсэн улс төр явж байна.

Шүүх эрээнтэй бараантай ч Монголын шүүх улс төрчдөөс хараат бус, өөрийн итгэл үнэмшилтэй байх явдал улс төрийн том зорилт юм. Зөвхөн ингэж байж Эрх чөлөө хамгаалагдана. Популист улс төрчид толгойд заларсан энэхэн цаг нь түүхийн богинохон мөчлөг.

Эрх чөлөө, ардчиллыг тийм амархан тавиад туух эд биш. Нийгмийн сэхээлэг хэсэг дуу хоолойгоо, үйл ажиллагаагаа улам хүчтэй болгох хэрэгтэй.

Монгол хүнд Тэнгэрээс заяагдмал эрх чөлөөг одоо л хамгаалахгүй юм бол хожмоо эрх чөлөөг олж авахад хэцүү гэдгийг мэдтүгэй, болгоотугай.

Б.Цэгмэд: Хоригдож буй залуус нэгийгээ зодож, ноцтой хэрэг үйлдэх аймшигт суралцаад гарч байна

Г.БАТЗОРИГ. ӨДРИЙН СОНИН. 2019 ОНЫ 6 САРЫН 12

-Жижигхэн умгар өрөөнд 20 хүнийг хорьсон. Бид багталцахгүй болохоор нь нааран доогуур хүртэл орж унтаж байлаа-

Автомашинтай жагсагчдын зохицуулагч Б.Цэгмэдтэй ярилцлаа. Тэрбээр жагсаалын үвэр автомашинтай Чингисийн талбай руу нэвтэрсэн тул Зөрчлийн тухай хуулиар долоо хоног баривчлагдах ялаар шийтгүүлсэн юм.

-Та жагсаалын үеэр автомашинтай төв талбай руу нэвтрэх шаардлага байсан уу?

-Жагсаал өдрийн 14:00 цагт эхэлсэн. Энэ хугацаанд Сүхбаатар дүүргээс бүртгэл зөвшөөрөл нь ирээгүй байсан. Ингээд өглөөнөөс хойш цагдаа нар маш их дарамталсан. Янз бүрийн хүмүүс ярьж, эхний удаад 30 хоног саатуулна, дараа нь тохох хэрэг чинь бэлэн шүү гэх зэргээр дарамталсан.

Биднийг талбай тойроод явж байхад ачилтын машинууд олноор ирж байсан. Энэ мэт нөхцөл байдалд дүгнэлт хийгээд би баривчлагдах нь тодорхой, автомашинаа ачуулах нь ойлгомжтой юм байна гэж бодсон. Төр болон цагдаа хийж байгаа тэмцлийг зогсоохын тулд ямар арга хэмжээ авдгийг харуулахын тулд Чингисийн хөшөөний урд очиж зогсох нь зөв гэж анхнаасаа шийдсэн.

Ингээд сиймхийг харж байгаад талбай руу нэвтэрч, хөшөөний урд очоод машинаа паркалж тавиад, цагдаа нарт баригдсан. Энэ үед цагдаа нар хүч хэрэглэсэн. Зодож цохисон. Би ухаан алдаж унасан. Ямар ч байсан олон нийтийн анхаарлын төвд энэ асуудлыг оруулж 50 га газрыг цуцлуулсан болохоор зодуулж цохиулсан, хоригдсон зэргээ ч тоохгүй их баяртай байгаа шүү.

-Долоо хоног хаана саатуулагдсан бэ. Саатуулах өрөөний нөхцөл, эрүүл ахуйн байдал ямар байсан бэ?

-Цагдаа нар намайг эхлээд Дэнжийн мянгын саатуулах байранд 24 цаг хорьсон. Тэнд хов хоосон. Хэд хэдэн өрөө дамжсан. Ингээд найм болон 16 ортой өрөөнд ганцаараа байсан. Сүүлд нь 4-5 хүн нэмэгдэж ирсэн. Тэнд цагдаа нар загнаж дарамталдаг юм билээ. Өрөөнд байгаа өчнөөн олон орны нэгэн дээр нь хэвтэхэд орж ирээд чи яг энэ газар суу гэх зэргээр тулгадаг.

Тэндээс гараад 409 дүгээр ангийн хажууд байрлах Баянзүрхийн баривчлах төвд хүргэгдсэн. Тэнд нэг өдрийн тооллогоор 411 хоригдол байсан. Ингээд 10 орчим метр квадрат болов уу гэмээр жижигхэн өрөөнд 20 хүнийг оруулчихаж байгаа юм. Зарим өрөө нь найм болон 10 ортой. Гэтэл ийм жижиг өрөөнд тэр олон хүн багтахгүй шүү дээ.

Зай засваргүй хэвтэнэ. Бүр орны доогуур орж унтаж байсан. Хүний эрх маш их зөрчигдөж, бөөнөөр нь хорих лагер бий болчихсон байна. 200 хүний багтаамжтай байранд 411 хүн чихнэ гэдэг юу гэсэн үг вэ.

Ариун цэврийн өрөө рүү нь орсон чинь бас хэцүү байсан. Хоёр давхарт нь тус бүр дөрвөн суултуур, угаалтууртай ариун цэврийн өрөө байсан. Тэрний хоёр нь ажиллахгүй. Тэгэхээр тус бүр гурван суултуур, угаалтууртай болж байна. Энэ тэрүүгээр нь бие засчихсан. Гадуур нь хүндэрчихсэн байх жишээтэй. Монгол эрчүүдийн зарим нь ухамсаргүй, дорой байна.

Мөн цэвэр усны хүртээмж муутай. Цоргоос нь дусагнасан байдлаар нарийхан гоожно. Зарим үед суултуурын ус татахад цоргоос ус гарахаа больчихно. Ийм ариун цэврийн шаардлага хангахгүй газар хүмүүсийг үй олноор нь хорьж болохгүй.

-Янз бүрийн өвчин зовлонтой хүмүүс байгаа байх. Бие биедээ халдвар тараах эрсдэл өндөр байсан уу?

-Тэнд байгаа хүмүүсийн зан ааш эвдрэхээс аргагүй юм билээ. Мөн халдварт өвчин бол аймшигтай. Тэрэн дотор яр шархтай, сүрьеэтэй, адгийн наад зах нь ханиадтай хүмүүс битүү. Ийм хүмүүсийг нийлүүлээд 24 цаг хорино гэхээр юу болох уу. Би ороод нэг хоноод маргааш нь ханиад хүрсэн. Эмчтэй уулзъя гэхээр хагас? бүтэн сайн таарчихсан. Орой болохоор хоригдож байгаа хүмүүс бүгд ханиалгана.

Жижиг өрөөнд цус цэрээ нийгээд хачин юм болно. Би оройдоо халуурч, ядаж сувилагчаас эм авъя гэсэн чинь эмчийн заавраар өгнө гээд егөхгүй. Тэгсэн ч манай эмний жилийн төсөв 150 мянган төгрөг байдаг. Хоригдол болгонд эмээр үйлчилж чадахгүй гэж байгаа юм. Тухайн үед бусдаас эм гуйж уусан. Тэд нар болгож байгаа юм л даа.

Долоо хоног хоригдож өвчин аваад гэртээ очоод тараагаад нийгмийн халдварт өвчин болгох нь байна шүү дээ. Сургууль дээр сүрьеэ тарлаа гэж ярьсан. Гэтэл баривчлах байранд бүрэн утгаараа халдварт өвчин тарж байна. Халдварт өвчний ямар ч шинжилгээ хийлгүй бүх хоригдлыг хамт хорьчихож байгаа юм чинь аргагүй шүү дээ.

-Саатуулагдаж байгаа хүмүүсийн ихэнх нь Зөрчлийн хуулиар 7-30 хоногийн баривчлах ялаар шийтгүүлж байгаа. Ер нь гэр бүлдээ агсам согтуу тавих, амар тайван байдлыг нь алдагдуулсан зэрэг зөрчлөөс болж залуус олноор орж ирж байгаа санагдсан?

-Тийм ээ. Тэр хүмүүсийг баривчлагдсан этгээд гэж зөөлрүүлж нэрлэж байгаа юм. Гэхдээ ялгаагүй л хоригдол шүү дээ. Хоригдож байгаа залуус эндээс гараад эхнэрүүдээсээ сална гэж ярьж байна. Тэнд байгаа 400 хүн гараад сална гээд бод доо. Хэдэн хүүхэд өнчин үлдэх вэ. Зөрчлийн хуулиар хоёр баригдаад, гурав дахь дээр нь нэг жилийн ял авдаг юм байна. Мөн цагдаа нарын дунд аян зарладаг.

Ямар ч байгууллага ажлын үзүүлэлтээр нь өрсөлдүүлдэг шүү дээ. Харин цагдаагийн байгууллагад ийм уралдаан хэрэггүй юм билээ. Цагдаа нар эрүүлжүүлэгдсэн этгээдүүдийг өөрсдийн ажлын үзүүлэлтээ нэмэгдүүлэх гээд шууд шүүхээр оруулаад 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Уг нь ээж нь хүүхдээ нэг удаа эрүүлжүүлэхэд хонуулаад хашраая гээд явуулдаг.

Гэтэл нөгөөхийг нь эрүүлжүүлэхэд хонуулаад ээжтэй нь уулзуулалгүй шүүхээр оруулж 30 хоногийн ял үүрүүлчихэж байна. Зөрчлийн хуулиар ингэж шийтгэж байна. Нөгөө хүүхэд дахиад баривчлагдвал ялтан болно. Ингэж монгол залуусыг ялтан болгох бодлоготой юм шиг санагдсан. Гэтэл наана нь хорьж цагдахаас өмнө авах арга хэмжээ байна шүү дээ. Хороо болгон дээр нийгмийн ажилтан бий. Тиймээс хорихоос өмнө тухайн хүнд сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шаардлагатай.

-Таны шийтгэлд 10 хоног зан үйлийг өөрчлөх сургалтад суух байсан. Сургалтаар юу зааж байна вэ?

-Тэнд очиж байгаа хүмүүс 10 цагийн зан үйлийн хичээлд суух шийтгэлийг давхар авдаг юм байна. Жишээ нь, би танхайн хэргээр орсон. Уг нь нийгмийнхээ сайн сайхны төлөө явж байгаад орсон болохоос өөрийнхөө ашиг сонирхлын төлөө танхайраагүй. Надад зан үйлийн сургалт заасан цагаар бүтэн ороогүй. Харин тэнд хоригдлууд бие биеийнхээ зан үйлд жинхэнэ нөлөөлж байна.

Хар тамхи хаанаас авч татдаг, ямар хүмүүс худалдаалдаг, шоронд хэрхэн биеэ авч явдаг, яаж нэг нэгнийгээ дарамталдаг гэх зэргээр дандаа буруу зан үйлийн сургалт 24 цагийн турш долоо хоногоор үргэлжилж байна. Тэгвэл 30 хонож байгаа хүн ямар аймшигтай зүйл сурч байгаа бол. Үг хэллэгээс эхлээд эвдэрч байна. Тэнд христийн сүмийн нэг эгч л сургалт явуулсан. Би эгчтэй ярилцсан.

Зөрчлийн хуулиар шийтгэгдэж өдөрт 400, жилдээ миний тооцсоноор 10 мянган залуу тэрүүгээр дамжаад гарч байна. Гэтэл 7-30 хоног эдлүүлж байгаа ялыг нь нийгэмд тустай хөдөлмөр эрхлүүлэх, зан харилцааны жинхэнэ сургалтад нийтэд нь хамруулах зэргээр явуулж болдоггүй юм уу. Авууштай сургалтууд зөндөө байна. Энэ чиглэлийн олон ТББ бий. Жишээ нь Христийн сүмүүд байна. Тэд нарыг очуул л даа.

-Саяхан МҮОНТелевизээр Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг цацсан. Тэр бичлэгийг үзээд нийгэм сэрдхийсэн. Үүнтэй харьцуулбал ямар байсан бэ?

-Юу ч биш юм байна гэж бодогдсон. Тэнд дорой нэгнийгээ доромжлоод бүр хачин болгож байна. Би анх удаа тийм газар хоригдож байгаа учир их эвгүй сэтгэгдэл төрсөн. Телевизээр гарсан бичлэгт гурван хүн дундаа дөрвөн ортой харагдсан. Гэтэл бидний хоригдсон өрөөнд гишгэх зайгүй, газраар завсар зайгүй хэвтэж байгаа юм.

-Агааржуулалт нь ямар байв?

-Жижигхэн цонхтой. Үүд хэсэгтээ сараалжин төмөр хаалгатай. Тэр хэсэгт унтахаар агаар сэлгээд арай гайгүй. Голд нь унтвал тун хэцүү. Би маргааш өглөө нь босоод ингэж болохгүй гэж  өргөдөл бичээд бусдаар нь гарын үсэг зуруулахад бүгд дуртай байсан. Гэтэл хорихын зүгээс намайг үймээн бослого дэгдээх гэж байна, энэ чинь Эрүүгийн хуультай, зогсоо гэж шаардсан. Би зогсоосон л доо. Гэхдээ өргөдлөө нуусан. Тэрийг авах гэж хорихынхон их үзсэн.

Мэдээж хүн л юм хойно алдаа хийгээд ирж байна. Гэтэл алдаан дээр нь дөрөөлөөд 7-30 хоног баривчилж, ахиад алдахад нь нэг жилээр хорьж байна. Дээрээс нь тэнд хөгжлийн бэрхшээлтэй, хараагүй, хоёр гар нь хугархай хүн байна. Мөн аавынхаа машиныг жолооны үнэмлэхгүй бариад долоо хоног хоригдож байгаа охид ч байсан. Төмөр сараалжин хаалганы урдуур явахад эрчүүд нь орилж чарлаад, хачин болдог. Энэ бол шууд хүчирхийлэл явагдаж байгаа байхгүй юу. Дөнгөж насанд хүрээд байгаа охид, залуусын сэтгэхүйд энэ нь яаж нөлөөлөх нь ойлгомжтой.

-Танд Зөрчлийн хуулийг хэрхэн өөрчлөх санал байна вэ?

-Зөрчлийн хуульд сургалт явуулдаг, албадан хөдөлмөр эрхлүүлдэг ялтай болъё. Мөн гэрийн хорионд байлгах ял ч байж болно шүү дээ. Сэтгэл зүйчтэй ажиллуулъя. Цогтсугар гэж хүний сургалтад суугаад архинаас гарсан 10 хүнийг би мэднэ. Энэ мэтээр эмэгтэйчүүд, хүүхдүүдээ хамгаалахын тулд монгол эрчүүдийнхээ зан сэтгэхүйд нь нөлөөлж, ухаарч ойлгуулах сургалтыг ТББ-ууд хийж чадаж байна. Тэднийг ашиглах хэрэгтэй. Тэгэхгүй бол хорих ангиуд чинь ачааллаа дийлэхээ болилоо.

Шүүхээс баахан хүн шийтгээд явуулдаг. Хорих газар авахгүй гэлтэй нь биш. Дээрээс нь төсөв мөнгөндөө баригдчихсан. Тэнд 200 хүнээр төсөвлөөд хоолны мөнгө өгч байгаа. Гэтэл 400 хүн байдаг. Эхний очсон хүн хоолны тоонд ороогүй гэдэг шалтгаанаар 24 цаг хоолгүй байна. Ц.Нямдорж 20 гаруй жил сайд хийлээ. Тэгтэл Дэнжийн мянгад саатуулах байр эзэнгүй хонож байна. Нөгөө байранд нь 20 хүн чихдэг. Ядаж төр менежмент хийж энэ бүхнээ зохицуулаач ээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!