Алдрай үрсээ айдасгүй нийгэмд амьдруулахсан

1
88

Жил бүрийн зуны сарын эхэн буюу зургаадугаар сарын 1-нийг Хүүхдийн баярын өдөр болгон 1952 оны тэртээгээс тэмдэглэж эхэлсэн түүхтэй. Манай орон хүүхдийн баярыг үндэсний хэмжээнд, амралтын өдөр болгон хуульчлан тэмдэглэдэг цөөн орны нэг. Өнгөрсөн 1952 оны түүхэнд зургаадугаар сарын 1-нийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон бөгөөд иргэдийн санал хүсэлтийн дагуу 2003 оноос дахин Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр ирсэн.  Тэгэхээр бид хүүхдийн баярыг тэмдэглэхийн сацуу тэдний эрхийг хамгаалах өдрийг уламжлал болгон зохион байгуулсаар 65 жилийг илээсэн байх нь. Чамгүй урт хугацаа шүү. Хүүхэд айл бүрийн аз жаргал нь байх учиртай. Тэд эхийн хэвлийгээс төрсөн тэр цаг үеэс эхлэн хүний язгуур эрх, эрх чөлөөг эдлэх ёстой.

Өөрөөр хэлбэл, эсэн мэнд бойжиж, хөгжих эрхийг амьдралынхаа бүх талбарт эдэлнэ. Тэгээд ч зогсохгүй өөрийнхөө яс үндэс, арьсны өнгө, хүйс, хэл, шашин шүтлэг, эрүүл мэндийн байдал, төрсөн нөхцөл, эцэг, эх юм уу хууль ёсны асран хамгаалагчдын байдал болон өөр нөхцөл байдлын улмаас ялгаварлан гадуурхагдах ёсгүй. Хүүхдийн эрх ашгийг дээд зэргээр хангахад анхаарал хандуулах нь томчуул бидний үүрэг гэж ирээд л хүүхдийн эрх, зарчимтай холбоотой сайн, сайхан зүйл, заалт олон. Гэвч манай улсад хүүхдийн эрх зөрчигдсөн хэвээр. Бүр хөсөр “хаягдсан” байгаа нь эмгэнэл гэлтэй.

Ямартаа л хоёр хүүхэд тутмын нэг нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байна гэх сэтгэл чилээлгэсэн судалгаа байх билээ. Хүүхэд гэмт халдлага, аюул осолд өртөж, эрүүл мэнд, амь насаараа хохирч байгаа нь хүүхдийн язгуур эрх асар их зөрчигдөж буйн тод жишээ.

Өнөөдөр бид хүүхдээ идэх хоолтой, өмсөх хувцастай, сурах орчинтой байлгаж байна гэж боддог ч үнэн хэрэгтээ алхам тутамд хүүхдийн эрх зөрчигдөж, тэдний амь нас заналхийлэлд байдаг болсон нь бодит байдал. Сүүлийн гурван жилийн судалгаанаас харжээ суухад 4000 гаруй хүүхэд гэмт хэргийн халдлагад өртсөнөөс 400 гаруй нь нас барж, 2473 хүүхэд хүнд гэмтэл, бэртэл авсан гэх хар дарсан зүүд шиг мэдээлэл байна.

Дээр нь гал түймрийн аюулд өртөх, зам тээврийн осолд орох, хүнд хүчир хөдөлмөр эрхлэлтийн улмаас эрүүл мэндээрээ хохирох, хүчирхийлэлд өртөх, бусдад уруу татагдах гэхчлэнгээр хүүхэд хохирч болох тоо тоймгүй олон зүйлээс болж хүүхдийн эрх зөрчигддөг. Цаашлаад төрүүлсэн үрээ хаях, төөрүүлэх, хойд эцэг, эх нь хүүхдээ хүчирхийлж зодох, тамлах, төрсөн хүүхдээ хөнөөх, заазуурдах гэхчлэнгээр, яргалж, тамлахын дээд хэлбэрээр хүүхдийг тарчлааж атгахан зүрхэнд нь айдас шингээгчид олон болж.

Өнгөрсөн хугацаанд төрсөн үрээ хаях тохиолдол бишгүй гарсан. Бүр шил, шилээ “даран” хүүхдээ орц, хогийн цэг, гуу жалга, зочид буудалд хаях тохиолдол гарсан нь олныг сэртхийлгэсэн нь саяхных. Залуухан ээж Эх нялхсын төвд эрүүл саруул амаржаад хүүгээ Их нарангийн орчимд тавьж хэн нэг нь авч өсгөх байх гэж бодсон чинь осгоод үхчихэж хэмээн уйлаад зогсож байсан тэр дүрслэл аймаар. Төрөөд 24 цаг ч болоогүй хүүгээ орцны үүдэнд орхиод зугтсан ээж гээд ямар ч эмэгтэй хүний сэтгэл, зүрхэнд байж боломгүй харгис, хатуу шийтгэлийг хэнд ч гэм хийгээгүй балчир үрсдээ үүрүүлсэн нь туйлын харамсалтай. Өнгөрсөн 2013 онд гэхэд хүүхдээ орхиж явсан ээжид гурван жилийн хорих ял оноож байсан тохиолдол бий. Тэрчлэн өнгөрсөн гуравдугаар сард хүүхэд хулгайлахыг завдсан этгээдийг цагдаагийнхан илрүүлж байсан. Тодруулбал,Сүхбаатар дүүргийн VII хороонд оршин суух хаягтай, 35 настай, эрэгтэй У гэгч “Хичээлээ тараад харьж явсан 10 настай, эрэгтэй Т-г хулгайлахыг завдсан” гэх хэргийг цагдаагийнхан шалгасан нь ойрын жишээ. Мөн эцэг нь дөрөв, зургаа, 11 насны гурван хүүхдээ эхнэрийнхээ хамт хөнөөж улмаар өөрийгөө егүүтгэсэн хэрэг Сонгинохайрхан дүүрэгт гарсан нь хэдхэн хоногийн өмнөх явдал. Ер нь гэр бүлийн хүчирхийллийн золиос хүүхэд, эмэгтэйчүүд болох нь элбэг. Эрүүгийн хуульд заасан бүлгээр нь авч үзвэл өнгөрсөн дөрөвдүгээр сарын байдлаар хүүхэд, гэр бүл, нийгмийн ёс суртахууны эсрэг хэрэг 79 гарсан гэх. Мөн гэр бүлийн хүчирхийлэлд өртөгчдийн дотор дагавар хүүхэд 16, төрсөн хүүхэд ес байсан аж.

Энэ мэт их, бага хэмжээгээр ил, далд хэлбэрээр хүүхдийн эрх зөрчигдөх явдал гарсаар байгааг төрийн болон төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай холбон тайлбарлах нь бий. Үнэхээр хүүхдийн гэх тодотголтой байгууллагуудын хөшүүн хойрго байдал, үлгэн салган судалгаа үнэндээ нийгэмд эерэг биш тэсрэг байр суурийг бий “болгож” хүүхдийн эрхийг хамгаалах биш харин ч “зөрчиж” юм хийж буй мэт. Жилийн жилд хүүхдийн баярын энэ өдөр тэдний дуу хоолойг хэн сонсов, эрхийг нь хэн хамгаалав гэж асуудаг ч ингэж хамгаалсан, тэгж ажиллалаа гэж ам бардам хариулах албан тушаалтан, байгууллага ховор.

Яах уу, нийгмийн хариуцлагын хүрээнд атга чихэр гардуулснаа хүүхдийн төлөө юм хийсэн мэтээр дөвийлгөж, хөгжилдүүлж дуулж, бүжиглүүлснээ эрхийг нь хамгаалж байна гэж эндүүрч болохгүй л дээ. Хүүхдийн эрхийг энгийн үед ярьдаг атлаа эрхийг нь хамгаалах өдрөөр нь яагаад тод чангаар ярьж болохгүй гэж. Цаана чинь эрхээ эдэлж чадахгүй энхрий үрс зөндөө байна.  Хэзээ бид хүүхдийн дуу хоолойг сонсож, тэдний язгуур эрхийг хамгаалж басхүү айдасгүй нийгэмд амьдруулах вэ. Манай улсын хүн амын тал хувь нь нийслэлд суурьшсан байдаг. Үүнээс 30 орчим хувь буюу 450 мянга гаруй нь хүүхэд гэх судалгаа бий. Тэгэхээр хагас сая ч хүрэхгүй эдгээр хүүхдүүдийн эрхийг хамгаалах, тэдний дуу хоолойг нийгэмд түгээх их үйлсэд хүн бүрийн хүчин чармайлт үгүйлэгдэж байна. Тэр дундаа хүүхдийн гэх тодотголтой “хүмүүнлэгийн илч” байгууллагуудын дуу хоолой тун ч бүдэг байгаа нь харамсалтай.

1 COMMENT

  1. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр. Монгол хүний ёс жудаг хүмүүжил гэж ерөөсөө алга болж. Харилцааны соёлгүй хажуугаар шүргэсэн болгонтой барилцаж авдаг. Замын хөдөлгөөнд үхэх гэж байгаа юм шиг чичирч дайрдаг хулгайч, дээрэмчин залхуу, хийж бүтээх сэтгэлгүй, хий дэмий монгол гэж цээжээ дэлдсэн худлаа омогтой, өрөндөө баригдсан залхуу ард түмнийг монгол гэнээ гэж …

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!