“Хамуурсан толгой”

0
50

“Хамуу” энэ өвчний нэр. Хүн, малд тусдаг өвчин. Халдвартайг нь яана. Тэсэхийн аргагүй загатнана. Шүүс гарна, шархлана. Эл өвчин манай эриний өмнө үүсч олон мянган хүний амийг авч одсон гэдэг. Ромын эзэнт гүрний үед энэ өвчинг дэлгэрэхэд өвчин туссан хүнийг тусгаарлаж цагдан хорьж байж. Ингэхдээ шорон гянданд биш эзгүй хээр газар тусгаарладаг байсан аж.

Харин манайд бол хүлэг сайн морийг хамуутай даага болгон үлгэрт дүрсэлж ирсэн нь зөндөө. Өөрөөр хэлбэл, хамуутай даага нь хатан зоригт баатар эрийн нисч дүүлдэг хүлэг сайн морь байх жишээний. Ийм зүйрлэлтэй үлгэр монгол ардын аман зохиолд зөндөө бий. Юутай ч муу муухайг хамуутай зүйрлэж ирж, монголчууд. Ямар сайндаа зарим хүн “Хамуу шиг хүнд наалдсан хачин нөхөр. Толгой нь хамуурсан амьтан. Хамуурсан толгойтой нөхөр юм. Хамуутай мал шиг” гэх мэт хэн нэгнийг хэлж байхав дээ. Зарим хүнийг ингэж хэлэх нь зөв ч юм шиг, буруу ч юм шиг. Дээрх үгс хараал биш, ерөөл бүр ч биш. Харин хамуутай зүйрлэсэн нь тийм ч, халдвар өргөн олонд түймрийн гал шиг богино хугацаанд тархдаг аюул нүүрлэдэг. Энэ бол болгоомжлол.

Нэг нөхрийн маань хэлсэн үг санаанаас ер гардаггүй юм. Тэрбээр “Түрүүлж дуугарсан хөхөөний ам хөлддөг гэж нэг үг байдаг даа. Үүнийг санаж явахад илүүдэхгүй. Нэгдэлжих хөдөлгөөн анх эхлэхэд нэгдлийн гишүүд хуралддаг юм байна. Олон хүн санал бодлоо хэллээ. Миний сэтгэл жаахан дундуур санагдсан тул нэгдэлд орохгүй. Малаа ч нийгэмчлэхгүй, тэр жилийн коммун шиг юм болно биз дээ гээд хэлээд тавьчихсан чинь танхимд сууж байсан хүмүүсийн дундаас нэг нөхөр

-Толгой нь хамуурчихсан амьтан. Чи бусдыг уруу татах ямар эрхтэй юм. Энэ чинь нам, засгийн бодлого. Хамуу халдварладаг өвчин. Үгээ бодож ярь, гэдэг юм байна. Түүнээс хойш түрүүлж дуугарахаа больсон” гэв.

Яг үүн шиг юм эх оронд маань өрнөж байна. Энэ нь сонгууль. Сонгууль тойрсон маргаан төгсөхгүй бололтой. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг ялагдсан нь “Намайг дэмжиж санал өгсөн сонгогчид хэн нэгнийг дэмжиж битгий санал өгөөрэй. Саналын хуудсыг цагаанаар нь хайрцагт хийгээрэй” хэмээн уриалж байна. Бодвол хамуурсан толгой биш юм байлгүй.Саналаа цагаанаар өгнө.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!