Киргизэд Монгол Улсын Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар өчигдөр Конгресс-Холл ордны Их танхимд албан ёсны хэлэлцээ хийлээ. Киргизийн талаас уулзалтад тус улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков, Тэргүүн шадар сайд А.К.Боронов зэрэг төрийн өндөр, дээд албан тушаалтнууд оролцов.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Бүгд Найрамдах Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков нар албан ёсны хэлэлцээ хийв

Хэлэлцээний эхэнд Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг Киргиз улсад тавтай морилохыг хүсээд, өнгөрсөн жилийн ШХАБ-ын уулзалтаар ажил хэрэгч яриа өрнүүлсэн шигээ энэ удаад ч гэсэн амжилттай хэлэлцээ хийнэ гэдэгтээ итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм.

Мөн улс төрийн салбарт хамтран ажиллах бүхий л бололцоо байгаа гэж үзэж буй учраас худалдаа, эдийн засаг, соёл хүмүүнлэгийн хамтын ажиллагааг илүү идэвхжүүлэхэд энэ удаагийн айлчлал үр дүнгээ өгнө хэмээн онцлон тэмдэглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мөн эрхэмсэг ноён Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековын урилгаар албан ёсны айлчлал хийж байгаадаа баяртай буйгаа, энэ удаагийн айлчлал Монгол-Киргизийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал түлхэц болно гэдэгтэй санал нэг байгаагаа илэрхийлэв. Мөн энэ дашрамд Киргиз улс ШХАБ-ын хурлыг даргалж байгаад баяр хүргээд, хурлын үйл ажиллагаанд амжилт хүсэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улс олон тулгуурт, нээлттэй гадаад бодлогыг амжилттай хэрэгжүүлж, Төв Азийн улс орнуудтай харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, харилцан бие биеэ нөхсөн бодит хамтын ажиллагааг хөгжүүлэн, улс орныхоо хөгжлийг хангахыг чухалчилж байгаа гэсэн юм. Энэ хүрээнд, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх олон боломж байгаа дотор санхүүгийн салбарын хамтын ажиллагаа, тээврийн үр ашигтай маршрутыг тогтоон судлах, хөдөө, аж ахуй, мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн чиглэлээр хамтран ажиллах боломжтой талаар Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбековтой санал солилцлоо. ​

Мөн бизнес уулзалт, үзэсгэлэн зэрэг арга хэмжээг хоёр улсад харилцан зохион байгуулах, хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх асуудлаар аль, аль талдаа санаачилгатай ажиллахаар талууд санал нэгдсэн юм.

Мөн Монгол Улсад хэрэгжиж буй төмөр замын бүтээн байгуулалтын жишгээр буюу дотоодын санхүүжилтээр, дотоодын ажиллах хүчинд тулгуурлан төмөр зам барьж, байгуулж байгаа төслийг Киргиз-Узбекистаны хооронд хэрэгжиж буй төмөр замын төсөлд хэрэгжүүлэх, үүний тулд төсөлтэй илүү дэлгэрэнгүй танилцах бодолтой байгаа гэдгээ Киргиз улсын Ерөнхийлөгч С.Ш.Жээнбеков онцлон хэллээ.

Хэлэлцээний дараа зарим баримт бичигт гарын үсэг зурж, хоёр улсын Ерөнхийлөгч сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээгдлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамны нээлтийн ёслолын ажиллагаанд оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2017 оны 02 дугаар сарын 1-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсын нийслэл Бишкек хотод суугаа Ерөнхий консулын газрын түвшинг өөрчилж, Элчин сайдын яам болгох Засгийн газрын саналыг зөвшилцөн дэмжсэн юм.

Энэ шийдвэрийн дагуу Гадаад харилцааны яам Элчин сайдын яам нээх саналаа Киргизийн талд дипломат шугамаар тавьж, өнөөдөр ийнхүү нээлтээ хийж байгаа юм.

Нээлтийн ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчөөс гадна Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсад суугаа Ерөнхий консул Т.Ганболд, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын албаны хүмүүс оролцлоо.

“Энд цугласан хүндэт ноёд оо, зочид,  анд нөхөд өө.

Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яамыг нээх ёслолын ажиллагаанд хүрэлцэн ирсэн эрхэм хүндэт Та бүхэнд баяр хүргэж, мэндчилье.

Та бид өнөөдөр Монгол-Киргизийн харилцааны түүхэн ач холбогдолтой томоохон үйл явдлын гэрч болохоор энд цуглаад байна. Монгол Улсын төв Ази дахь чухал түнш Бүгд Найрамдах Киргиз улсад Монгол Улсын Ерөнхийлөгчийн хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд Элчин сайдын яамны нээлтийн арга хэмжээг зохион байгуулж байгаа нь Монгол-Киргизийн найрамдалт харилцаанд манай улс ихээхэн ач холбогдол өгч буйн тод илрэл гэдгийг онцлон тэмдэглэж байна. Манай хоёр ард түмэн парламентын засаглалыг сонгон авч, нийгмийн ардчилал, зах зээлийн эдийн засгийг төлөвшүүлэн хөгжүүлэхдээ мэдлэг туршлагаасаа харилцан суралцдаг сайхан уламжлал тогтоод байна.

Өнөөгийн олон улсын харилцааны чиг хандлага эрчимтэй даяаршил дунд бид харилцааны түүхэн уламжлал, итгэлцэлдээ тулгуурлан илүү ойр дотно байж, хамтран хөгжих шаардлага хэрэгцээ мөн тулгарч байна.

Монгол-Киргизийн харилцааг хөгжүүлэх өргөн боломж бидний өмнө нээлттэй байна. Энэхүү боломжийг бодит ажил хэрэг болгоход, нэн ялангуяа худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд Монгол Улсын Элчин сайдын яам чухал үүрэг гүйцэтгэж, гүүр болон ажиллана гэдэгт итгэлтэй байна. Монгол Улс Киргиз улсын нийслэл Бишкек хотноо Элчин сайдын яамаа нээхтэй холбогдуулан зохион байгуулалтын болон бусад холбогдох дэмжлэг үзүүлсэн Киргиз анд, нөхөддөө чин сэтгэлийн талархал илэрхийлье. Ийнхүү Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз улсад суух Элчин сайдын яам нээснийг албан ёсоор мэдэгдье” гэлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлснийхээ дараа Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Бүгд Найрамдах Киргиз улсын Гадаад хэргийн сайд Ч.А.Айдарбеков нарын хамтаар Монгол Улсаас Бүгд Найрамдах Киргиз Улсад суух Элчин сайдын яамны хаяг, самбарыг байрлууллаа.

Киргиз улсад суух Ерөнхий консулын газар 2014 оноос үйл ажиллагаагаа явуулж эхэлсэнбөгөөд улс орноо төлөөлөх, суугаа улсын Засгийн газартай хэлэлцээ хийх зэрэг зөвхөн Элчин сайдын яамны хэрэгжүүлэх боломжтой чиг үүргийг тэр бүр хэрэгжүүлж чаддаггүй байв.

Өнөөдөр ийнхүү Элчин сайдын яам болсноор аливаа нэмэлт зардал гаргахгүйгээр үйл ажиллагаа явуулж, дээрх чиг үүргийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!