Ж.Энхбаяр: Төр бодлогоор бэлдсэн, асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартлаа

0
52

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын 2017 оны төсвийн тодотголын хоёр дахь хэлэлцүүлгийг хийсэн. Энэ үеэр байнгын хороодоос ирүүлсэн саналын томъёоллоор санал хураалгасан юм. УИХ-ын Аюулгүй байдал гадаад бодлогын байнгын хороо 2017 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэрээ Зэвсэгт хүчний 603 офицерын цалинд шаардлагатай 2.4 тэрбум төгрөгийг нэмж тусгахаар санал гарган, дэмжсэнийг УИХ-ын Төсвийн байнгын хороо хассан аж.

Энэ асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Ж.Энхбаяр “Гутамшигтай үйл явдал болж байна. Төр бодлогоор бэлдсэн, асар өндөр зардлаар бэлтгэгдсэн 603 офицероо мартсан, хаясан, нөхцөл байдалтай учраад байна. Тэр тусмаа Ардын армитайгаа нас чацуу Ардын нам ингэж хандаж байгааг ойлгохгүй байна.

У.Хүрэлсүх офицер хүний хувьд анхаарал хандуулах ёстой. Томилогдсон, ажлаа өгсөн Батлан хамгаалахын сайд нар үгээ хэлэх ёстой.Төсвийн байнгын хороон дээр хассан байна. 25 тэрбум төгрөгийн хэрэггүй хогийн шахааг нь хасаж, хэмнэлт гаргаад 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг тусга гээд өгч байхад хаслаа. 25 тэрбумын шахаа хийх гэсэн хүмүүсийн оролдлого 603 офицерын цалинг хаслаа” гэв.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор санал хураахад нийт гишүүдийн 70 гаруй хувь нь УИХ-ын Төсвийн байнгын хорооны саналыг дэмжих боломжгүй хэмээн үзсэнээр 603 офицерын цалинд шаардагдах 2.4 тэрбум төгрөгийг төсөвт суулгалаа.

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2017 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2018-2019 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг шийдэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүдийн асуултад Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хариулж байна.

УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан:

-Ирэх онд төсвийн орлого 500 тэрбум төгрөгөөр давжээ. Эдийн засгийн өсөлтөд гурван зүйл нөлөөлсөн. Боомтын бүсийн орлого, уул уурхайн бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн гээд. Нөгөө талдаа алдагдсан боломж ч бий. Төсвийн төсөөлөл дээр Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд орлого, зарлага талдаа юу төлөвлөөд байна. Төсвийн алдагдлыг яаж төсөөлж байна вэ? Өрийн дарамт, менемжентийг яаж өөрчлөх вэ? Эдийн засгийн өсөлт хийгээд байгаа мөртлөө ядуурал, ажилгүйдэл буурахгүй байна. Энэ гаж үзэгдлийг яах вэ? Өрхийн орлого нэмэгдэхэд чиглэсэн эдийн засгийн өсөлт байна уу?

-Засгийн газрын хуралдаанаар төсвийн орлогыг нэмэгдүүлэх талаар авч  хэлэлцсэн. Үүсээд байгаа нөхцөл байдлыг сайн ашиглах ёстой. Дэлхийд эрдэс баялгийн үнэ өссөн. Өмнө үүссэн өрөө яаж дарах вэ гэдэг дээр төвлөрч байгаа. Цалингийн сан өөрөө 1.8 их наяд, тэтгэврийн сан 1.4 их наяд. Гэтэл бид тэтгэврийн сантай адил хэмжээний мөнгийг бид авсан зээлийнхээ өрөнд төлж байна. Өндөр хүүтэй зээлүүдийг арилжааны банкаар авдгийг зогсооно гэж би хэлсэн. Энэ дагуу явна. Төсвийн алдагдлыг 300 орчим тэрбум төгрөгөөр бууруулахаар орж ирж байна.

-Өрийн хэмжээ ДНБ-ээс давсан. Тиймээс эдийн засгийн өсөлтийг хүн бүрт хүргэхэд бэрхшээлтэй. Эхлээд өндөр хүүтэй зээл авахаа больё. Өмнө нь авсан өндөр хүүтэй зээлээсээ салъя гэсэн чиглэлд явж байгаа.

УИХ-ын гишүүн М.Билэгт:

-Төрийн албан хаагчдын цалинг нэмэх боломжгүй гээд нөхөн олговор болгож 54 тэрбум төгрөг өгөх гэж байна. Гэтэл өнөөдөр цэцэрлэгт хүүхдээ өгөхийн тулд эцэг эхчүүд нэг сая төгрөгийн хахууль өгч байна. Тэр 54 тэрбум төгрөгөөрөө цэцэрлэг баривал ямар вэ? ЖДҮ-ийг дэмжинэ гэж байна.

-Ажил олгогч эздийн холбоо, МҮЭ, Засгийн газрын гурван талт хэлэлцээрээр цалин нэмэх гэрээ хэлэлцээ хийж байгаа. Нөгөө талаасаа Засгийн газар, ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд 2019 он хүртэл цалин нэмэхгүй гэсэн.  Ерөнхий сайд ажлаа дөнгөж авч байх үед цалин нэмэх шаардлагыг тавьж, жагссан. Тиймээс нэг удаагийн тэтгэмжийг олговол хөтөлбөрийн гэрээ ч зөрчигдөхгүй, нөгөө талаас багш, эмч нарын шаардлагыг  ч тодорхой хэмжээгээр хангаж байна. 2018 оны төсөв бүх хүүхдийг цэцэрлэгт хамруулах, сургуулийг хоёр ээлжтэй болгох асуудал орж ирж байгаа. Энэ нь АХБ, Хятадын хөнгөлөлттэй зээлээр хийгдэнэ.

УИХ-ын гишүүн З.Нарантуяа:

-Төсөв батлах бүртээ төсвийн хүрээний мэдэгдлээ өөрчлөөд явах уу?  Засгийн газрын өр нэмэгдэж байна. Өрийг бууруулах МАН-ын амлалт хэзээ хэрэгжих вэ?

-Төсвийн тодотголыг өмнөх Засгийн газрын үед өргөн барьсан. Төсвийн сахилга батыг сайжруулах гэдэг миний байр суурь хэвээрээ байгаа. Өргөн барьсан төслөөс 150 тэрбум төгрөгийг хассан. Уг нь өвөлжилтийн бэлтгэлт ажилтай холбоотой зардлыг хасъя гэж байсан. Гэвч энэ оны өвөл хүндэрт болзошгүй гэдэг үүднээс хасалт хийгээгүй.

Өмнөх Засгийн газрын үед судалж, хэрэгжүүлэхээр бэлтгэсэн 800 сая  ам.долларыг бондыг авахаар болсон байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга М.Энхболд “Ажил зохион байгуулсан хүмүүстээ баяр хүргэе” гэсэн юм.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!