Д.Эрдэнэ: Манай консулын ажилчид гадны хүнд ашиглагдсан эсэхийг шалгах хэрэгтэй

Истанбул дахь Консулын газрын ажилтан жолоочийн хамт Германы хилээр 70 кг геройн буюу хар тамхи их хэмжээгээр тээвэрлэж яваад үйлдэл дээрээ баригдсан хэргийн талаар ТЕГ-ын Тамгын газрын дарга, хурандаа Д.Эрдэнэ тайлбар өглөө.

Тэрбээр “2019 оны тавдугаар сарын 3-ны өдөр Монгол Улсаас БНТУ-ын Истанбул хотноо суугаа Ерөнхий консулын газрын Дэд консул Баттүшиг гэж дипломат, мөн жолооч Эрдэнэбилэг нар Чех Улсаас ХБНГУ-ын хилээр нэвтэрч байхдаа дипломат дугаартай автомашинтай саатуулагдсан байгаа. Тэр үедээ 70 кг героин тээвэрлэж явсан нь тогтоогдсон. Үйлдэл дээрээ баригдсан гэсэн үг. Энэ асуудалтай холбогдуулаад Германы Прокурорын газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Мөн тагнуулын байгууллагын зүгээс энэ хэрэгтэй холбоотой зохион байгуулагч, нийлүүлэгч нарыг шалгаж судлах ажлыг хийж хэрэгжүүлж байна.

Ер нь 2018 оны сүүл болон 2019 оны эхээр Европын холбооны улсуудад дипломат болон албан паспорт, дипломат дугаартай авто машин ашиглан хууль бус гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй мэдээлэл авсан. Үүний дагуу ТЕГ, ГХЯ хамтран ажиллаж, шалгаж байгаа. ХБНГУ-ын хууль хяналтын байгууллагатай хамтран ажиллаж байх үед тавдугаар сард энэ хэрэг гарсан.

Герман улстай Монгол Улс эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх хэлэлцээр байхгүй тул уг хэрэг Германы хуулийн дагуу шийдэгдэнэ. Хэргийг цааш нь судлах шаардлагатай. Ямар учраас дипломат дугаар олгосон, яагаад Туркэд үүрэг гүйцэтгэж байсан ажилтнууд Германд явж байсан, хэн хар тамихи нийлүүлэв гэгчлэн тодруулах шаардлагатай зүйл нэлээд байгаа.

Баттүшиг бол өмнө нь тагнуулд ажиллаж байсан. ГХЯ-ны шугамаар хоёр ч удаа үүрэг гүйцэтгэж байсан, дипломат албаны шаардлага ханган яамнаас томилогдсон  ажилтан.

Энэ бол маш хүнд гэмт хэрэгт тооцогдож байгаа. Тэр тусмаа хилээр хууль бусаар хар тамхи нэвтрүүлэх нь маш ноцтой.

Томилогдоод удаагүй байхдаа богино хугацаанд ийм ноцтой гэмт хэрэгт холбогсон нь анхаарал татсан асуудал. Тагнуулын байгууллагаас зохион байгуулалттай гэмт хэрэгт монгол хүмүүс ямар байдлаар ашиглагдаж байгааг шалган тогтоож, дахин ийм явдал гаргахгүй байх, урьдчилан сэргийлэх талаар ажиллаж байгаа.

Хар тамхи зөөсөн хүнийг дипломатаар очсон хүн очоод удаагүй. Яагаад ийм хэрэгт холбогдох болов. Гадны хүнд ашиглагдсан байх магадлалтай юу гэдэг асуудлыг бас шалгаж үзэх ёстой гэлээ.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!