ХБНГУ-д хар тамхины хэрэгт холбогдоод байгаа Консулын ажилтан өмнө нь ОХУ-ын Консулын газарт ажилладаг байжээ

Манай улсын дипломат паспорттой хоёр иргэн өнгөрөгч сарын 3-нд ХБНГУ-д 70 кг хар тамхи тээвэрлэж яваад хуулийн байгууллагынханд саатуулагдсан тухай бид мэдээллэж байсан. Тэгвэл энэ талаар өнөөдөр Гадаад харилцааны яамны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг мэдээлэл хийлээ. Тэрбээр хэлэхдээ, Саатуулагдсан хоёр хүний нэг нь Монгол Улсаас Туркийн Истанбул дахь Ерөнхий консулын газрын ажилтан, нөгөө нь жолооч нь байсан. Тэднээс геройн төрлийн 70 кг мансууруулах төрлийн бодис илэрсэн юм байна лээ. Бид энэ тухай нуусан зүйл байхгүй. Мэдсэн даруйдаа ар гэрт нь мэдэгдсэн байгаа. Хэрэг шалгагдаж байгаа учраас хувь хүний нууцыг хамгаалах хэрэгтэй гэв. Мөн тэрбээр сэтгүүлчийн асуултад ийн хариуллаа.

-Геройн тээвэрлэж явсан машин нь Консулын газрынх байсан уу, ямар ажлаар Германд явж байсан юм бол?

-Автомашины хувьд Ерөнхий консулын газрын машин байсан. Харин ямар ажлаар ХБНГУ-д явж байсныг нь тодруулахаар ажиллаж байгаа. Цаана нь монгол иргэд холбоотой эсэх асуудлыг ч мөн тагнуулын байгууллага шалгаж байна.

-Хар тамхины хэрэгт холбогдсон хүмүүсийн нэрийг нууцлаад байгаа нь томоохон албан тушаал хашдаг хүмүүсийн хүүхдүүдтэй холбоотой гэх мэдээлэл байна. Тухайлбал, Цагдаагийн ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Т.Билэгт, Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын дарга Д.Мөрөнгийн хүүхэд байсан гэх. Энэ үнэн үү?

-Хэргийг шалгаж байгаа учраас мэдээллийг дэлгэрэнгүй нэртэй нь хэлэх боломжгүй.

-Дипломат ажилтнуудад ямар шалгуур тавьж, сонгодог вэ?

-Хилийн чанадад дипломат төлөөлөгчийн газарт ажиллах ажилтныг дипломат ажилтны хуулиар төрийн албаны салбар шийдвэрээр томилдог. Эдгээр хүмүүс аливаа хууль тогтоомж, шалгуурын дагуу томилогдсон. Одоо энэ төрлийн хэрэгт холбогдсон хүмүүсийн цаана өөр хүмүүс байгаа юу гэдгийг шалгаж байна. Хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг тагнуулын байгууллагаас авах боломжтой.

-Өмнө нь хэдэн удаа хар тамхитай холбоотой хэрэг гарч байв?

-Өмнө нь хар тамхи мансууруулах бодистой холбоотой ноцтой хэрэг гарч байгаагүй. Хар тамхины хууль бус наймаа эрхэлж байна гэх мэдээллийн дагуу Гадаад харилцааны яам тагнуулын байгууллагад хандаад, хар тамхийг хууль бусаар зөөвөрлөх гэмт хэргийг таслан зогсоох чиглэлээр шаардлагатай арга хэмжээ авч ажиллана.

-Энэ хүмүүс одоо хоригдож байгаа юу?

-Дрезден хотод саатуулагдсан байгаа. Хэргийн хянан шалгах ажиллагаа дуусаагүй байна. Хар тамхитай холбоотой гэмт хэрэгт Германы хуулиар 2-15 жилийн ял оноодог. Одоо өмгөөлөгч томилогдоод ажиллаж байна.

-Монгол Улсын нэр хүндтэй холбоотой таагүй мэдээлэл цацагдлаа. Гадаад харилцааны яамнаас албан ёсны мэдэгдэл гаргах уу?

-Монгол Улсын нэр хүндийг сэвтээх ноцтой хэрэг гэдэгтэй санал нийлж байна. Цаашдаа энэ төрлийн гэмт хэргийг дахин гаргахгүй байх үүднээс Гадаад харилцааны яамнаас холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж байна. Германы талтай дипломат сувгаар мэдээлэл солилцож байна. Жолоочийн хувьд дэлгэрэнгүй мэдээлэл байхгүй байна. Харин ажилтан нь өмнө нь ОХУ-ын Консулын газарт ажиллаж байсан.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!