38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт боллоо

0
16

Баянгол дүүрэгт байрлах Монгол-Германы хамтарсан 38 дугаар сургуулийн шинэ байрны нээлт өнөөдөр боллоо. Орчин үеийн стандарт бүхий шинэ барилгын нээлтэд нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа, нийслэлийн Боловсролын газрын дарга Ж.Гантулга, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, “Од энд партнерс” ХХК-ийн захирал Т.Хосбаяр болон тус сургуулийн удирдлагууд, ажиллаж байгаа болон ахмад багш нар, сурагчид, эцэг эхийн төлөөлөл оролцов.

Нээлтийн үеэр нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа “2017-2018 оны хичээлийн жилд нийслэлийн хэмжээнд төрийн өмчийн 10, төрийн бус өмчийн 11 сургуулийн барилгыг өргөтгөн шинээр барьснаар суудлын тоо 10680-аар нэмэгдсэн. Өнгөрсөн хичээлийн жилд гурван ээлжээр хичээллэдэг 31 сургууль байсан бол энэ тоог өнөөдрийн байдлаар таваар буулгасан. байгаа. Цаашид энэ тоог бууруулах чиглэлээр ажилласаар байна. Баянгол дүүргийн 38 дугаар сургуулийн хувьд хичээлийн шинэ байртай болсноор сурагчдын авьяас чадварыг хөгжүүлэх, секц дугуйлангуудыг хичээллүүлэх, багш нарын ажиллах орчин сайжирч, сурагчдын сургалтын амжилт, чанарыг дээшлүүлэх боломж бий болж байгаад баяртай байна. Монгол Улсын хойч үе, хүүхэд бүрийн хөгжил, сайн сайхан амьдралын төлөө оюун ухаан, эрдэм мэдлэг, сэтгэл зүрх, эрч хүчээ зориулан үр бүтээлтэй ажиллаж буй сурган хүмүүжүүлэгч багш нартаа болон эрдмийн оргил руу тэмүүлэн, сурч, хөгжиж байгаа хүүхэд багачууддаа, элбэрэл хайраар үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлж буй эцэг эхчүүд та бүхэнд амжилт хүсье” хэмээлээ.

Сургуулийн шинэ барилга нь 1500 хүүхдийн суудалтай, урлаг спортын заалтайгаар ашиглалтад орлоо. Ингэснээр тус дүүргийн “Эрдмийн өргөө”, “Эрдмийн ундраа” цогцолбор, 20, 51, 73 дугаар сургуулийн ачаалал буурч, 1 ба 4 дүгээр хорооны хүүхдүүд гэрээсээ ойрхон сургуульдаа явах боломжтой болов

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!