БАРИЛГЫН САЛБАР БУСДЫН АМЬ НАС, ЭРҮҮЛ МЭНДЭД ЗАНАЛХИЙЛСЭЭР БАЙХ УУ

-Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан орон сууцны барилга ийм хариуцлагагүй байхаар яах вэ, С.АМАРСАЙХАН захирагч аа!!!-

Барилгын салбар чинь бараг өдөр шахам осол гэмтлийн хар мэдээгээр нийслэлчүүдийг түгшээх боллоо, Х.Баделхан сайдаа. Өнгөрсөн амралтын өдөр буюу энэ сарын 19-ний өдөр гэхэд л Сүхбаатар дүүргийн XI хороолол VII хорооны нутаг дэвсгэр дэх Хангай хотхоны хойно баригдаж буй таван давхар барилга дээрээс ажилтан нь унаж, үхэл амьдралын заагт байна.

Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан “Загвар гэр хорооллын хөгжил төслийн 40 айлын орон сууц болох тус барилгын ажлыг “Рапид Архитектур Констракшн” гэх ХХК гүйцэтгэж байгаа бололтой. Энэ оны сүүлчээр ашиглалтад оруулах ёстой уг барилга одоогоор сууриасаа дээш 5 давхар карказ баригдсан, дээврийн хэсгийн ажил дөнгөж эхэлж байгаа бололтой. Иргэдийн мэдээлж байгаагаар “яг тэр хэсэгт буюу барилгын зүүн урд буланд краны дор барилгын ажилтан унаж. эмнэлгийнхэн ирж авч явсан. Харин цагдаагийнхан газар дээр нь ирж ажилласан. Барилгын компани хөдөлмөр хамгааллын аюулгүй байдлаа хангаагүй учраас ажилтан нь унасан байж таарна. Тэр хүнийг 103 ирж аваад явсан ч амьд, эсэх нь эргэлзээтэй. Яагаад гэвэл цагдаагийнхан мэдээлэл хийхгүй байна. Хариуцлага муутай энэ компанийн кран нь гудамжаар явж байхад дээрээс унаад ирэх вий гэж айх боллоо. Барилгын ерөнхийлөн хариуцагчийн зүгээс аюулгүй байдлыг хангахгүй, гүйцэтгэл хийж буй компаниас байсхийгээд хүн осолдоод байвал амгалан тайван байх арга алга” хэмээн оршин суугчид ярьж байлаа.

Уг нь иймэрхүү ноцтой осол, гэмтэл гарсан даруйд Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс албан ёсоор сэрэмжлүүлэг мэдээлэл өгч, өөрсдийн сайтдаа байршуулдаг. Гэтэл цагдаагийн байгууллага ямар ч мэдээлэл хийхгүй байгаа нь ослын талаарх мэдээллийг нуун дарагдуулж байна уу? Осол гаргасан барилгын захиалагчид болон гүйцэтгэгч компанийн эрх ашиг, нөлөөнд автсан уу гэх хардлага байна.

Үйл явдлын мөрөөр барилга дээр очиход үйл ажиллагаа нь зогссон, нэг ч хүн харагдсангүй. Краныг барилгын хашааны гадна байршуулсан байв. Барилгын харуул нь ч ажлын байрандаа алга. Ганц хүн тааралдсан ч “Харуул байхгүй, би харуулын гэрийг харж байна. Мэдэх юм алга” гэнэ.

Барилгын хашаан доторхийг харахад эд зүйл нь ундуй сундуй, арматурын төмрийг эмх замбараагүй овоолсон, карказын гадуур хамгаалалтын тор татаагүй, харваас хариуцлага султай газар харагдана. Урин дулааны цаг ирж, хүүхэд сурагчдын хичээл амарч, дураараа гүйлдэн тоглох энэ үед барилгын компаниудын хариуцлага, сахилга батыг хянаж, дорвитойхон шалгалт явуулахгүй бол иймэрхүү байдлаар хичнээн хүүхэд, ажил амьдралаа залгуулах гэсэн хичнээн ажилтан эрүүл мэнд амь насаараа хохирох вэ, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан минь!!!

Тэр тусмаа Нийслэлийн хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газар, Хотын ерөнхий архитекторын ажлын албаны хариуцсан орон сууцны барилга ийм хариуцлагагүй байхаар энэ хотыг аюулгүй, аз жаргалтай гэж нэрлэх боломж бий юү, С.Амарсайхан дарга аа…

2 Сэтгэгдэлүүд

  1. ТИЙМ ШҮҮ, ХҮҮХДҮҮДЭЭ КРАН, БЛОК, ТООСГОНД ДАРУУЛЧИХМААРГҮЙ БАЙНА ШҮҮ, НОЁДОО


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!