Төрийн гурван өндөрлөгийг өнчин хүүхдүүд харуулдаж байна

Төрийн гурван өндөрлөг хүүхдийн төлөө гар гараасаа бариад “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Бид эх орны ирээдүй” урлагийн тоглолт дээр уулзана гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн эсрэг хүчирхийлэл нийгмийн бүхий л давхрагыг хамарч, хүүхдээ чөлөөтэй, хараа хяналтгүйгээр түрхэн ч болов орхих боломж өдөр ирэх тусам хомсдож байна. Хүүхдийн эсрэг гэмт хэрэгт цаазаар авах ял ногдуулах саналыг иргэд дэвшүүлж, төр засгийн хэмжээнд ч энэхүү асуудлыг хэлэлцэх болов. Ирээдүй хойчийнхоо эсрэг чиглэсэн гэмт үйлдлийг таслан зогсоох, хүчирхийлэлгүй ирээдүйг бий болгохын тулд бүх нийтээр дуу хоолойгоо нэгтгэж байна.

Манай улсад хүүхэд асрамж, халамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн мэдлийн ганц байгууллага байдаг нь хүүхэд асран хүмүүжүүлэх “Өнөр бүл хүүхдийн төв”. Энэхүү байгууллагад өсч, хүмүүжиж нийгэмшиж байгаа хүүхдүүд өнөөдөр урлагийн тайлан тоглолтоо Тусгаар тогтнолын ордны их танхимд 18.00 цагт хийхээр болоод байна. Тус төвийн хүүхдүүдийг урлагаар дамжуулан хүмүүжүүлэх, боловсрол олгох, нийгэмшүүлэх үйл ажиллагааг олон жил хийсээр ирсэн байна. Өдгөө 6 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа урлаг хүүхдийн төлөвшил, хүмүүжилд хэрхэн нөлөөлдгийг харуулах энэхүү тайлан тоглолтод хүүхдийн хүчирхийллийн эсрэг нэгдэж, тэмцэж сэтгэл зүрхээ зориулж хүн бүхэн ирж үзнэ гэдэгт итгэж байна.

Ялангуяа хүүхдийн хүчирхийллийн эсрэг хамгийн түрүүнд үгээ хэлэх ёстой Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарыг хүрэлцэн ирнэ гэсэн хүлээлт байгааг нуух юун. Төрийн мэдлийн хүүхэд асрах ганц байгууллагынхаа нүүр царай, тэнд өсч, хүмүүжиж буй хүүхдүүдийн хүмүүжил, төлөвшлийг та бүхэн энэхүү урлагийн тайлан тоглолтоор харах болно. Үнэнтэй нүүр тул. Үнэхээр хүүхдийн эсрэг хүчирхийллийн төлөө сэтгэл зүрх, тэмцлээ зориулж байгаа бол тус төвд хүмүүжиж буй хүүхдүүдэд урам хайрла.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга хүүхэд асрах байгууллагын хүүхдүүдийн тайлан тоглолтыг үзлээ гээд нийгэм даяараа сэлгүүцлээ гэж зүхэхгүй. Харин ч таниар бахархах болно Хүүхдийн төлөө за гэж хэлэхээсээ илүүтэй цаг, зав гаргаад тус төвд хүмүүжиж буй хүүхдүүдтэй уулзаж учраад сэтгэлийн дэм хайрлавал монгол жудаг талаасаа ч гоё харагдана. УИХ-ын даргын хувьд ч хүүхдийн асуудал энэ тэргүүнд байх ёстой.

Тиймээс төрийн гурван өндөрлөг хүүхдийн төлөө гар гараасаа бариад “Өнөр бүл хүүхдийн төв”-ийн хүүхдүүдийн “Бид эх орны ирээдүй” урлагийн тоглолт дээр уулзана гэдэгт итгэлтэй байна. Тэд Монгол Улсын ирээдүй гэж итгэлтэйгээр хэлж чадаж байна. Харин тэр ирээдүйд та хэрхэн урам хайрлах вэ. Өнөр бүл хүүхдийн төвийн урлагийн тайлан тоглолт дээр таниас би үүнд хариулт авья.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!