ХҮКИЙН БУЯНААР ХҮНСНИЙ НОГОО, НИЙТИЙН ТЭЭВЭР НЬ ХЯТАДЫН ЭЗЭМШИЛД ОРОХ НЬ

-Асуудлын ар дахь аалзны тор одоогоор тодорхойгүй ч монголчууд бидний идэх хүнсний ногоог монгол газар шороон дээр хятадууд тариалж, хөл дүүжлэх нийтийн тээврийг мөн хятадууд эзэмших нь ил болж байна-

У.Хүрэлсүх, түүний  ихэр болоод ижил цэцгүүд Хятадын компаниудын төлөөлөл аятай авирласаар байна. Саяхан Засгийн газрын хэрэг эрхлэх газраас өгсөн чиглэлийн дагуу Нийслэлийн нутаг дэвсгэрийн 50 га газарт хүлэмжийн аж ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын Тяньжин Фүүдс компанид өгөхөөр хотын мэр С.Амарсайхан тэргүүтнүүд улайран зүтгэсэн. Харин НИТХ-ын төлөөлөгчдийн хүчтэй эсэргүүцлийг давж чадалгүй унахдаа “Би ийм юм яриагүй, намайг гүтгэж байна” хэмээн гүлдийж байсан ч яг л хулгайч нохой мэт авирлан энэ сарын 10-ны өдөр нууцаар зөвшөөрөл өгсөн бололтой. “Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмж барих хүмүүс өнгөрсөн долоо хоногт ирээд газраа үзсэн бөгөөд энэ долоо хоногоос барилгын ажлаа эхэлж, ирэх зургадугаар сарын 5-наас сууриа тавина. С.Амарсайхан худлаа ярьж, иргэдийг төөрөгдүүлж байгаа гэдгийг Монголын хүлэмжийн аж ахуй эрхлэгчид өчигдөр мэдэгдлээ. Хятад тариаланчид ямар  ногоо тарих болон хэрэглэх технологи, бордоо зэрэг нь тодорхойгүйгээс гадна цаашид 300 га хүртэл газарт хүлэмжийн үйлдвэрлэл эрхэлж, улмаар гадаа задгай талбайд тариалалт хийж дотоодын хэрэгцээг бүрэн хангана гэсэн төлөвлөгөөтэй байгаа гэнэ. У.Хүрэлсүхийн дэмжлэгийг авч, ХХААХҮ-ийн сайдаар цохолт хийлгэн, өнгөрөгч 10-ны өдөр нууцаар зөвшөөрөл өгсөн энэхүү ажил ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, МАН-ын генсэк Д.Амарбаясгалан, Хотын захирагч С.Амарсайхан нарын хамтарсан “бизнес” гэж байгаа. Тэдний “Бизнес” гэдэг нь эдгээр нөхөд “Тяньжин Фүүдс” ХХК-ийн хүлэмжийн аж ахуйгаас тогтмол хувь хүртэхээс гадна Хүүкийн дэмжлэг, Ч.Улаан сайдын цохолт, хулгайн замаар шахам өгсөн зөвшөөрөл зэргээ асар өндрөөр үнэлэн авлигал авсан гэгдэж байна. Ийнхүү монгол ногоочдоо дампууруулан байж хүнсний аюулгүй байдлаа бусдын гарт атгуулж, улмаар дотоодын болон импортын нийлүүлэлтээ зөвхөн нэг улсын мэдэлд өгч байгаа ЗАСАГ НОЁД дараагийн ХЯТАД төлөвлөгөө рүүгээ ханцуй шамаллаа.  

Тэд тун удахгүй утаагүй Улаанбаатар болох шинэ мэргэн санаа хэмээн хийрхээд БНХАУ-аас 1200 ширхэг цахилгаан автобус оруулж ирэх нь. Хотын хэмжээнд үйлчилгээнд гарч байгаа 900 гаруй автобусны 50 хувь нь 2020 он гэхэд үйлчилгээ үзүүлэх боломжгүй хэмээн Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалангаар мэдэгдэл хийлгэж байсан нь ийм учиртай байж. Өдгөө Монгол Улсын хэмжээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг 22 аж ахуйн нэгж бий бөгөөд нийлээд 1000-1200 автобустай гэдэг. Тэдгээрээс хоёр нь Төрийн өмчийнх, бусад нь хувийн автобус компаниуд аж. Хувийн автобус компаниуд парк шинэчлэлт огтхон ч хийж чадахгүй байгаа, цаашид ч чадахгүй нь тодорхой хэмээн шүүмжлэлтэй хандаж байсан нөхдийн тэрхүү шүүмжлэлийн цаана Хятадад үйлдвэрлэсэн 1200 автобусыг концессын гэрээгээр оруулж ирэх далд шунал нуугдаж байж. Энэ асуудал Засгийн газрын түвшинд мөн аль хэдийнэ шийдэгдсэн бөгөөд хүсэлт нь Засгийн газрын тохируулагч агентлаг Үндэсний хөгжлийн газрын даргын ширээнээ шийдлээ хүлээж буй гэнэ. Үндэсний хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан гэгч нь МАН-ын генсэк Д.Амарбаясгалангийн хүн гэгддэг болохоор мөн л хотын мэр С.Амарсайханы аягласан шиг хулгайч муурын замаар ч болтугай шийдэгдээд гараад ирэх нь тодорхой. Монгол ногоочдоо шахаж, зах зээлийг нь булааж буй шигээ автобус компаниудаа шахан, үүнийгээ “Автобуснууд хэтэрхий утаатай байна. Түлшний чанар дэндүү муу. Бүх автобусандаа шүүлтүүр тавья гэвэл бараг 25 тэрбум төгрөг хэрэгтэй. Автобус замын нэгдүгээр эгнээгээр зорчиж, иргэд болон хүүхдийн амьсгалах түвшинд утаа гаргаж байгаа учраас мөнгө хайрлахгүй шүүлтүүр тавимаар байгаа ч бид үнийг нь дийлэхгүй байна. Ямартаа ч том оврын дизель автобусуудыг хотын төвөөр зорчуулах боломжгүй нь ээ, уучлаарай” гээд л болоо. Хятадын 1200 автобус шахах концессын гэрээний ард Хотын захирагч С.Амарсайхан, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар, Тусгаар тогтнолын ордон, Сүхбаатар дүүргийн ЗДТГ-ын барилгын ажлыг гүйцэтгэж компаниа хөл дээр нь босгосон “Өндөрбуянт” компанийн захирал Н.Төмөрхүү нар байгаа учраас шийдэл нь мөн л гэрлийн хурдаар гэнэ. Өөр эх сурвалжийн хэлж байгаагаар Хятадуудад нийтийн тээврээ атгуулж буй энэхүү концессын гэрээний ард “монгол ялна” уриат Ерөнхийлөгч байгаа бөгөөд Д.Сумъяабазар, С.Амарсайхан нар зөвхөн гүйцэтгэгч төдий юм байх. Удахгүй тэдний пиарчид хөдөлж “Улаанбаатар утаанаас салахын тулд 1200 ширхэг утаагүй автобустай болох нь, браво, дэмжээрэй, дэмжихгүй нь хужаа шүү” гэлцэх нь… Ямартай ч энэ бүх асуудлын ар дахь аалзны тор одоогоор тодорхойгүй ч монголчууд бидний идэх хүнсний ногоог монгол газар шороон дээр хятадууд тариалж, хөл дүүжлэх нийтийн тээврийг мөн хятадууд эзэмших нь ил болж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!