Д.Сарангэрэл: Эмч нарын цалинг бус орлогыг нэмэгдүүлэхээр зохицуулалт хийнэ

0
1913

Хүйтний улирал эхэлж байгаатай холбогдуулан Баянзүрх дүүргийн эмнэлгүүдийн томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлэх бэлтгэл ажлын явцтай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл танилцав. Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төв ачааллаа дийлдэггүй, хүнд суртал гаргадаг, эмч нар нь ёс суртахуунгүй, харилцааны соёлгүй хэмээн эмнэлгээр үйлчлүүлэгчид гомдоллосоор Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг угтлаа. Сайд лабораторийн хаалгаар ормогцоо үзлэгийн цагаа хүлээн суугаа жирэмсэн эхчүүдийн амар мэндийг асууж, хүндрэл бэрхшээл бий эсэхийг асуутал ёстой л загтнасан газрыг нь маажив гэлтэй дээрх гомдлыг хэлж эхэлсэн юм. Өглөө эрт үзлэгийн цаг эхэлдэг ч өдөржин хүлээлгэдэг, зарим тохиолдолд 2-3 өдрөөр ч нааш цааш явах үе гардаг гэнэ. Мөн олноор нь үүдэндээ суулгачихаад жишим ч үгүй өрөөндөө ганцаараа суудаг хэмээн тэд бухимдлаа илэрхийлэв.

Амбулаторийн эмч үзлэгийн цагийг 2, 5 өдрүүдэд тарааж, тогтсон цагт үзлэг хийдэг талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлд учирласан. Гэвч сайд иргэдийн бухимдлыг хүлээн авч, өөрийгөө өмөөрсөн эмчийг зэмлэж, эмнэлгийн удирдлагуудыг дотоод зохион байгуулалтаа сайжруулж, асуудлаа шийдвэрлэхийг үүрэгдэв. Жирэмсэн эх өдөржин өрөөний үүд сахидгаас уурлаж бухимдах нь аргагүй. Нөгөөтэйгүүр, жирэмсэн эх сэтгэл санааны хувьд тогтворгүй, бухимдал ихтэй байдгийг эмч мэргэжилтэй хүмүүс байж ухамсарлаж, ёс зүйтэй харилцаж байхыг ч сануулаад амжсан. Түүнчлэн амбулаторийнхоо нэг цэгийн үйлчилгээг сайжруулж, хүний нөөц, зохион байгуулалтад яаралтай анхаарал хандуулж, арга хэмжээ авч, эргэж мэдэгдэхийг хатуухан хэлэв.

Баянзүрх дүүргийн хувьд 320 гаруй мянган хүн амтай бөгөөд 70 гаруй хувь нь гэр хорооллынхон. Мөн утааны бүс нутаг гэгддэг тул амьсгалын замаар өвчлөгсөд олон. Эмнэлгийн хүрэлцээ ч муу гэдгийг дүүргийн эрүүл мэндийн төвийн дарга Ж.Энхзул танилцуулсан. Салбар амбулатори-2 нь 20 их эмч, 21 сувилагч тусгай мэргэжилтэн, 6 үйлчилгээний ажилтан, нийт 47 ажиллагсадтай. Хэвтэн эмчлүүлддэггүй. Гэсэн ч ачаалал өндөр. Хүүхдийн тасгийн эмч л гэхэд өдөрт 20-30 хүүхэд үздэг. Томуу томуу төст өвчний дэгдэлт ихтэй өвлийн улиралд өдөрт 50-60 хүүхэд үзэх нь энүүхэнд гэнэ. Тэглээ гээд түүнд нэмэгдэл цалин хөлс олгогддоггүй. Уг нь нэг хүүхдэд үзлэг хийхэд 15-20 минут зарцуулах учиртай ч 5 минутаас хэтэрч чаддаггүй зовлонгоо ч тэрбээр хэлж байсан юм.

Сайд эмч нар цалингаа нэмүүлэх шаардлага тавьж байгааг буруушаадаггүй харин ч асуудлыг шийдвэрлэхийн төлөө бүхий л боломжит хувилбарыг судалж байгаагаа дуулгасан. Юуны түрүүнд оноос өмнө төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн нэмэгдэл олгохоор болсныг тэдэнд сонордуулсан. Мэдээж үүнийг гал унтраах гэсэн ядмаг арга гэж битгий хүлээж аваарай гэдгийг ч учирласан юм. Зүй нь манай улс эдийн засгийн хүндрэлээ даван туулахын тулд ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдсан. Хөтөлбөрт хамрагдахын тулд хэд хэдэн болзлыг хүлээн авсаны нэг нь цалинг нэмэгдүүлэхгүй байх. Тэглээ гээд гурван жил гараа хумхиад суух биш нэр томьёог өөрчлөх байдлаар  эмч нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхээр зорьж байгаа. Тухайлбал, эмч, эмнэлгийн ажилтнуудын орлогыг нэмэгдүүлэх байдлаар Засгийн газрын түвшинд асуудлыг оруулсан гэж Д.Сарангэрэл сайд салбарынхандаа шивнэсэн.

Мөн дүүргийн эмнэлгүүдийн төсвийг нэмэгдүүлж байгаа аж. Жишээ нь, Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төвийн тухайд 3.9 тэрбум төгрөгийн төсөвтэй байсныг 300 саяар нэмэгдүүлж шийдвэрлүүлэхээр тусгасан. Улмаар аливаа нэмэгдлийг дээрээс лүндэнддэг бус харин тухайн байгууллагад нь эрхийг нь өгөх нь зүйтэй гэсэн байр суурь баримтилна гэж мэдэгдлээ. Өөрөөр хэлбэл, өдөрт 10 хүн үзсэн ч, 20 хүн үзсэн ч ижил цалин авдаг биш. Тухайн эмчийн хөдөлмөрийн үнэлэмжээр нь урамшуулал, цалинг олгодог байх системийг бий болгох. Үүнийг Засгийн газар, эсвэл яам бус тухайн дүүргийн эмнэлэг дотроо шийдвэрлэнэ. Товчхондоо, төсвөө захиран зарцуулах эрхийг нь олгох шийдлийг эрүүл мэндийн сайд баримтлахаа танилцуулсан. Эмнэлгийн удирдлагууд, эмч, ажилчид ч түүний үгийг талархан хүлээн авсан юм. Тэгж байж, эмч нарын хөдөлмөр үнэлэгдэж, эмч, мэргэжилтнүүдийн ажлын үнэмлэмж дээшилнэ гэдгийг ч тэд хэлсэн юм. Түүнчлэн эмнэлгүүдийн өөрийн олсон нэмэлт орлогыг 100 хувь тухайн байгууллагад нь үлдээж байх шийдлийг ч сайд танилцуулсан. Гэхдээ энэ шийдвэр нь төсөвт бүрдүүлэх мөнгөтэй хамааралгүй болохыг тодотгосон юм.

1974 онд баригдаж, ашиглалтад орсон байр өдгөө ч хэвээрээ гэтэл тэр үеийн хүн ам өнөөдөр хэд дахин өссөн тул эмч нарын ачаалал хэт өндөр болсон. Мөн тоног төхөөрөмж дутагдалтай байдгийг ч хэлж байлаа. Тухайлбал, томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед утлагын аппарат хүрэлцдэггүй. Мөн улавч, ариутгагчнаас эхлээд хэрэгцээ шаардлагатай олон зүйлээр гачигддаг гэж Ж.Энхзул дарга хэлсэн. Сайд зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэж өгсний нэг нь утлагын аппарат. Ханиад, томууны үед хамгийн хэрэгцээтэй байдаг энэ төхөөрөмжийг тус дүүргийн Эрүүл мэндийн төвд үдээс хойш хүлээлгэн өгөхөөр болсонд тухайн эмч, эмнэлгийн ажилтнуудын магнай тэнийв.

Түүнчлэн уулзалтын үеэр хөндөгдсөн нэг чухал сэдэв нь илүү цагийн хөлс байлаа. Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед эмч нар ачаалал ихтэй, дээр нь уртасгасан цагаар ажиллах нь энгийн үзэгдэл. Гэтэл нэмэгдэл цагийн хөлсөө өнгөрсөн хугацаанд авч байгаагүй гэнэ. Улаанбурхан өвчин дэгдэлтийн үед мөн л ийм асуудал гарч, тухайн үед УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл эмч нарын илүү цагийн нэмэгдлийг шийдэж өгч байсан тул зовлон ойлгодог тул түүнд энэ асуудлыг эцэслэж өгөхийг хүслээ.

Баянзүрх дүүргийн эрүүл мэндийн төв ханиад томуунаас урьдчилан сэргийлэхийн тулд өмнөх нөхцөл байдлуудаас сургамж авч, энэ жил өргөтгөсөн баг гаргаж ажиллуулахаар болжээ. 25 хүний бүрэлдэхүүнтэй эл баг дөрөв хуваагдаж, худалдааны төв, сургууль, цэцэрлэгээр урьдчилан сэргийлэх заавар зөвлөгөө өгч ажиллах гэнэ. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр өвдсөнийнх нь дараа эмчлэх бус урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахаар ажиллаж байгаа нь энэ. Тэр дундаа тухайн дүүргийн хувьд эмзэг бүлгийнхэн олон. Тэдгээрийн дунд хүүхдүүдийн эзлэх хувь ч чамлахааргүй тул тэднийг хоол тэжээлээр хангаж, витаминжуулах шаардлага ч үүсдэг байна.

Эрүүл мэндийн сайд нэг ч оргүй хэмээн буцааж, эсвэл кордорт газар хэвтүүлж болохгүй. Иймээс дотоод нөөц бололцоогоо бүрэн дүүрэн ашиглаж, шаардлагатай тохиолдолд том хүний орыг ч ашиглахаар зохицуулахыг сануулсан.

Иргэдийг хамгийн их бухимдуулж байгаа асуудлын нэг нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлэг хувьд шилжсэнтэй холбоотой тул үзлэг хийхэд 5000 төгрөг нэхэж, өгөхгүй бол үзэхгүй байна гэх гомдол сайдад ирсэн байна. Эмнэлгийн удирдлагуудаас энэ талаар лавлахад үгүйсгэж байсан ч иргэдийн гомдлын мөрөөр мөшгиж, асуудлыг гаргаж тавин, дахин ийм асуудал гарахгүй байхыг эмнэлгийн удирдлагуудад хатуухан санууллаа.

Ямартай ч сайд ажлаа аваад тав хонож байгаа ч хэд хэдэн асуудлыг шийдвэрлэж, салбарынхантайгаа зовлон жаргалаа хуваалцан ярилцаж байгаад эмч, эмнэлгийн ажилчид талархалтай байлаа. Мөн иргэдийн үгийг сонсч, тэдний санаа бодлыг хуваалцан, асуудлыг шийдвэрлэх арга замыг эрэлхийлж байгаад нь иргэд баярласнаа давхар илэрхийлсэн.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!