ХЭЗЭЭ Ч МОНГОЛЫН ТӨЛӨӨ БАЙГААГҮЙ Ч.САЙХАНБИЛЭГ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАХ НЬ

Улсын ерөнхий прокурорын тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг анхаарал татсан хэргүүдийг хянаж, шүүхэд шилжүүлэхээр болсон байна.

Хянагдсан хэргүүдийн дунд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн холбогдох хэрэг байсан бөгөөд түүнийг яллагдагчаар татах саналыг үндэслэлтэй гэж үзжээ.

Монголын залуучуудын холбооноос угшилтай тэрбээр сургалтын төрийн сангийн тэтгэлгээр Жорж Вашингтоны хуулийн сургуульд суралцаж, улмаар Ц.Элбэгдорж болоод түүний нөхөдтэй нэгдэн АНУ-ын эрх ашгийг хамгаалсан бодлого баримталсаар ирсэн. Хэдийгээр АНУ-тай эдийн засаг, геополитикийн найрсаг харилцаатай ч Монгол улсад халгаатай асуудлуудад Ч.Сайханбилэг үргэлж хувийн тоглолт хийсээр халаагаа өгсөн нөхөр.

Монгол улсад 7 тэрбум долларын хохирол учруулсан Дубайн гэрээний гүйцэтгэгч нь тэр. Ерөнхий Сайдын тамгыг атгамагц Дубайд очиж Оюутолгойн далд уурхайг санхүүжүүлэх гэрээг 2015 оны тавдугаар сард яаран сандран үзэглэсэн. Ингэхдээ Ц.Элбэгдорж, С.Баярцогт, Ч.Сайханбилэг нар хуйвалдан Рио Тинтогийн ерөнхий захирлын Лондон дахь гэрт анх тохироогоо хийсэн гэдэг. Тус гэрээ батлагдсанаар зээл, зээлийн хүүгийн зардал өсч Оюутолгой төслөөс Монголын талын авах ногдол ашиг 2048 он хүртэл 0 хувь болж, татварт ногдох орлого буурсан. Үндсэндээ 8.1 тэрбум ам.долларын зээлийн өртэй болж, Монголын газар нутаг, ашигт малтмалын орд газрууд гадныхны барьцаанд ороод байгаа.

Нөгөөтэйгүүр 2016 онд АСЕМ-ыг даргалах, 11 дэх удаагийн Дээд түвшний уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах нэрээр татварын маш их мөнгийг хяналтгүйгээр үрсэн нь аудитаар илэрсэн. Дархан цаазат Богдхан уулын Төрийн тусгай хамгаалалттай газар болох Их тэнгэр цогцолборын газраас АСЕМ-ын нэрээр 7.4 га газрыг бусдын нэр дээр шилжүүлэх замаар өөрийн болгох оролдлого хийсэн. Улмаар 2016 оны УИХ-ын сонгуулийн санал хураах өдөртэй уралдан “Эрдэнэт” үйлдвэрийн Оросын талын 49 хувийг Монголын тал авсан гэх худал мэдээллийг мөн л Ерөнхий сайд Ч.Сайханбилэг хийж байв.

Энэ мэтчилэн гадныхны тэжээвэр байж, хэзээ ч Монголын төлөө зүрх сэтгэл нь цохилж үзээгүй, хатуухан хэлэхэд бүх шийдвэр тогтоол нь Үндэснийхээ эрх ашгийн эсрэг байсан Ч.Сайханбилэг тэргүүтэй нөхөд яллагдагч болон хариуцлага хүлээх нь тодорхой болж байна.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!