ЦЭРГИЙН АЛБА ХААЖ ҮЗЭЭГҮЙ НӨХӨРТ БАТЛАН ХАМГААЛАХЫН САЛБАР ХАТУУДААД БАЙНА

-ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЗЛЭГТ ТЭНЦЭЭД ТАТАГДСАН ХҮҮ ХҮНД ХАГАЛГААНД ОРТЛОО ЯАГААД БЭРТЭВ-

Р.САРУУЛ

Ерөнхий сайд аа, ээж аавдаа үнсүүлээд эх орноо хамгаална гээд ердөө 14-хэн хоногийн өмнө цэрэгт мордсон хүү эрүүл мэндээрээ хохирч амь нас нь дээсэн дөрөөн дээр байна.

Тодруулбал, энэ сарын 1-ний өдөр Ховд  аймгийн Зэвсэгт хүчний 123 дугаар ангид цэргийн албанд  татагдан очсон 18 настай залуу “Дунд чөмөг хугарсан” гэх оноштойгоор өчигдөр 18:00 цагт яаралтай хагалгаанд орлоо. Түүнийг тус ангийн дарга, салаан дарга нар нь цэргийг онгоцоор авч ирсэн бөгөөд ар гэрийнхэнд нь “Гүйж байгаад асфальтан зам дээр унаснаас болж бэртсэн. Ямар ч гадны нөлөөгүй шүү” гэсэн тайлбар тавьсан байна.

Эрүүл саруул “Хүү нь албаа нэр төртэйгээр хаагаад ирнээ” хэмээн
ээж аавдаа үнсүүлээд явсан 18-хан настай хүү очоод 20 ч хоноогүй байж аймшигтай бэртэл авсан нь ар гэрийнхэнд нь хүндээр тусч, өөрсдийгөө хамгаалсан тайлбараар аргацаасан дарга нарт итгэхгүй нь ойлгомжтой. Эв эрүүл байж цэргийн албанд тэнцсэн хэрнээ гэнэтхэн гүйж байгаад унаснаас үүдэж дунд чөмөг хугарсан гэхэд хүн итгэх үү. Өнгөрсөн хугацаанд армид хэчнээн залуус амиа алдаж, хэд нь тахир дутуу болж хохиров. Өнгөрсөн хоёрдугаар сард гэхэд л 19-хөн настай хүү цэргийн албанд очоод амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Хүүг амиа алдсаны дараа ордны сэтгүүлчид Батлан хамгаалахын сайд Н.Энхболдоос энэ тухай лавлахад “Та нар баримтыг нь гарга” хэмээн зандарч байсан удаатай. Түүний үг олны дургуйцлийг хүргэж салбартаа эцэг хүний ёсоор ханддаггүйгээс болж олон хөвгүүд амиа алдаж, амьдралаа алдатлаа бэртэж гэмтэж байна хэмээн Ерөнхий сайдаас түүнийг огцруулахыг шаардав байв. Ямартай ч дархлагдсан сайд аа, нийгэм өөрчлөгдсөн. Хүн үхэж байхад, амьдрал зогсож байхад, ёс суртахуун нуран унаж байхад юу ч болоогүй аятай суудалдаа шигдэж өөрсдийгөө хаацайлдаг цаг чинь ард хоцорсон. Энэ удаад БХ-ын сайд Н.Энхболд огцрохгүй үлдвэл ийм үйл явдал хаа нэгтээ дахин давтагдаж, дахин нэг аавын хүү амиа алдахыг үгүйсгэхгүй. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүх та энэ асуудалд ул суурьтай хандаж салбараа зөв менежментээр удирдаж чадахгүй байгаа Н.Энхболдыгоо огцруулж мэргэжлийн боловсон хүчнээр хангаж ажиллахгүй бол маш олон залуус амь нас, эрүүл мэндээрээ хохирч, олон аав ээжийн гомдол цөхрөл, харууслын нулимс тасрахгүй нь.


Notice: Undefined variable: fields in /home/tuvmn1/niigmiintoli.mn/wp-content/themes/Newspaper/includes/wp_booster/comments.php on line 64

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!