Новосибирскийн Техникийн их сургууль Орос хэлний боловсролыг дээшлүүлэхэд хамтран ажиллана

0
20

Новосибирскийн Техникийн их сургуульд /НТУИС/ Монгол оюутнууд сурч эхэлсний 40 жилийн ойн хүрээнд “Орос хэлний өдөр” фестиваль нийслэл хотноо энэ сарын 24-25-ны өдрүүдэд болж байна. УИХ-ын гишүүн, Монгол-Оросын Парламентын бүлгийн дэд дарга, НТУИС төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Саранчимэгийн санаачлагаар ОХУ-ын Боловсролын яам санхүүжүүлэн Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Новосибирскийн техникийн улсын их сургуулийн Монгол дахь төгсөгчдийн холбоо, Новосибирскийн техникийн улсын их суруулийн эрдэмтэн багш нар хамтран энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа юм.

УИХ-ын гишүүн, Монгол-Оросын Парламентын бүлгийн дэд дарга, НТУИС төгсөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Саранчимэг, УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа нар НГТУ-гийн багш нарын төлөөлөлтэй уулзсан. Уулзалтын үеэр НТУИС-ийн эрдэмтэн багш нар Монгол улсад Орос хэлний боловсролыг дээшлүүлэх, багш нарын мэргэжил дээшлүүлэх, бакалавр магистр, докторын зэргийн сургалт болон богино хугацааны зуны сургалт, бэлтгэл факультетийг байгуулах чиглэлээр манай улсад судалгаа хийх, орос хэлний багш нарт арга зүйн зөвлөгөө өгөх чиглэлээр хамтран ажиллахад бэлэн байна гэлээ. УИХ-ын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц. Цогзолмаа хариу талархан илэрхийлэн хамтын ажиллагаа эхлүүлэхэд бүх талаар дэмжин ажиллахаа мэдэгдэв.

Новосибирскийн Техникийн их сургууль Монгол улсын Шинжлэх ухаан, технологийн их сургуультай ойр дотно ажиллахаар төлөвлөж байгаа бөгөөд үүнд НТУИС төгсөгчдийн холбооны дэмжлэг чухал гэдгийг онцолсон байна.

Сэтгэгдэл үлдээх

Please enter your comment!