Асар их юанын сураг тэднийг нэгтгэсэн байж мэдэх юм

Улстөрийн бодлогыг шоронгоор залруулдаггүй юм байна. Улстөрд хатаагдсан хүнийг шорон хүмүүжүүлдэггүй юм билээ… Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалаас бууснаас хойхно хэвлэлд өгсөн ярилцлагадаа ингэж хэлж байв.

Н.Энхбаярыг гозолзуулчихаад, эргээд өршөөл үзүүлж сулласан үйл ажиллагааны дүгнэлт шиг энэ үгний эзэн өдгөө өөрөө шалгагдаж байгаа. Гэхдээ сүүлийн үест мань хөгшний улс төрийн амьдрал идэвхжиж, нөөлөгт нь Лу.Гантөмөр нарын буруу зөрүүгийн үйлдэл дэлгэгдэн, эгээтэй л “ачигдахаас” наагуур шуугиулж байна.

Хууль зүйн сайд асан Ц.Нямдоржийн “Ерөнхийлөгч бол бурхны суудал. Эндээс буусан нөхөд улстөртэй зууралдах хэрэггүй. Тэд эргээд улстөр хутган үймүүлж байна. Одоогийн энэ Ерөнхийлөгч бол бүр ч их үймээн дэгдээнэ дээ” хэмээн Ц.Элбэгдоржид хандан хэлж байсан үгс өнөө биеллээ олж. Ер нь ч түүний хэлснээр Ц.Элбэгдорж халаагаа өгснөөс гурван жилийн дараа намын гишүүнчлэлээ сэргээн, улстөрд эргэн ирж байгаагаа мэдэгдсэн. Товчхондоо тэр Ц.Нямдоржийн хэлсэнчлэн “Үймээн дэгдээх”-ээр ирсэн гэсэн үг.

Одоо бол улстөрийн орчинд үймээн дэгддэгээ дэгдээд нэлээд ширүүхэн өдрүүд өнгөрч буйг бид харж байна.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр ажиллаж байхдаа Х.Баттулгад холбогдох төмөр замын хэргийг мандааж, Баянгол зочид буудалд хууль хүчнийхэн нэгжлэг хийн, Х.Баттулгын эзэмшдэг компанийн бичиг баримтыг битүүмжилж байсан удаатай.

Хариуд нь Х.Баттулга Ерөнхийлөгч болсныхоо дараа Ц.Элбэгдоржид холбогдох 178 хуудас материалыг шалгаж өгөхийг хүссэнээр Нийслэлийн Прокурорын газраас Ц.Элбэгдоржид эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татсаныг тухайн үеийн хэвлэлийн хуудаснаас харчихаж болох байх.

Оймсоо гозолзуулахаас өмнө амжиж хилийн дээс алхсан Ц.Элбэгдорж “Х.Баттулга архаг хулгайчийн зангаа гаргаж байна. Би хулгайчдыг үнэрээр нь танина. Өөрийнхөө бүх хулгайг надад тохох гэж байна. Өөрөө хулгай хийчихээд хамтрагч татдаг аргатай хүн. Х.Баттулгатай итгэл үнэмшлээрээ ажиллах хүн олдохгүй. Х.Баттулгад хүний нөөц байхгүй. Х.Баттулгад хулгайчийн нөөц л бий” гэж байв.

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн албан тушаалаа өгөхдөө ширээн дээрээ Х.Баттулгад захидал хаяглаад үлдээсэн гэдэг ч захидлын утга санаа мань өвгөдийн цээжинд л үлдсэн байх.

Ц.Элбэгдоржийн хувьд намын гишүүнчлэлээ сэргээсний дараа хууччуулаа эргэн нэгдэхийг уриалж, хуучин гэр чинь халуун дулаанаар угтана хэмээн ухуулж байв. С.Эрдэнийн балгаар Ж.Батзандан, Л.Болд, Н.Алтанхуяг тэргүүлсэн олон гишүүн намаасаа татгалзан, зарим нь шинэ улс төрийн хүчин байгуулсан бол зарим нэг нь ганцаарчилсан тоглолт хийн манаргаж яваа. Тэдэн дунд МАН-ын хаалга татсан холион бантан ч бий.

Өдгөө Л.Гантөмөрийн гараар АН-ыг удирдаж буй Ц.Элбэгдорж Нийслэлийн намын хороог Э.Бат-Үүлд өгөхөөр тохироо хийсэн бол Н.Алтанхуяг ирэх сонгуулийн өмнө намын гишүүнчлэлээ сэргээн орж ирнэ гэгдэж байна. Харин Х.Баттулгын хувьд тэд ойлголцоно гэдэг юу л бол. Ойлголцохдоо хүрвэл хэн хэн нь үнэт зүйлсээ гээж, нааш харж инээн цааш харж уйлалдсаар нэгдэх биз. Улстөрд мөнхийн эрх ашиг байхаас мөнхийн дайсагнал, мөнхийн нөхөрлөл гэж байдаггүйгээс хойш өвгөдийн хөөрөг зөрүүлэлцэх хошин драмыг Үндэсний их баяр наадмын өмнө, эсвэл хойхно үзэж ч мэдэх юм.

Боловсролын зээлийн сангийн мэдээллийг ил болгосноор МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг үймж байгаа. Сангийн мэдээллийг хэдэн сарын өмнө ил болгосон ч О.Батнайрамдалаар дахин сэвүүлэх санааг МАН-ын даргын албан бус зөвлөх гэгддэг Х.Баттулгын зүгээс гаргасан гэлцдэг. Үүгээр Л.Гантөмөрт сануулга өгч, нам доторх эсэргүүцэгчдээ номхруулж ав хэмээн албан бус зөвлөхийн зүгээс зөвлөсөн ч ажиллагааны дүн эсрэгээрээ эргэн Сү.Батболд болоод Архангай, Говь-Алтайнхны бүлэглэл, тэр дундаа MCS-ийн хүрэн малгайтнуудын хилэнг хөдөлгөж орхисон бололтой.

Гэхдээ үүнийг эсрэгээр нь харж, тайлбарлах хэсэг бүлэг мөн байна.

Өөрөөр хэлбэл, Ц.Элбэгдорж, Х.Баттулга нар хэдийнэ ойлголцолд хүрч, Лу.Гантөмөрийн булхайг дэлгэх нэрийн дор дээр дурьдагдсан фракцуудыг дотроос нь түймэрдэж байж мэдэх гэнэ. Магадгүй л таамаг. Хоёр том хөршийн зөвлөлдөөнөөс гуравдагч, дөрөвдөгч хөршүүдийн оролцоог багасгахын тулд нармай Монголыг өөд татах асар их хэмжээний юанын сураг адгийн тэнэгийг ч хэлэлцээрийн ширээний ард суулгаж дөнгөх биз. Ингээд харвал ямар ч үед царайны хувирал үзүүлдэггүй гүлдгэр нүүрийг АН-ын даргын суудалд залсны учир ч ойлгомжтой болж байна.  

Үүнтэй зэрэгцэн М.Энхболдын фракц элсний нүүдэл шиг чимээгүйхэн ирж явааг мартаж болохгүй.

М.Энхболд, Ц.Элбэгдорж нар нэг зоосны хоёр тал. Тэдний гинжин хэлхээ энэ зуундаа, энэ их юанын сураг чимээний өмнө тасарч унах нь юу л бол.

Орчуулах »