Бүлэглэлүүдийн хүсэл хангагдахгүй бол бойкот үргэлжилнэ

“Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийх албатай юм уу” хэмээн ундууцаж суусан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн магнай тэнийжээ. Эрх баригчид улс төрийн намын тухай хуулийн төслөөр барьцаалж, жижиг намуудыг хөдөлгөн Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжүүлэхээр болсон нь хэнд ч ойлгомжтой байв.

Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж эхлэхээр чуулганы хуралдаанаар өөр асуудал хэлэлцдэггүй. Тиймээс Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэн баталж, жижиг намуудыг татан буулгах уу, эсвэл хамтрах уу гэх тулгалт хийгдсэн хэрэг.

Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслийг УИХ-ын сонгууль болохоос нэг жилийн өмнө батлах учиртай. Гэтэл тавдугаар сар гарч, талдаа орох шахаж.

Зургадугаар сарын 20-н гэхэд хуулийн төслийг хэлэлцэн баталж Г.Занданшатар алх цохисон байх эрх зүйн зохицуулалт хаяанд тулчихаад байхад МАН-ын нөлөө бүхий фракцид тооцогддог Сү.Батболдын “бүлэглэл” Үндсэн хуулийн өөрчлөлтийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн нээнтэг тавиадахлаа.

Д.Цогтбаатар УИХ-ын гишүүдийг дархан эрхээсээ татгалзах хэрэгтэйг сануулж, Б.Энхбаяр өөрийн нь эзгүйд байнгын хороогоор нь хууль бус тогтоол гаргуулсан асуудлаар Г.Занданшатарын хоолойд “хутга тулгасан” гэхчлэн хэрэндээ л юм юм болов.

Эцэстээ тохироонд хүрч Сү.Батболдын фракци УИХ-ын сонгуулийн намын нэрийн жагсаалт болон тойргийн мандат хуваарилалтад 30-40 хувьтайгаар оролцох хэлэлцээрт хүрсэн байна.

Ингээд Засгийн газраас Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн хуулийн төслийг өргөн мэдүүлэхдээ зөвхөн сонгуулийн тогтолцоо болон гишүүдийн тоог нэмэх хоёрхон өөрчлөлт хийлгэхээр Г.Занданшатарт атгуулав.

УИХ нэг танхимтай байна.

УИХ-ын гишүүдийн 76-г мажоритар, 76-г пропорциональ аргаар сонгох заалтыг Үндсэн хуульд оруулна гэсэн үг. Үүнээс өөр ганц ч заалт тусгагдсангүй. Өнөөх хүний эрх, Үндсэн хуулийн Цэцтэй холбоотой хэсгүүд хаа нэгтээ хаягдчихаж.

Холимог тогтолцоо МАН-д хамгийн уршигтайг тэртээх он цаг гэрчилнэ. Энэ талаар Ц.Даваасүрэн ганцаар хашгичиж буй ч хэн ч түүнийг нохойн хуцалтын чинээнд тоож сонсохгүй байна.

Найман удаагийн сонгуулийн 7-г мажоритар системээр зохион байгуулсны 5-д МАН ялж, ганц удаагийн холимог хувилбараар явуулсан сонгуульд УИХ дахь бүлгээ ч байгуулж чадахгүй болтол арчигдсан түүх тэдэнд бий.

Хэлэлцүүлгийн явцад гишүүдийн тоо, холимог тогтолцооны харьцаа өөрчлөгдөх боломжтой бөгөөд МАН тэр үед л жинхэнэ хөзрийн модоо гаргана даа хэмээн улстөр сонирхогчид тооцоолж байна. Магадгүй тэр үед өнөөдрийн бойкот хийж байсан Сү.Батболдын фракц тэргүүтэн залруулах боломжгүй гэмшилд ч хүрч мэдэх.  

УИХ-ын гишүүдийн тоог 152 болгосноор улстөрийн намуудын төлөөллөөс парламентад сонгогдох боломж бүрдэнэ гэсэн мухар тооцоолол жижиг намуудыг чих зөөлөнтэй болгоод буй нь үнэн. Эрх баригчид ч ингэж харж буй учраас МАН-ын зарим гишүүдийн туслах, зөвлөхүүд төдийгүй залуучуудын байгууллагын хэд хэдэн хүн хэдийнэ өөр улстөрийн намуудын гишүүнчлэлд багтчихсан бал цаас болж явна. Тэд тэндээсээ нэр дэвшинэ, намын нэрийн жагсаалтад нь эрэмбэлэгдэх гэнэ. Юмыг яаж мэдэхэв болж, хэдэн суудлын ялгаа гарвал элсүүлэн авч, эгнээгээ тэлэх холын бодлыг МАН өвөртөлсөн ч юм билүү, хэн мэдлээ.

ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс гээд эрх баригчдыг тойрсон хулгай мундахгүй.

Тэр бүрт холбогдсон нөхдийг нэр дэвшүүлэхгүй гэвэл хүний нөөцийн дутагдал МАН-д нүүрлэхгүй ч лидерийн дутмагшил болно. Тиймээс болзошгүй эрсдлийг ийн тооцож, улстөрийн жижиг намуудад тэмдэгт нөхдөө тараан байршуулж буй нь энэ байх магадлал өндөр.

Элдэв хулгайтай нэр холбогдсон гишүүдийг эрэмбэлэн заримыг тойрогт, заримыг намын нэрийн жагсаалт гэх байдлаар онооно. Тэр нь дотроо намын дотоод дахь бүлэг, фракцийн эрэмбээр дахиад урд хойноо орох тул бүлэг фракциудын дажин хэдийнэ эхэлчихэж.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн “Намын нэрийн жагсаалтын араас баахан хүн орох хүсэл мөрөөдөлд автчихсан. Зарим нь бүр бодолдоо уярчихаад яваад байна” гэсэн нь үүнийг батлах биз.

АН-ын хувьд Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг үггүй зөвшөөрч, хариуд нь 60х40 хувилбарыг илүүд үзэж байгаа. 40 нь жагсаалтаар, 60 нь тойргоос гэсэн үг.

Намын дарга Лу.Гантөмөрт Х.Баттулга, С.Эрдэнэ нар найр тавьж, нэг нь гэрчилгээ, нөгөө нь тамгаа барьж ирсний учир хэдийнэ ил болсон.

С.Баярцогтыг зайлуулуулан байж Лу.Гантөмөрийг гаргаж ирсэн хүн бол Х.Баттулга. Улсын Дээд шүүхийн бүртгэл ч түүний гавьяа. Тиймээс намын нэрийн жагсаалтад түүний нөлөө нэлээд жин дарж байгаа. Тэрбээр А.Адьяасүрэн, Ш.Адьшаа, О.Цогтгэрэл, И.Мөнхжаргал, Д.Батханд нарын нэрийг намын нэрсийн жагсаалтад оруулахаар урьдчилсан байдлаар өгсөн гэгдэж байна.

Үүнтэй зэрэгцэн эрх баригч намын удирдлагуудаас УИХ-ын гишүүн асан С.Эрдэнэ, УИХ-ын дэд дарга С.Одонтуяа, Д.Ганбат тэргүүтний нэрийг бичсэн дугтуй ирүүлсэн гэх мэдээллийг эх сурвалжаас өгөв. Гэхдээ эдгээр нэрс нь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн дайвар юм байх.

МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн тухайд төдийлөн хэн хэнийг нь дэмжихгүй байгаа ч Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийе гэвэл У.Хүрэлсүхийн саналыг хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Тэгэхээр С.Эрдэнэ тамгаа барин гүйж очсоны цаад шалтгаан энэ биз.

С.Одонтуяагийн тухайд бусадтай бүлэглэн гаалийн бичиг баримт хуурамчаар үйлдсэн гэх хэрэгт яллагдагчаар татагдсан гэгдэж байгаа. АТГ-аас бүрэн эрхийг нь түдгэлзүүлэн шалгах хүсэлт өгөхөөр бэлдсэн ч дээрх тохиролцооны хүрээнд гацаанд орчихоод байгаа талаар парламентын гишүүд шивэр авир хийж байна.  

Д.Ганбатын хувьд Х.Баттулгын эрин үед шадарлаж явсан ч сүүлд С.Эрдэнийг дагах болсон. О.Цогтгэрэл, Д.Ганбат нарын нэгийгээ зодсон, гүтгэсэн гэх хэрэг нь хуулийн байгууллагад одоо ч шалгагдаж байгаа.

Д.Ганбат “Та нарыг аргагүйн эрхэнд энэ өөрчлөлтийг оруулж ирж байна гэж ойлгож байна. Найман жил болоход энэ өөрчлөлтөө эртхэн хийж байх байсан юм” гээд “Та сумын төвд жижүүр хийж байгаад Ерөнхий сайд болно гэдэг чинь мундаг байна шүү дээ” гэсэн нь Гүйцэтгэх засаглалын тэргүүнд таалагдаагүй.

Хариуд нь Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Үнэн байж сурах хэрэгтэй. Өрөөнд орж ирэхээрээ зөв, дэмжиж байна гэчихээд энд орж ирэхээрээ буруу ч юм биш үү гэх юм” гээд “Дотроо хүсээд байдаг, гаднаа ичээд байдаг. Хүний гараар могой бариулах гэдэг шиг байхаар том өөрчлөлт хийж чадахгүй. АН үнэхээр дэмжээд ирсэн юм бол дэмжсэн шиг дэмжих хэрэгтэй” гэсэн нь тэд хөшигний ард нэлээдгүй зүйл тохиролцсоныг илтгэж буй юм.

Үүнийг Б.Пүрэвдорж гишүүний “Улс төрийн хоёр том нам хоорондоо ярих зүйл байлгүй л яахав. Гэхдээ арай хэтрээд байгаа юм биш үү” гэсэн нь давхар батлах биз.

Ямартай ч улстөрийн нам, бүлэглэлүүд тохиролцоонд хүрсэн гэгдэж буй ч энэ амралтын өдрүүдэд дахиад л үл ойлголцол үүссэн гэх мэдээллийг эх сурвалжаас өгч байна. Өөрөөр хэлбэл, зарим нэг буюу Сү.Батболдын бүлэглэлийн тохироонд илтэд дургүйцсэн хэсэг нь бойкот үзүүлж болзошгүй нөхцөл үүссэн бололтой…

Орчуулах »