Хэдэн хүний ярианд хичнээн жил “задлан” хийх гэсэн юм бол, ТЕГ

Улс орны үндэсний аюулгүй байдлыг тагнуулын аргаар хангах үндсэн чиг үүрэг бүхий төрийн тусгай байгууллага болох Тагнуулын ерөнхий газар маань дахиад л мөнөөх “мөрөөдлийн схем”-тэй зууралдаад эхэлчихэж.  

“60 тэрбумын схем” гээчийг зурсан ч зорилтот ажил болгоогүй тэнэглэлийн араас 10 жил хөөцөлдөж, амтай болгоныг байцаан, цагдан хорьж байсан тэд энэ удаад “мөрөөдлийн сценари”-т оролцсон гэх IT инженерийг цагдан хорьсон юм байх. Уг нь тухайн үед төрийн албанд орсон ажилтан, албан тушаалтан бүрээс мэдүүлэг аваад баримт битгий хэл сэжүүр ч олоогүй гэлцэж байв.

Гэтэл өдгөө дахиад л өнөөх улигт хэрэг…

Сонгууль бүрийн өмнө “60 тэрбум”-ын гэх мөрөөдлийн сценарийг гаргаж ирж таардаг нь, хэн нэгнийг цагдан хорьж, залхаан цээрлүүлдэг нь улстөрийн шоглоом шиг харагдах боллоо. Ядаж байхад хэргийг зөвхөн Тагнуулын ерөнхий газарт шалгаж байгаа гэсэн атлаа цагдан хоригдсон нөхрийн нэр усыг бүтнээр, бараг регистрийн дугаар, гэрийн хаягтай юутай нь бичих нь холгүй мэдээлчихсэн байгаа нь Тагнуулын ерөнхий газарт итгэх олон нийтийн итгэлийг сулруулж байна, П.Одонбаатар дарга аа!!!

Тэрчлэн өнөөх мэдээллийг хэн нэгэн фэйсбүүк компанид ам.доллараар төлбөр төлөөд спонсорлуулчихсан тарааж байгаа нь захиалгат ажил шиг муухай харагдаж байна.  

Мэдээллийн агуулга нь ч “60 тэрбумын хэрэгт update хийнэ” гэчихсэн байгаа нь сошиал орчинд олны шүүмжлэлийг дагуулж байгаа юм.

Зориуд тараагдаж буй эл мэдээллийн дор “Update хийх гэж байгаа нь энэ гээд арай энэ цаг үеийнх нь ажлын багаж хэрэгслүүдийг хурааж шившиг болоогүй байлгүй дээ”, “10 жилийн өмнөх компьютер, нөүтбүүк, ipad тухайн үедээ “мөрөөдлийн схемийг” шалгах ажлын хэсгийнхэнд хураагддагаа хураагдаад, баримт болоод үлдчихээгүй юм уу” “10 жилийн өмнөх гар утасны загвар одоогийнхоос огт ондоо штээ, арай сүүлийн үеийн загварын утсуудыг 10 жилийн өмнөх хэрэгт холбогдуулаад хурааж ониг болжаам биш биз” гэх сэтгэгдлүүд дүүрэн байгаа нь 60 тэрбумын гэх хэрэгт олон нийт ач холбогдол өгөхөө больчихсоныг харуулж байна. Арга ч үгүй биз. Албаны дарга, газрын дарга нарын гэрээс сейф сейфээрээ бэлэн мөнгө хураагдаад байхад мөрөөдлөө бичсэн төдий халтар хултар хоосон тооны хэрэг хэнд ч сонин байх билээ.

Харин ч эсрэгээрээ хэдэн хүний тойрч ярьсан ярианд 10 жилийн турш задлан шинжилгээ хийж, түүнийг нь хэн нэгэн мэдээ болгоод мөнгө төлөн түгээнэ гэдэг сонгууль ойртсон энэ өдрүүдэд захиалгат гэж хардагдахаас өөр яалтай ч билээ…

Орчуулах »