Шүүхийн шийдвэргүй хоригдогсдоор 461 дүүрч, дэлхийн шившиг боллоо У.Хүрэлсүх ээ!!!

Шүүгчийн дээр мөрдөгч заларч, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн цаг үе дээр Шүүх байгууллага эрх мэдэлгүй болоод зогсохгүй прокурор, мөрдөн, улстөрч гэх гурван толгойт “мангас”-ын саварт амь тавьж мэдэх нь. Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдогсод 461 гээч хорих ангийг дүүргэж, өдөр бүр гэмтэй гэмгүй сайхан залуусаа машин машинаар нь аваачин “асгаж” байна, У.Хүрэлсүх ээ!!!

Алгын чинээхэн нутаг дэвсгэрт хилийн хориг, цахим гав гээчүүдээ ашиглаад мөрдөн шалгаж болох байтал бөөн бөөнөөр нь аваачиж хорьдог тэнэглэлээрээ дэлхийн шившиг боллоо, улс орон чинь.

Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах ажиллагаа хэрээс хэтэрч, ур чадвар дутмаг мөрдөгчийн хувийн тоглолт шахуу болчихлоо. Гартаа барьсан баримт, нотолгоогүй атлаа 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангиар шалгагдаж байгаа хэмээн “хүчээр” нааж ирээд баривчилдаг болсонд өмгөөлөгч нар шүүмжлэлтэй хандаж байна. Нотолгоогүй атлаа хувийн тоглолт, таамгаар 8-аас дээш жилийн хорих ялтай зүйл ангид хүчээр хамааруулж цагдан хорьж буй тохиолдол хэдэн зуугаараа байна, цаана чинь!!! Улмаар баримтгүйгээр, үндэслэлгүйгээр хорьчихсондоо бантаад байцаалт мэдүүлгээр ороож унагахын төлөө улайрсан мөрдөгчид улай үзсэн хэрээ шиг гаарлаа гэдгийг ч хуулийнхан хэлж байна. Үүнийг Хүний эрхийн үндэсний комиссоос баталж, адгийн тэнэг ч ойлгохоор тоо баримт дурьдан, хамар дор чинь илтгэл тавиад өглөө, Ерөнхийлөгч өө!!!

Цагдан хорих 461 дүгээр анги чинь бөөнөөр хорих лагер шиг болчихлоо хэмээн халаглах илтгэлд гадны ажиглагчид цочирдож байна.

Ерөнхийлөгч өө, хэзээнээс эхлээд шүүхийн шийдвэргүйгээр цагдан хорих явдлыг ингэтэл улангасан урьтал болгодог болчихов… Хичнээн нь баримт нотолгоо бүрдээгүйгээр 30, 30 хоногоор сунгагдан хоригдож байна вэ?! Шүүгч нар чинь Тагнуулын ерөнхий газар, Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа хэрэг гэхээр л сүнс сүлдгүй болтлоо айдаг болчихсныг анзаарсан уу?!… Тэднийг алхаа аятайхан цохиорой, чадахгүй бол ажлаа өгөөрэй гэж хэн айлгадаг болчихов оо?!… Эрхэм Ерөнхийлөгч та анхаарал тавьж, шүүх эрх мэдлийн эрх үүрэг, сүр хүчийг нэмэхгүй бол энэ байгууллага чинь устаж үгүй боллоо. У.Хүрэлсүх та, дүүргийн шүүхийн байруудаар хөл тавьж үзсэн үү… Ажилсаг малчны малын пүнзнээс дор байранд тэд чинь ажиллаж, онц ноцтой хэргийн материалуудаа хадгалчих олигтойхон өрөө байтугай сейф ч байдаггүйг мэдэх үү?

ШҮҮХ чинь байгаа нэртэй байхгүй байгууллага болов…

Өнгөрөгч чуулганы нэгдсэн хуралдаанд Хүний эрхийн Үндэсний Комисс онц ноцтой илтгэлийг тавилаа. Дэлхийн шившиг болохоосоо өмнө илтгэлийн халуун мөрөөр ажиллаж, яг одоо 461 дүгээр хаалттай хорих ангид шүүхийн шийдвэргүйгээр, тодорхой баримт үндэслэлгүйгээр хоригдчихоод байгаа залуусын дуу хоолойг очоод сонсооч!!!

Энэ улсын эцэг биз дээ, та… Өмгөөлөгч нарт өөрсдөд нь ӨМГӨӨЛӨЛ, ХАМГААЛАЛ хэрэгтэй болчихсныг мэдэж байгаа юу. Тэдэнд ил тод нээлттэй, шударга мэтгэлцэх зарчим алдагдаж, мөрдөгч прокурорууд нь хавтаст хэргүүдээ өндөг шиг дарж хэвтсээр шүүхийн шат руу боогоод шидчихэж байна. Эцэстээ, захын нэг мөрдөгч өмгөөлөгч рүү хашгирч, зүхэл урсгадаг болсон нь гашуун үнэн юм.

Хүний эрхийн үндэсний комисст сүүлийн таван жилийн байдлаар нийт 4165 гомдол ирснээс халдашгүй чөлөөтэй байх эрхийн хүрээнд 722, эрүү шүүлтээс ангид байх эрхтэй холбоотой 157, хууль бусаар баривчлахтай холбоотой 61, хууль бусаар цагдан хорихтой холбоотой 257 гомдол ирчихсэн байна.

Хүний эрхийг дээдэлдэг нам, Засаг байна гэсэн амлалт чинь хаачив Л.Оюун-Эрдэнэ ээ?!

Иргэдийн чинь эрхзүйн байдал шалаар нэг болчихсон байхад эрх баригч намын хувь заяа ирэх сонгуулиар өнгөтэй, өөдтэй байж чадах уу?!…

2021 онд УИХ-ын чуулганаар Шүүхийн тухай багц хуулийг батлахдаа “Энэ цагаас эхлээд эзэнтэй шүүгч гэж байх ёсгүй, шүүгчдэд хуулиас өөр дарга байхгүй” хэмээн бардамнасан гишүүдийн чинь шүлс хатаагүй байгаа шүү.

Олон улсын, хараат бус хөндлөнгийн үнэлгээгээр Монгол Улс шүүхийн хараат бус байдлаараа дэлхийн 140 улсаас 120-д жагссан нь шившиг юм, У.Хүрэлсүх ээ!!!

Баривчлах ажиллагааны 98-99 хувь нь шүүхийн ямар ч шийдвэргүйгээр хийгдсэн гэх гутамшгаа засч залруулах цаг болоогүй юу..

Хэдхэн хоногийн өмнөх, дөрөвдүгээр сарын 10-ны орой ТЕГ-аас нэг иргэнийг шүүхийн шийдвэргүйгээр 48 цагаар саатуулж, улмаар 48 цагийг 30 хоног болгон цагдан хорих шүүх хурлыг зарлахаас хоёр, гуравхан цагийн өмнө яллагдагчийн тогтоол танилцуулсан гэх увайгүй жишээг өнөөдөр өмгөөлөгчид ярьж байна…

Гэрч гэж дуудуутаа сэжигтнээр хорьж, сэжигтнээр хорьж шоконд оруулмагцаа яллагдагч болгон “хурдны галт тэргэнд” суулгачихдаг Тагнуулын байгууллагатай улс Монголоос өөр хаана байна вэ, Ерөнхий сайд аа!!!

Хүчээр цагдан хориутаа яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулсан явдлыг хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэхгүй бол, өөр юу гэж үзэх вэ… Үүгээр тогтохгүй 30 хоног цагдан хорих шүүх хурал дээр прокурор нь хавтаст хэрэггүй орж ирж, үүнийг нь эсэргүүцсэн өмгөөлөгчийн өмнө “хавтаст хэрэг нь байсан, байсан… би танилцаж байгаад өрөөндөө орхичихож” гэж шүүгч нь алиатсан гэх ичгүүр сонжуургүй үзэгдлийг улстөрийн, тэр дундаа Ерөнхий сайдын захиалга юм биш байгаа гээд хардчихад болохгүй гэх газаргүй юм. Учир нь, Ерөнхий сайдаас өөр Тагнуулын ерөнхий газрыг хөдөлгөх хүч хаана, хэнд бий билээ. Ийм эмгэнэлт драмд шүүгч нар чинь гар бие оролцож, дүр бүтээж яваа юм биш байгаа У.Хүрэлсүх ээ!!!

Шүүгч нар прокурорын харцан дор алх цохиж, прокурор нь мөрдөгчдийн үзэгний үзүүрээр хөдөлж эхэлсэн цагт улс орон мөхөл рүүгээ явдаг гэдэг.

Тэгэхээр манай улс МАН-ын дангаар эрх барьж буй энэ цаг дор мөхөл, үхлийнхээ замаар ороод шуударчихсан яваа юм биш байгаа. Дээр дурьдсан эл кэйс нь Монголд мөрдөгч нар, тэр дундаа ТЕГ болоод АТГ-ын мөрдөгч нар шүүх, прокуроруудын дээр сандайлчихсан юм биш үү гэх шүүмжлэлт асуулгыг босгож ирж байна. Шүүх хуралд прокурор хавтаст хэрэггүй орж ирж байна гэдэг өөрөө эл хэрэг улстөрийн захиалгат гэж хардахаас өөрөөр харагдахгүй байгаа нь үнэн.

Шүүхийн шийдвэргүй цагдан хоригдсон иргэдийг аргаа барахдаа Хорих ангийн дарга нар нь сулласан олон жишээг Хүний эрхийн үндэсний комисс хэлж байна. Мөрдөгчид ийнхүү шүүхийн зөвшөөрөлгүйгээр бусдын эрх чөлөөнд халдаж, цагдан хорьсоор байх юм бол Шүүх байгууллага гэх данхар бүтцийг төсвөөс хооллох шаардлага байгаа юм уу?!  

Шүүгч нь хавтаст хэрэгтэй танилцдаггүй, прокурор нь хавтаст хэрэггүйгээр яллах санал барьчихсан орж ирдэг, мөрдөгч нь сэжигтэн гэгдсэн азгүй амьтныг Цагдан хоригдох хугацаанд нь баримт хайдаг, олдохгүй бол мэдүүлэг байцаалт нэрээр ороож, өөрөө өөрийг нь яллах тактик ашигладаг новшийн арга Монголын хууль хяналтынханд нутагшчихсан юм биш биз?!…

Улмаар баримт олдохгүй, цагдан хорьсноо нотолж чадахгүй болоод ирмэгц хэргийн ээдрээт байдал арилаагүй байна гэх утгагүй тайлбартайгаар үргэлжлүүлэн 30 хоногоор саатуулдаг байхыг ч үгүйсгэхгүй юм. Үүн дээр ч төвлөрч шалгах цаг нэгэнт болсон.

Тиймээс, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээ… Энэ улсын эцэг шиг зангараг зааж Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд анхаарал хандуулаад өг. Иргэдийн чинь эрхзүйн байдлыг дордуулан байж шалгадаг увайгүй хийрхэл газар авчихлаа.

Өмгөөлөгчдийн ярьж буй дээрх дөрөвдүгээр сарын 10-ны өдрийн гэх кэйсийг л татаад шалгачих. Хүний эрхийн үндэсний комиссын хэлээд буй ноцтой зөрчлийн бүх цуглуулгыг 2023.04.10-ны оройн 20-21 цагийн орчимд саатуулагдсан А гэх иргэний нөхцөл байдал дангаараа хангалттай харуулна гэж Өмгөөлөгчдийн холбоо даяар ярьж байна… Ямар учиртай цагдан хорио болоод Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлд дурьдагдсан бүх зөрчлийн “цуглуулга” гэгдээд байна вэ, Л.Оюун-Эрдэнэ ээ!!!

ТЕГ 48-хан цагийн дотор нэр бүхий иргэнийг гэрчээс сэжигтэн, сэжигтнээс яллагдагч болгон шуурхайлсны учир юув. Сэжигтнээр цагдан хорьж байгаад яллагдагчийн тогтоолд гарын үсэг зуруулах нь хүний эрхийн онц ноцтой зөрчил гэдгийг захын хуульч хэлж байгааг дахин сануулъя.

ХЭҮК-оос шүүх, прокурор, баривчлах байрны даргын шийдвэрээр суллагдсан 864 хүний хувийн хэрэгт дүн шинжилгээ хийхэд 2020-2022 онд баривчлагдаад суллагдсан нийт тохиолдлын 76.1 хувийг эзэлж байгаа нь эрх баригч нам хүний эрхийг дээдлэх бус эрхзүйн байдлыг нь улам бүр дордуулж буйн тод жишээ болох биз.

Тэрбайтугай баримтаар нотлогдоогүй байхад зүйл ангийг таамгаар тавьдаг, зүйл ангид 8-аас дээш хорих ялтай гэчихсэн байвал онц хүнд хэрэг гээд үг сүггүй хорьчихдог “ширэнгийн хууль”-иа яаралтай эргэн харж, ийм зүй бус байдлаар хохирсон иргэний хохирлыг тухайн хэргийн мөрдөгч, прокурор, шүүгчдээс гаргуулдаг, хатуу хариуцлага тооцдог болохгүй бол маргааш Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нар өөрсдөө ч 30, 30 хоногоор саатуулагдчихсан явж байж мэдэхээр байна.

Тиймээс дэлхийн шившиг болохоосоо өмнө анхааралдаа авч ажил хэрэг болго, У.Хүрэлсүх ээ!!!

Орчуулах »