Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг нь жам хойно…

Т.Бадамжунайг Монголд авчрахтай зэрэгцээд М.Энхболдыг төнхөх, түнших ажиллагаа чимээгүйхэн эхлэв бололтой. Харин хэний зүгээс, яах гэж?!…

Түүнд зориулж Тагнуулын ерөнхий газарт удирдлагуудын томилгоо явагдсан гэх мэдээлэл хоёр жил хагасын өмнө хэсэг цацагдаад намжсаныг уншигчид хараахан мартаагүй байх. 

Засгийн газрын 2020.09.02-ны өдрийн хуралдаанаар Тагнуулын ерөнхий газрын даргаар П.Одонбаатарыг, тэргүүн дэд даргаар А.Бат-Эрдэнийг, дэд даргаар С.Хүдэрчулууныг томилж байсан бөгөөд энэхүү удирдлагын багийг М.Энхболдын эсрэг бүрдүүлсэн гэгдэж байв.

Манлай уяач цолтой, хурандаа П.Одонбаатарын хувьд 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 25 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. Тэрбээр Тагнуулын ерөнхий газарт мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга, албаны дарга, газрын дарга, тэргүүн дэд даргаар ажиллаж байсан нэгэн юм.

Монгол Улсын алдарт уяач цолыг Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөс 2016 онд, манлай уяач цолыг Х.Баттулга Ерөнхийлөгчөөс 2021  онд гардаж байсан байдаг.

Аав Пэлжээ нь Дундговь аймагт прокурор, ээж Мөнхбаяр нь аймгийн музейд тайлбарлагчаас эрхлэгч хүртэл 26 жил ажиллаад сүүлд Цагаан суваргын жуулчны баазын захирал болж. П.Одонбаатарыг улс төрийн хүрээнийхэн Ерөнхийлөгч асан Х.Баттулгын хүн гэдэг. У.Хүрэлсүхийг Ерөнхий сайдаар ажиллаж, Х.Баттулгатай хуурай ах дүүсийн барилдлагатай байх үед томилогдсон тэрбээр Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газрын үед ч ажлаа айван, тайван хийж буй нь эл яриаг дэгс бишийг нотолж буй биз.

Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой. 1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 онд Тагнуулын ерөнхий газарт ахлах мөрдөн байцаагч, хэлтсийн дарга, 2008 оноос одоог хүртэл Тагнуулын ерөнхий газарт хэлтэс, газрын даргаар ажиллаж байгаа. Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон УИХ-ын дарга Г.Занданшатар нарын татаас гэх тодотголтой.

Дээрх албан тушаалд томилогдоод жилийн орлого нь 45410.68 мянгаас 82162.92 мянга болж хоёр дахин аривжсан байх бөгөөд АТГ-т мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Баялгийн хувь” ХХК-ийг эзэмшдэг гэсэн байгаа юм. Уг компанийн гүйцэтгэх захирал нь М.Отгонжаргал гэж бий. Монголхьюндай автомотив, УБТТС зэрэг компани түүний хамааралд бүртгэлтэй байсан ч нэрээ хасуулсан байгааг бүртгэлийн байгууллагын нээлттэй мэдээллээс харж болно. Харин Мэдээллийн технологи, программ хангамж эрхлэхээр үйл ажиллагаагаа тодорхойлсон Фиксерс ХХК, зар сурталчилгаа, уран сайхны баримтат кино бүтээх Эй Өү Эм студиос ХХК болон Монголжиргээчдийн нийгэмлэг төрийн бус байгууллагын гишүүнчлэл нь хэвээр байгаа.

Дэд дарга С.Хүдэрчулуун нь 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч, эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.  Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар тус тус ажиллаж байсан. Орлого, хадгаламж нь аривжсанаас үзвэл албан тушаал нь зохиж буйн шинж биз.

Ийм товч танилцуулгатай нөхдийг М.Энхболд, Т.Бадамжунай нарын нөлөөг бууруулах хэтийн “даалгавар”-тайгаар ТЕГ-ын толгойд залсан гэгддэг ч энэ нь улстөрийн хүрээнийхний сул яриа төдий юм.

Учир нь сонгууль хаяанд ирж, М.Энхболд хүчирхэгжиж байгаа нь Л.Оюун-Эрдэнэд таалагдахгүй байлаа ч Прокурор болоод Шүүхийн байгууллагыг хөдөлгөх хүч, эрх мэдэл түүнд дутна.

Тодорхой бүлэг нөхдийн хувьд Л.Оюун-Эрдэнийн ар дахь хадны мангаа гэгдээд буй Х.Баттулга М.Энхболдыг түлхэх үү, түших үү гэдэг сонирхлыг нь татаж буй нь үнэн.

Гэхдээ тэд Х.Баттулга, М.Энхболд хоёр цагтаа дэндүү дотно байсныг мартсан гэж баймгүй юм. Нөхөрлөлийн холбоос нь Т.Бадамжунай гэдгийг ч санах л учиртай. Т.Бадамжунайг хотын менежерээр ажиллаж байх он жилүүдэд Х.Баттулгын бизнес цэцэглэн хөгжиж байсныг тохиолдол гэж харвал жулдсан хэрэг болох биз.

Тэгээд ч 2012 онд АН Засгийн газрыг тэргүүлэхэд ХХААХҮ-ийн сайдаар Т.Бадамжунайгийн оронд Х.Баттулгыг томилуулахаар Ц.Элбэгдоржтой М.Энхболд орж уулзаж байсан гэх шуум одоо хэр олон түмний цайны хачир хэвээр яригдаж байна.

АН засагласан тэр он жилүүдэд МАН-ын гэх бүхэн хуулийн байгууллагын үүд сахиж байхад Т.Бадамжунай, М.Энхболд хоёр гэртээ самар цөмсөншээг сууж байсан нь Х.Баттулгын гавьяа биз.

Тэрбайтугай 2012 оны сонгуульд шоконд ортлоо ялагдсан МАН үүрээ тарамдуулсан шоргоолж шиг бужигнаж байхад М.Энхболдод намынх нь тамгыг тогтвортой атгуулсан хүнээр Х.Баттулгыг нэрлэж байв.

Ийм хэмжээний “нөхөрлөл” дундуур гүйсэн хар муур нь харин У.Хүрэлсүх байх. Жинтэйхэн гүйсэн хар муурны балгаар Х.Баттулга, М.Энхболд нар олон ч хүний бахыг ханатал эвдрэлцэж, хэсэгтээ уулзах байтугай нэгнийхээ сургийг дуулахаас ч ой нь гутаж байв.

Уг нь М.Энхболд Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Баттулгыг өөрөө захиалсан гэдэг. Захиалга ёсоор Х.Баттулга ялагдал хүлээх тохироотой байсан ч У.Хүрэлсүх тоглолтыг эргүүлж Х.Баттулгад Ерөнхийлөгч болох санал тавьсан гэж байгаа. Хүний шуналд хязгаар байх биш… Энэ чинь бүхэл бүтэн тусгаар улсын Ерөнхийлөгч болох санал шүү дээ…

Эл эвдрэлцээний дараа УАЗ-469 машинаар хил давсан Т.Бадамжунай хөөрхөн алаг шувуу гэгдсээр эргэн ирлээ.

Одоо тэд У.Хүрэлсүхийн эсрэг эвсэж мэдэхээр байна.

Х.Баттулгын хувь заяа дээсэн дөрөөн дээр байгаа энэ цагт нөлөөгөө алдалгүй намбайж суугаа М.Энхболд яалт ч үгүй хэрэгтэй. Тэд нэгдвэл хамгийн түрүүнд У.Хүрэлсүхээс энэ намыг бүрэн салгах акц хийх биз.

Хэт өндрөөс унах аюултай… Тиймээс У.Хүрэлсүх хөдөлгөөн хийж эхлэх нь цаг хугацааны л асуудал. Өт хүртэл биедээ хүрэхээр атирдаг нь жам хойно, гайхах юун.  

Үргэлжлэл бий…

Орчуулах »